Завхан аймгийн иргэдэд АНУ, БНСУ-ын эмч нар үзлэг оношилгоо хийлээ
2015.08.20

Завхан аймгийн иргэдэд АНУ, БНСУ-ын эмч нар үзлэг оношилгоо хийлээ

Завхан аймгийн Улиастай суманд АНУ-ын мэс заслын их эмч, БНСУ-ын дотор, уламжлалт, шүд, хүүхдийн их эмч нар ирж, иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн байна. 

Үзлэгийн үеэр дэлхийн олон оронд эмнэлгийн тусламж үзүүлдэг мэс заслын эмч нарын баг зарим иргэдэд шаардлагатай хагалгааг аймгийн эмч нарын багтай хамтран хийжээ.

Дээрх эмч нарын баг нь УИХ-ын гишүүн Я.Санжмятавын урилгаар ирсэн аж. Тэрбээр хэлэхдээ,  “АНУ, БНСУ-ын их эмч нарын баг гадаадын олон оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг туршалагатай хүмүүс. Сайн дурын эдгээр баг Завхан аймагт долоо хоног ажиллалаа. Энэ хугацаанд аймгийн нэгдсэн мэс заслын тасагт АНУ-ын их эмч нарын баг, “Одчим наран” эмнэлэг дээр БНСУ-ын эмч нар баг ажиллаж, 1,000 гаруй хүнд үзлэг хийлээ. Мөн мэс заслын эмч нарын баг зарим иргэдэд шаардлагатай хагалгааг аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хийсэн.

Эмнэлэгийн тоног төхөөрөмж сайжраад, эмч нарын чадамж дээшлээд ирэхээр орон нутагт авч болох бүхийл эмнэлэгийн үйлчилгээг хийх боломжтой.

 

Үүнд манай эмч нарын баг хамтарч ажиллалаа. Гадаадын эмч нарыг урьж авчирснаар орон нутгийнхаа эмч нарыг дадлагажуулах, туршлага солилцуулах гээд олон талын ач холбогдолтой юм. Манай эмч нарын ур чадварыг гадаадын эмч нар үнэлж байна” гэсэн юм.

Харин Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасгийн эрхлэгч Д.Загдбазар хэлэхдээ “АНУ-ын мэс заслын их эмч нарын баг 70-80 хүнийг үзэж, нийт 400 гаруй иргэдийг үзсэн. Өдөрт 5-6 хүнд зайлшгүй хагалгааг хийсэн. Иргэдийн хувьд үзүүлэх их сонирхолтой байна. Захиалга ч их байна. Зарим эмч, сувилагч нар ээлжийн амралтаа авсан байсан ч энэ хугацаанд буцаж ажилдаа орсон. Эдгээр өдрүүдэд ажлын ачаалал их (09.00-22.00) байсан ч олон иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламжийг үзүүлж чадлаа.

Манай эмч нарын баг ч энэ удаагийн Америкийн мэс заслын эмч нараас маш их зүйлийг сурлаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хараад тэдний хувьд сэтгэл эмзэглэсэн зүйл их байгааг дуулгаж байсан. Багаж хэрэгсэл, боловсон хүчин бидэнд дутмаг байдаг. Цаашид эмнэлэгийн тоног төхөөрөмж сайжраад, эмч нарын чадамж дээшлээд ирэхээр орон нутагт авч болох бүхийл эмнэлэгийн үйлчилгээг хийх боломжтой болох юм. Энэ удаагийн туршлага бол бидэнд маш их зүйлийг өглөө” гэсэн юм.