Увс, Булганд ой хээрийн түймэр асч байна
2015.08.11

Увс, Булганд ой хээрийн түймэр асч байна

Увс аймгийн Өндөрхангай сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км байрлах Цалуу багийн Нуурын овгор гэдэг газар ойн түймэр гарчээ.

Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 28 иргэн, гурван автомашин, нийт 40 хүн гурав хоногийн турш ажиллаж байгаа аж. Түүнчлэн Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн Сээрийн дэнж гэдэг газар мөн түймэртэй байна гэх мэдээллийг ОБЕГ-аас мэдээллээ.

Түймрийг унтраахаар орон  нутгийн 10 иргэн, 1 автомашин, Хилийн 0245 дугаар ангийн 11 албан хаагч, нэг автомашин, нийт 21 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаад цурамд оруулсан байна. Гэвч түймрийг цурамнаас дахин алдсан учир  аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 45 иргэн хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.


Мөн Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Улаан-Эрэг тусгалт гэдэг газар ойн түймэр гарсан бөгөөд түймрийн голомтод  аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн 10 иргэн, дөрвөн мотоцикль, нийт 30 хүн ажиллаж байна.