ОБЕГ-аас мэдээлж байна
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт бороо орсон.Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшиж, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Говийн бүс нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар 31-36 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд баруун, төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо, 12-нд төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 11-13-нд зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 11-12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Уснаас эрэн хайх:
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар “Орхон” голын усанд С /9 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагаар /2015.08.07/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж цогцсыг олж, аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хуучин карьерын тогтоол усанд Л /17 настай, эмэгтэй/ живсэн байна гэсэн дуудлагаар /2015.08.09/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөв.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх гүүрний баруун талд “Туул гол”-д иргэн Г /29 настай, эрэгтэй/ живсэн байна гэсэн дуудлагаар /2015.08.09/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгсөн.
2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 67 усны ослоор 74 хүн нас барсан байна. Үүний 22 нь бага насны хүүхэд байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ...
Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад дуу цахилгаантай, усархаг хур бороо орж гол усны түвшин ч нэмэгдсэн хэвээр байна.
Энэ зуны хувьд Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн ихэнх дуудлага үер, гол устай холбоотой дуудлага эзэлж байна.
Харин иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар гэхэд гол усанд осолдсон хүний тоо 74-т хүрсэн байна. Үүний 22 нь бага насны хүүхэд байна.
Удахгүй хичээл сургуулийн улирал эхэлж орон нутгаас хот руу орж ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үеэр иргэд баталгаатай зам, гүүрээр зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчиж, гол усанд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Мэдээлэл:
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт /2015.08.07/ иргэн О /24 настай, эмэгтэй/ өндөр халуурч, тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй ирж хэвтсэн байна.
Түүний 1 дүгээр хавьтал бүхий нөхөр, 2 охиныг халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шинжилгээнд дээж авсан.
2015.08.07-ноос 2015.08.13 хүртэлх хугацаанд аймгийн төвийн Эрдэнэмандал багийн 9 дүгээр гудамж орчимд 50 м газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эргэн тойронд 50 м газарт хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна.
Зооноз өвчин судлалын үндэсний төвд ирсэн дээжийг шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар ‘’сөрөг’ гарсан, давтан шинжилгээ хийгдэж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ....
Тарваган тахлын байгалийн голомтын идэвхи 7-9-р саруудад хамгийн өндөр байдаг.
Нийслэлийн Засаг даргын “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2015 оны А/645 дугаар Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран 24 цагаар Сонгинохайрхан дүүргийн 22-ын, Эмээлт түүхий эдийн зах, баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-биокомбинат, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Налайх дүүргийн 5 дугаар хороо Городок, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн 7 шалган бүртгэх товчоодод “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгдээд байна.
Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна.
2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний 5 тохиолдол бүртгэгдсэн.
Иргэн та сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй. Хэрэв халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалыг тусгаарлах, сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх хэрэгтэй.
Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Ой, хээрийн түймэр:
Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын овгор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.08.08/ Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ороннутгийн иргэдтэй хамтран унтраахаар ажиллаж банйа.
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан эрэг тусгалт” гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.08.09/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ороннутгийн иргэдтэй хамтран ажиллаж, түймрийг унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Ар могой-Улаан мод” гэдэг газар /Сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2015.08.09/ тусаймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг унтраахаар ажиллаж байна.
Увс аймгийн Түргэн, Сагил, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутгат гарсан түймрийг орон нутгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг цурманд оруулсан байна.
2015 он гарсаар улсынхэмжээнд 275 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.
Ихэнх нутгаар бүгчим халуун, хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүсэд зорчих, аялал зугаалгаар явахдаа ил задгай гал түлэхгүй байх, асаасан тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Амрал, аялал зугаалгын энэ үед иргэд хорхог боодог, шорлог хийх зэргээр ногоон бүсэд гал түлж, галаа сайтар унтраалгүйгээс гал алдаж байгааг анхаарна уу.
Онцгой байдлын ерөнхий газар
2015.08.10