Эрчим хүчний сайд Д.Зоригтын "Coal Mongolia 2015"-д тавьсан илтгэл
Эрчим хүчний сайд Д.Зоригт
2015.04.10

Эрчим хүчний сайд Д.Зоригтын "Coal Mongolia 2015"-д тавьсан илтгэл

“Coal Mongolia 2015” чуулга уулзалтын хоёр дахь өдрийн эхний илтгэлийг Эрчим хүчний сайд Д.Зоригт тавилаа. Тэрээр "Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд - Экспортын боломж" сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, энэ салбар дахь хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинд гарч буй өөрчлөлт, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд ба концессын гэрээний талаарх түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хатагтай, ноёд ооЭрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Mining.mn портал сайт, Эрдэс Монгол Корпораци хамтран 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “COAL MONGOLIA 2015” чуулганы ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хүндэт зочид төлөөлөгчид та бүхэнд Эрчим хүчний яамны өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол улсын эрчим хүчний салбар Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай Улиастайн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Төвийн эрчим хүчний систем гэсэн 4 бие даасан дизель станцууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс бүрдэж байна.

Эрчим хүчний системүүдийн хэмжээгээр 2014 онд дулааны цахилгаан станцууд 5191.3 сая кВт.ц усан цахилгаан станц 66.3 сая кВт.ц  болон нар салхины эх үүсвэрээр 126.0 сая кВт.ц, дизель станцаар 8.32 сая кВт.ц буюу нийт  5392 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, импортоор 1396.9 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч хэрэглэгчдэдээ 4285.2 сая кВт.ц  цахилгаан эрчим хүч, 7186.4 мян.Гкал дулааны эрчим хүчийг түгээлээ.

Цахилгаан эрчим хүчнийхээ нийт хэрэгцээний 79.42 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20.58 хувийг импортоор авсан байна.

Усан цахилгаан станц, нар салхины станцын үйлдвэрлэл эрчим хүчний нийт хэрэглээний 3 орчим хувийг эзэлж байна.

Эх үүсвэрүүд

сая кВт.ц

%

Дулааны цахилгаан станц

5191.3

76.47

Дизель станц

8.32

0.12

Усан цахилгаан станц

66.3

0.98

Нар салхины цахилгаан станц

126

1.85

Импорт

1396.9

20.58

Нийт

6788.7

100

Хэдийгээр манай орны эрчим хүчний салбар нь хэвийн тогтвортойгоор ажиллаж, улс орны эрчим хүчний хэрэглээг өнөөгийн түвшинд найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байгаа боловч ойрын хугацаанд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд улс орны нийгэм, эдийн засгийн эрчимтэй хөгжилтэй уялдан бий болж байна.

Манай улсын эдийн засаг өсөхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилдээ 7-10 хувиар өсч байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс эрчим хүчнийхээ хорь орчим хувийг ОХУ, Хятад улсаас авч байгаа нь дотооддоо эрчим хүчний үйлдвэрлэл ихээхэн дутагдалтай байгааг харуулж байна. Цаашид ч эрчим хүчний эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэх төлөвтэй байна.

Шийдлийн Засгийн газар Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Эдийн засгийн хөгжлийг дэмжих боломжтой томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх, салбарын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашиг хэмнэлтийн бодлогыг гаргаж, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр боломжийг бүрдүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, Эрчим хүчний салбарын хөгжилд түлхэц болохуйц зах зээлийн шаардлагад нийцсэн, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц байх шаардлагын үүднээс Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

·  Метаны агууламжтай хийн хангамж, түүний бүтэц, хэрэглээ зэрэг цогц зохицуулалт,

·  Эрчим хүчний салбарын институц хоорондын харилцан уялдаа тэнцвэржүүлэлтийг хангах,

·  IPP буюу Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд баригдах эх үүсвэрийн харилцааг зохицуулах,

·  PPA буюу цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах,

·  Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж батлуулах.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний салбарт 2014-2015 онд ДЦС-3 ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл, ДЦС-4 ТӨХК-ийн трубин генераторын 123 МВт-ын өргөтгөлийн ажлыг дуусгаж, ашиглалтад оруулж, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Амгалангийн Дулааны станцын барилга, байгууламжийн ажлыг дуусгаж 2015 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Шийдлийн Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтын талаар тогтоол гаргав. Үүнд:

·  Багануурын нүүрсний уурхайг түшиглэн 700 Мвт-ын хүчин чадалтай ДЦС-ын концессын гэрээний хэлцлийг зохион байгуулж, гэрээг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгов.

·  БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх

·  Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховдын гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэв.

·  Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барихад Чингис бондоос 50 сая ам.доллар зарцуулах шийдвэр гарсан.

·  Мөн бүс нутгуудад баруун бүсийн Дорнодын, Багануурын, Шивээ-Овоогийн цахилгаан станцууд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдахаар төлөвлөгдөж байна.

·  Цайдам нуур, Бөөрөлжүүт, Чандганын станцууд эдгээрийг холбосон Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын 2 хэлхээт, Чойр-Сайншанд-Замын Үүдийн 220 кВ-ын, Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барих ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Манай орны эрчим хүчний салбарын хөгжлийн урт хугацааны стратегийн зорилтыг дэлхийн улсуудын эрчим хүчний хөгжил болон бүс нутаг, хөрш орнуудын эрчим хүчний хөгжилтэй нягт уялдуулж тодорхойлох нь даяарчлалын өнөөгийн үед зайлшгүй зүйл болж байна.

Дэлхийн эрчим хүчний балансын 2030 он хүртэлх таамагаас харахад Дэлхийн эрчим хүчний балансын % нь Зүүн хойд Азид төвлөрөх тооцоо байна.

Иймээс Монгол Улсад нүүрсний 15 сав газрын хүрээнд хамрагдах нийт 300 гаруй орд илрэл байгаа нь тогтоогдсон байдаг. 2015 оны байдлаар 173,3 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгээс нарийвчилсан хайгуулаар 23,5 тэрбум тонн нөөц батлагдсан байна. Эрчим хүчний арвин их нөөцтэй мана орны хувьд нүүрсний томоохон ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж, эрчим хүч үйлдвэрлэл эхний ээлжинд БНХАУлс болон Зүүн хойд Азийн орнуудад экспортлох бүрэн боломжтой.

Эрчим хүчний яамнаас Шивээ Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн 4800 МВт-ын цахилгаан станц барьж, эрчим хүч экспортлох төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Налга-Чойрын сав газарт орших Шивээ-Овоогийн нүүрсний орд нь хүрэн нүүрсний нөөц ихтэй, Эрчим хүч, төмөр зам авто замын дэд бүтэц сайн хөгжсөн, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой зэрэг давуу талуудтай.

Эдгээр тэргүүлэх чиглэлийг бодлого болгон хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хангах онцгой ач холбогдол бүхий эрчим хүчний салбарыг өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ тогтвортой хангасан, үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд хал багатай техник, технологийг нэвтрүүлсэн, хувийн хэвшлийг дэмжсэн, эрчим хүч экспортлох чадамж бүхий салбар болгон хөгжүүлэх болно.

Та бүхний ажил үйлс үргэлж өөдрөг байхыг хүсч, зөвлөлгөөнд амжилт хүсье!