Зэс, нүүрсний үнэ үргэлжлэн унасаар
Дэлхийн зах зээл дээрх шинэ долоо хоногийн арилжаа эхлэнгүүт гол түүхий эд зэс болон хөнгөн цагааны үнийн уналт эрчимжлээ.
Лондонгийн Металын зах дээр өчигдөр өдрийн 13 цагийн байдлаар 3 сарын дараа хүргэлт хийгдэх гэрээний үнэ 2.6 хувиар буурч, тонн зэс 4922.5 ам доллараар арилжаалагдаж эхэллээ. Энэ нь 2009 оны 7 дугаар сараас хойш гараагүй доод үнэ болоод байгааг мэргэжилтнүүд онцолж байна. 2015 он гарснаас хойшхи 8 сарын хугацаанд зэсийн үнэ нийт 22 хувиар унаад байна.
Жилийн нийт дүнгээр үнэ буурсан байдлаар нь авч үзвэл 3 дахь жилдээ дараалан зэсийн зах зээл дээрх ханш буурч байна. Хөнгөн цагааны хувьд ч мөн үнэ нь хямдарсаар байгаа юм. Өнөөдрийн арилжаагаар 1.3 хувиар суларч тонны үнэ нь 1528.8 ам доллар боллоо.
Мөн л 2009 оны зунаас хойш буюу 8 дугаар сараас хойш гараагүй доод цэгт хүрээд байгааг Блүүмберг тэмдэглэсэн. Хэрвээ уналт энэ хурдаар унасаар байвал монголын эдийн засагт ч гэсэн муугаар нөлөөлж мэдэх юм.
Учир нь энэ бүхний бүх зангилаа Хятадын эдийн засгийн нөхцөл байдал дээрдэхгүй байгаатай холбон гол түүхий эдийн үнэ улам бүр доошилж байгаа юм. Цаашлавал “Өнөөдөр бүх зүйл дарамтанд ороод байна. Асуудлын гол эзэн нь Хятад” хэмээн Сидней Эйерс Аллианс компанийн хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Жонаттан Барратт хэлжээ.
Түүний хэлсэн энэ өгүүлбэрээс болон бусад шинжээчидийн хэлж байгаа тайлбарт үндэслэн харахад түүхий эдийн зах зээл дээр газрын тос, зэс, нүүрснээс эхлээд бараг бүх гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ унаж, мөн томоохон хөрөнгийн зах зээлүүд дээр огцом савалгаа гарч уналт үүсч байгаа нь зөвхөн Хятадын эдийн засгийн нөхцөл байдал сул байгаагаас шууд хамааралтай гэдэг нь тодорхой харагдаж байна гэдгийг онцлов.
Энэ бол бидэнд маш хүндээр тусах мэдээ. Учир нь хөрш айлдаа худалдах гол бараа нь зэс нүүрс гэдгийг хэн хүн мэднэ. Гэтэл барааны минь унаад байхад бид огт хөдлөхгүй, ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь үнэхээр хачирхалтай. Тэгсэн хэрнээ амнаас нь хэдэн үг унавал 2012 эдийн засгийн өсөлтөө ярих нь тэр.
Уг нь тухайн үед Австрали улс үерт автангууд гол нийлүүлэгчээ түр алдсан өмнөд хөрш ойрхон гэдгээр нь манайхыг сонгосон төдий л зүйл.
Өөрөөр хэлбэл хөрш дэлгүүр түр амралт аваад хаалгаа барих хооронд үйлчлүүлэгчид тэр хооронд таны дэлгүүрээр үйлчлүүлсэн л гэсэн үг. Гэтэл дэлхий эдийн засагт үнэхээр том өөрчлөлт, хөдөлгөөнүүд болж байхад манайх гэж хэдхэн хүний хооронд л хов зөөсөн байдалтай байгаа нь үнэхээр инээдтэй байна шүү ордны нөхдөө