Ногоон бүсэд гал түлж, бүрэн унтраалгүй явснаас түймэр гарсан
Гол, усанд хүн живж, амиа алдсан харамсалтай явдал сүүлийн хэд хоног давтагдсан. Мөн ой, хээрийн түймэр, мал амьтны гоц халдварт өвчин дэгдэх нь ихэссэн байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Өчигдөр (уржигдар) гэхэд л хоёр хүн усанд живж энджээ. Он гарснаас хойш ийм харамсалтай явдал хэчнээн гарсан бэ?
-Энэ онд улсын хэмжээнд усны осол 67 гарч, 74 хүн нас барсан. Тэдгээрийн 22 нь бага насны хүүхэд. Өнгөрсөн баасан гаригт Орхон голын усанд есөн настай эрэгтэй хүүхэд живж, амиа алдсан бол ням гаригт Туул голд 17 настай эмэгтэй, 29 настай эрэгтэй хүн живж, эндсэн.
Дуу цахилгаантай, усархаг хур бороо орж, гол усны түвшин нэмэгдсэн хэвээр байгаа учраас үер, гол устай холбоотой дуудлага Онцгой байдлын албанд их ирж байна. Удахгүй хичээл сургууль эхэлж, орон нутгаас хот руу ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Энэ үеэр иргэд баталгаатай зам, гүүрээр зорчиж, гол усанд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр явуулахгүй, голын эрэг дагуу тоглуулахгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна.
-Ой, хээрийн түймрийн дуудлага ихэссэний шалтгаан нь юу вэ?
Ихэнх нутгаар бөгчим халуун, хуурайшилттай байна. Тиймээс иргэд ногоон бүсэд зорчих,аялал зугаалгаар явахдаа ил задгай гал түлэхгүй, асаасан тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах хэрэгтэй. Гэтэл хорхог, боодог, шорлог хийх зэргээр ногоон бүсэд гал түлж, бүрэн унтраалгүй явснаас түймэр гарах тохиолдол цөөнгүй байна. Энэ онд улсын хэмжээнд 275 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар Увсын Өндөрхангай, Түргэн, Сагил, Булганы Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгийн Сайхан сумын нутагт ойн туймэр гараад байна. Эдгээр түймрийг унтрааж, цурамд оруулсан. Гэвч хуурайшилт ихтэй байгаа учраас дахин гарахыг үгүйсгэхгүй.
-Баянхонгор аймгийн иргэн тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Шинжилгээний хариу нь гарсан уу?
-Өнгөрсөн баасан гаригт Баянхонгор аймгийн харьяат 24 настай эмэгтэй өндөр халуурч, тарваган тахлаар өвчилсөн шинж тэмдэгтэй аймгийнхаа эмнэлэгт хэвтсэн. Түүний нөхөр, хоёр охиныг халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шинжилгээний дээж авсан. Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ирүүлсэн дээжнээс сөрөг буюу өвчин илрээгүй. Гэхдээ давтан шинжилгээний хариу гараагүй байгаа. Тиймээс энэ сарын 7-13-нд тус аймгийн Эрдэнэмандал багийн IX гудамж болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эргэн тойронд 50 м газарт хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна.