Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг талцуулж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Гишүүдийн олонхи нь авлига, хээл хахуулийн гэх хэдхэн хүний хэргээр барьцаалж энгийн иргэдийг хохироох, дахин багагүй хүлээлт үүсгэх эрсдлийг оновчтой аргаар шийдвэрлэх нь зүйтэй гэцгээж байлаа.
Ардчилсан нам/АН/, Монгол ардын нам/МАН/ Ерөнхийлөгчийн хоригийг үнэмлэхүй саналаар хүлээн авч, дэмжихээ мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч гишүүд энэхүү асуудалд өөр өөрийн байр суурийг илэрхийлэн багагүй маргаан үүсч, ширүүхэн үг хэлж, ховор баримтуудыг ч дэлгэж байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Цагдаа, Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага сөрөг байр суурьтай нөхдөө шалгаад сэжигтэн болгоод сурчихсан. Энэхүү улс төрийн зөрчил, хэлмэгдлээс гарах ганц арга зам нь Өршөөлийн хууль юм. Үнэндээ хээл, хахуулийн хэргээр хоригдож байгаа 40-өөд л хүн байгаа шүү дээ. Гэхдээ бүх авлига, хээл хахуулийн хэргийг шалгах ёстой. “Чингис бонд”, “Самурай бонд”-ын зарцуулалтыг ч шалгах ёстой. Одоо 1500 хүний шоронг 40 гаруй тэрбум төгрөгөөр барьж байна. Энэ бол 40 цэцэрлэг барих мөнгө.
Ял эдлэж байгаа 2020 хүнийг өршөөгөөд суллалаа гэхэд 20 цэцэрлэг барих мөнгө сул ороод ирнэ. Н.Энхбаярын хэрэгт энэ хэрэг ямар ч хамаагүй. Хамгийн гол нь гарсан хэрэгт бүх анхаарлаа хандуулах бус гэмт хэрэг ялангуяа авлига, албан тушаалын хэрэг гарахаас сэргийлэх нь зүйтэй гэсэн юм.
Үүнийг сонссон Х.Тэмүүжин гишүүн “Та нар ингэж улстөржиж, жүжиг тавихаа болих хэрэгтэй. Одоо ийм зүйл ярих байсан бол Эрүүгийн хуулийг батлах нь зүйтэй байсан” гэж байлаа.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: “Үнэндээ Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг талцуулж байна. Ерөнхийлөгч хүн эв эеийг эрхэмлэдэг байтал иргэдээ ингэж талцуулж болохгүй. Улсад 350 тэрбум төгрөг завшсан хэрэгт 112 хүнийг шалгаж байгаа гэж АТГ-аас мэдэгдлээ. Эдгээр хүмүүсээ зарла.
Ерөнхийлөгчийн хоригийн зүйл заалт нь санал биш гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хэллээ. Санал биш юм бол бид энд хэлэлцэх шаардлага байна уу. Манай хуулийн байгууллага хохирогчгүй хэрэг дээр ажиллаад улмаар ялладаг. Прокурорын биед халдаагүй байхад минь намайг бүтэн найман сар шалгасан. Энэ бол хууль бус зүйл. Жирийн иргэд ийм зовлон туулж болохгүй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Хуулийн байгууллага хэн нэгний, нам эвслийн захиалгаар ажиллаж, өс хонзон авах хэрэгсэл болсон нь 100 хувь УИХ-ын буруу. Авлигачдыг өршөөхгүй гэдгээр жирийн иргэдийг барьцаалж болохгүй. Эрүүгийн хуулиа яаралтай шинэчлэх хэрэгтэй.
УИХ-ын дарга З.Энхболд: Өршөөлийн хуулийг ганцхан АН-ын гишүүд баталчихсан юм биш. Бүх намын гишүүд л дэмжиж, кноп дарсан шүү дээ. Өршөөлийн хуульд тавьсан хоригоор хоригдож байгаа болон шалгагдаж байгаа хүмүүсийг өршөөхөө больчихвол 160-хан хүн л өршөөгдөх юм. Тиймээс зайлшгүй засвар хэрэгтэй. Эрүүгийн хуулиа баталчихаад Өршөөлийн хуулиа эргэн харж батлах нь зүйтэй. Би өмнө нь ч энэ байр суурийг илэрхийлж байсан. Харин гишүүд намайг дэмжээгүй.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Хоригийг хүлээж авна гэдгээ манай бүлэг мэдэгдсэн. Анхнаас нь манай бүлэг авлига, албан тушаалын хэргийг өршөөхийг дэмжээгүй. Энэ зунжингаа Өршөөлийн хуулийг тойроод монголын нийгмийг баллалаа. Тэртэй тэртэй тэргүй бухимдалтай байгаа хүмүүсийг бүр бухимдуулж орхилоо. Зургаан сайдыг хөөгөөд асуудлаа Ардын намгүйгээр аваад явна гэж Ардчилсан нам/АН/-ынхэн хэлээд байсан, гэтэл яав.
Төрийн гурван өндөрлөг АН-аас сонгогдсон. Ийм асуудал дээр бодлогоо нэгтгээд оруулж ирж чаддаггүй юм уу. Крыловын цурхай, хун, яст мэлхий шиг гурван тийшээ харчихсан байх юм. Ингэж монголын нийгэм, гишүүдийг талцуулж байх хэрэг юу байна. Олон нийтэд энэ чинь зөв харагдахгүй л байна.
Монголын нийгмийг талцуулаад, бүгдээрээ шударга болж харагдахын төлөө өрсөлдөөн яваад байх юм. Эхлээд АН хуулиа гаргачихсан мөртлөө дараа нь бүлгээрээ хоригийг хүлээж авна гэж жүжиг тавьж байх юм. Та нар засаглаж чадахгүй байна гэдгээ олон түмэнд хэлэх хэрэгтэй. Яаж ч та нар өөрсдийгөө өмгөөлөөд чадахгүй байна. Ингэсээр байгаад бие биеийнхээ дээр гарах гэсээр байгаад монголын төрийг үрж дууслаа. Бодлогоо ер нь та нар зангидаж нэгтгэж чадахгүй байна. Үүний дараа юу болох бол, яах бол гэдгээ та нар харж чадахгүй дэврхэг шиг зүгээр л үсрээд байна. Аль намын ямар хүн өршөөлд хамрагдах гээд байгааг ил тод зарлах хэрэгтэй" гэлээ.
Эцэст нь хэлэхэд хэвлэл мэдээллийнхний таамаглаж байснаар Шударга ёс эвслийн бүлгээс хуультай холбоотой асуудлаар тав хоногийн завсарлага авснаар хуралдаан өнгөрлөө.