ОБЕГ төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллана
Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах Үндэсний хөтөлбөр өнгөрсөн долоодугаар сард батлагдсан билээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлахтай холбогдуулан ОБЕГ-аас хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудын саналыг авах, чанар, үр дүнтэй, харилцан уялдаатай байх зорилготой уулзалт зохион байгуулав. Уулзалтын эхэнд ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т. Бадрал олон жижиг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байсан том асуудал ийнхүү Үндэсний хэмжээний хөтөлбөр болж батлагдсан нь амжилт юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурлаас тунхагласан Сэндайн баримт бичгийн хүрээнд энэхүү хөтөлбөрийг боловсруулсан. Төр захиргааны болон иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд гээд бүх шатанд гамшгийн эрсдэлийг бууруулахад идэвхтэй хамтран ажиллах зайлшгүй шаардлага, нөхцөл байдал нэгэнт бий болсон. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил цаашид тодорхой эзэнтэй, шалгуур үзүүлэлттэй, тоон үзүүлэлтээс гадна тооцож болдоггүй үр дүнг үнэлэн дүгнэх механизмтай, хяналт мониторингтой байх зэрэг олон зарчмыг суулгасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө батлахад төрийн бус байгууллагууд тодорхой санал өгөн, үр дүнтэй ажиллахыг уриалав.
Энэ үеэр төрийн бус байгууллагуудаас төрийн үүргийг иргэний нийгэмд шилжүүлэх тухай олон жил ярьж байгаа боловч хэрэгждэггүй, санхүүжилт тодорхойгүй, сайн дурын шинжтэй байдаг, нийслэл, орон нутгийн төр захиргааны байгууллагууд төдийлөн дэмждэггүй тухай нийтлэг санал хэлсэн. Ингээд саналыг бичгээр өгч, хамгийн гол нь үр дүнтэй, мэдээлэлтэй, бие биенээ дэмжин ажиллах механизмаа тодорхойлов.
Төрийн бус байгууллагуудаас гарсан өөр нэг чухал санаа төрийн байгууллагуудын боловсон хүчний тогтворгүй, мэргэшилгүй байдал хамтран ажиллахад бэрхшээл болдог тухай байв. Бүх шатны сургалт, сургуулийн өмнөх болон их дээд сургуулийн хөтөлбөрийг үр дүнтэй болгох, багш, сургагчид мэргэжлийн болон мэргэшсэн байхын чухлыг онцлон ярьцгаасан. Гамшиг осол болсон үед хүнд хэцүүг ярихаасаа өмнө нь ач холбогдол өгч, хавсарга шинжтэй яваад байгааг шүүмжилж, энэ талаар олон нийтийн санаа бодол, нийгмийн сэтгэл зүйг өөрчлөн чиглүүлэхэд ажил, анхаарал төвлөрүүлэх нь зүйтэй тухай санал хэлж байв.