Эгэл иргэнээс эхлээд эх орноо аюулаас хамгаалах нь аврагч хүний үүрэг
Онцгой байдлын аврах тусгай ангийн бэлтгэл офицер, ахмад С.Баавгай
2015.07.21

Эгэл иргэнээс эхлээд эх орноо аюулаас хамгаалах нь аврагч хүний үүрэг

Онцгой байдлын аврах тусгай ангийн бэлтгэл офицер, ахмад С.БААВГАЙ Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан болсон билээ. Тэрбээр Монголын анхны усчин аврагчдыг бэлтгэсэн юм. Түүнтэй ярилцлаа.

-Танд юуны өмнө гавьяат болсонд баяр хүргэе.

-Баярлалаа. Ийм сайхан шагнал хүртсэндээ маш их баяртай байна.

-Хоёулаа таны аврагч болсон түүхээр яриагаа эхлэх үү?

-Миний аврагч болсон түүх их сонин. Би тэс өөр мэргэжилтэй хүн шүү дээ. 1973 онд цэргийн хөгжмийн сургуулийг удирдаач мэргэжлээр төгсч, ажлын гараагаа Барилгын цэргийн 0158 дугаар ангийн хөгжмийн салааны удирдаачаар эхэлсэн. 1982 онд одоогийн Онцгой байдлын аврах анги, тухайн үеийн Иргэний хамгаалалтын 0122 дугаар ангид хөгжмийн даргаар шилжин очсон. Гэвч 1989 онд ангийн бүтэц, зохион байгуулалтад өөртлөлт орж, хөгжмийнхний орон тоо үгүй болсон. Ингээд би цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээ орхиод аврагч болсон түүхтэй. Тухайн үед ЗХЖШ-аас гаргасан тушаалд улс орон тайван цагт иргэний хамгаалалт, тэр дундаа усчин аврагч зайлшгүй байх шаардлагатайг тусгасан байв. Ингээд би усчин аврагч, зааварлагч багш гэх албыг хаших болсон. Монголын анхны аврах усны салаа энэ үеэс л бий болсон юм даа.

-Аврагчдыг хэрхэн бэлтгэдэг байв?

-Өвлийн тэсгим хүйтэнд ч, аагим халуунд ч усчин аврагчийн ажлын талбар ус байдаг. Усны гүнд чадамгай, шуурхай ажиллах нь аврагчийн үүрэг. Мөн чадвараа үргэлж дээшлүүлж байх нь чухал. Иймд бэлтгэл сургуулилтыг маш шаргуу хийдэг байсан. Өвлийн улиралд бассейнд, харин зун бол Тэрэлж, Туулын бэлчирт бэлтгэлээ базаана. Сонсогчдоо эргүүлэг, цохио руу оруулаад л завийг нь хөмөрчихнө. Тэд хөмөрсөн завиа дээш нь харуулж, аюулд өртсөн хүн болгон ашиглаж буй боож багласан хөнжлөө завин дээр гаргаж ирэх ёстой. Энэ даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд сонсогчийг уснаас гаргана гэж үгүй. Заримдаа урт модоор хатгаад гаргадаггүй байж билээ. Хэдийгээр энэ нь бүдүүлэг сонсогдож байгаа ч аврагчдын тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг ахиулахад ихээхэн нөлөөлдөг байсан.

-Өвлийн тэсгим хүйтэнд усан дотор аврах ажиллагаа явуулна гэдэг амаргүй санагдаж байна шүү?

-Нэг үе хүмүүс голын мөс рүү машинтайгаа цөмөрч осолдох тохиолдол багагүй гардаг байв. Голын жавар тачигнасан  идэр есийн хүйтэнд усан дотор ажиллана гэдэг амаргүй. Гэвч бид үүрэг хүлээж, тангараг өргөсөн аврагчид учир албан үүргээ биелүүлэх ёстой. Ажиллагааны үеэр мөс цоолж аврагч нар ороход зарим нь урсгалын доор дахин цооног гарц үүсгэн гарч ирэхийг нь хүлээдэг байлаа. Учир нь урсгал усанд орсон нүхээрээ буцаж гарах боломжгүй. Тухайн үед аврах хувцас байдаггүй байв. Бүх хувцсаа тайчиж, биеэ спиртээр халуун оргитол арчиж байгаад л шумбачихна шүү дээ. Биеэ спиртээр арчиж байгаа нь үе мөчөө халааж, шөрмөс татахаас сэргийлж байгаа хэрэг. Жавар тачигнасан идэр есийн хүйтэнд нэлэнхүйдээ мөсөөр хучигдсан усан дотор ажиллагаа явуулна гэдэг аврагчийн тэсвэр тэвчээр, хатуужлыг харуулдаг маш хүнд ажил.

-Аврагчийн ажлаас шантрах үе тохиолдож байв уу?

-Байлгүй яахав. Усны ёроолд удаж, муудсан шарилаас эхлээд сэтгэл сэртхийлгэсэн олон зүйлтэй учирна шүү дээ. Ѳдѳр нь хийсэн ажлаа шѳнѳ нь зүүдлээд халуурч бүлээрэх тохиолдол ч гарна. Энэ бүхэнд эмзэглэн энэ ажил ер нь надад тохирохгүй юм байна гэж олон ч удаа шантарч байлаа. Гэхдээ аврагч хүн үргэлж үхсэн хүн усны ёроолоос гаргаад байхгүй. Усны гүнээс олон ч хүнийг аварч, амьдралтай нь ахин золгуулж дээ. Амийг минь аварсан ачтан хэмээн хүндэтгэх олны баярласан сэтгэлээр өөрсдийгөө тэтгэдэг аврагчид шүү дээ, бид.

-Таны бэлтгэсэн шавь нарын тоо хэд хүрсэн бол?

-Анх усчин аврагч бэлтгэх үеэс л зааварлагч багшаар ажилласан болохоор шавь нар маш олон болсон. Одоо албандаа өндөр амжилт гаргаж яваа шавь нараа хараад бахархаж сууна.

-ОБЕГ-аас ахмадуудтайгаа хэр холбоотой байдаг вэ?

-ОБЕГ-ын Ахмадын хорооноос албан хаагчдынхаа аж байдал, амьдрал ахуйд чиглэсэн үр дүнтэй ажлуудыг үргэлж зохион байгуулдаг. Хөгшин бид хоёр том хүүгийндээ зургаан ачтайгаа хамт амьдардаг байсан. Энэ байдлыг минь ОБЕГ-аас харж үзэж, таван ханатай гэр барьж өгсөн юм. Хэдий би тэтгэвэрт гарсан ч хийж бүтээсэн зүйлсийг минь марталгүй үргэлж тусалж дэмжиж байдаг хамт олондоо талархаж суудаг. Эгэл иргэнээс эхлээд эх оронд аюул тохиоход эхний эгнээнд зогсдог аврагчийн мэргэжлээр ажиллаж, хөдөлмөрлөж байсан минь энэ насны бахархал юм даа.

-Та аврах албанд олон жил тууштай ажиллажээ. Төр, засагтаа хандаж албаныхаа талаар хэлэх үг байгаа л байх?

-Би 1989 оноос хойш 20 жил аврах албанд ажиллахдаа 230 гаруй ажиллагаанд оролцож, 100-гаад хүний амийг аварсан. Энэ зүтгэлийг минь төрөөс үнэлж, ойн медалиуд болон Иргэний хамгаалалтын тэргүүний ажилтнаас эхлээд “Алтан гадас” одонгоор хүртэл шагнасан. Сая наадмын өмнөхөн гавьяат боллоо. Би үүнд нь маш их талархдаг. Гэхдээ би төрөөс одон медаль гэхээсээ илүүтэй, аврагчдынхаа эрүүл мэндэд анхаарсан системтэй бодлого хэрэгжүүлээсэй гэж боддог. Мэргэжлийн онцлогоос хамаарч аврагчдын эрүүл мэнд их мууддаг.

Үүний бодит жишээ би өөрөө байна шүү дээ. Олон жил халуун хүйтэнд даарч явснаас үе мөчний өвчтэй болж, нуруу татаж өвддөг болсон. Залуу байхад ч хэрийн юмыг тоодоггүй байлаа. Гэвч өтлөхийн цагт биеэс эрүүл эд эрхтэн үлдээгүй байх юм. Би өнгөрсөн жил бөөрний хагалгаанд гурван ч удаа орсон. Хүйтэнд хэт даарч хөрснөөс устаж, муудсан юм билээ. Иймээс аврагчдын эрүүл мэндэд анхаарах ажлыг бодитой хэрэгжүүлмээр байна.