Гал түймрийг бүх нийтийн хариуцлага болгох хууль
2015.08.04

Гал түймрийг бүх нийтийн хариуцлага болгох хууль

Бидний амь насны асуудалтай хамгийн ойр яригддаг хууль бол Галын аюулгүй байдлын тухай хууль. Анх Монгол улс ийм хуулийг 1999 онд баталснаас хойш өнөөг хүртэл бага зэргийн өөрчлөлтүүд орсоор иржээ. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, улсын болон хувийн өмчийг галын аюулаас сэргийлэх, аврах ажлын гол ачааллыг Онцгой байдлын албаныхан үүрдэг.

Гэхдээ сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжил, хотжилт, түүнээс үүдэлтэй хүн амын нягтралтай холбоотой галын аюулын тохиолдол ихсэх болжээ. 2014 онд л гэхэд нийт 4222 удаагийн обьектын гал түймэр гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 11, 38 тэрбум төгрөгийн хохирол учирч гал түймрийн аюулд 59 хүн амь насаа алдаж, 52  хүн түлэгдэж гэмтсэн нь өнгөрсөн 2013 онтой  харьцуулахад гал түймрийн тоо 10,5 хувь, хохирол 15,3  хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Харин сүүлийн 10 жилийн байдлаар гал түймрийн тоо жилээс жилд 10-15 хувийн өсөлттэй байна.

Эндээс харахад Монгол шиг дэд бүтэц сулхан хөгжсөн оронд энэ асуудлыг зөвхөн төрийн байгууллагад хариуцуулах нь хангалттгүй бөгөөд зохих эрх зүйн шинэчлэл хийгдэх шаардлагатай болжээ.

Тиймээс Монгол улсын Засгийн газар Галын аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барьжээ.

Тус хуулийн төсөл нь өмнөхөөсөө дараах зүйлсээр онцлогтой юм байна.

Гал унтраах ангийг зөвхөн төрийн өмчит байхаар тусгасныг өөрчлөн сум бүрд гал  түймэр унтраах сайн дурын нэгжтэй байх, гал түймэр унтраах хувийн болон гэрээт анги ажиллах эрх зүйн боломжийг нээжээ. Галын аюулгүй байдлыг хангуулахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хичээл сургалтыг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад явуулах ажлыг шилжүүлэх, ингэснээр төрийн зарим чиг үүргийг иргэд, төрийн бус байгууллагад шилжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж.

Нэг үгээр хэлбэл гал түймрээс урьдчилан сэргийлэх, аврах ажил нь зөвхөн Онцгой байдлын албаны хийх ажил биш, харин бүх нийтийн хариуцлага болон хувирч байна.

Мөн галын аюултай тэмцэж амь дүйж явдаг ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах асуудал тусгагджээ. 

Хуулийн төслийг одоогоор УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж байгаа бөгөөд ээлжит бус нэгдсэн чуулганаар батлах төлөвтэй байна.