Аймгуудын Засаг дарга нар шинээр лиценз олгохыг хууль бусаар буцааж байна
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2015.08.03

Аймгуудын Засаг дарга нар шинээр лиценз олгохыг хууль бусаар буцааж байна

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай уул уурхайн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Уул уурхайн том төслүүдийн явц ямархуу байна вэ?

-“Оюу толгой” төслийн хувьд Засгийн газар, төрийн өмчтэй “Эрдэнэс Монгол”, “Туркойз хилл”, “Оюу толгой” компаниуд хоёрдугаар шатны далд уурхайн санхүүжилтийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Тэр ёслолд нь Ерөнхий сайд оролцож ирсний дараа өчнөөн шуугиад дэгдсэн л дээ. Дубайд очиж зурсан энэ тэр гээд. Олон өнцгөөс шүүмжилж байна. Энэ үйл явдал хөрөнгө оруулалтын орчинд эерэгээр нөлөөлсөн.

Хөрөнгө оруулагчид Монголын засагтай хэл амаа олдог юм байна, асуудал шийдэгдэх нь гээд банкууд хүртэл санхүүжүүлэхээ илэрхийлээд эхэллээ. "Туркойз хилл"-ийн зүгээс төслийн санхүүжилт оны эцсээр шийдэгдэнэ гэсэн байр суурь илэрхийлээд байгаа. Оюу толгойг яаж ч муулж, магтаад уул уурхайн XXI зууны том бүтээн байгуулалт. XX зууны том бүтээн байгуулалт нь Эрдэнэт. Эрдэнэт тухайн үедээ ЗХУ-ын хамгийн сайн, тэргүүний техник технологитой байсан. Түүн шиг  Оюутолгойдбаяжуулалтын уул уурхайн хамгийн шилдэг гэсэн  барууны техник технологийг ашиглаж байна. Эрдэнэтээс  их хүчин чадалтай хэрнээхамаагүй бага овортой,  өртөг өндөртэй тоног төхөөрөмж  суурилуулсан. Энэ том бүтээн байгуулалтын маш чухал хэсэг нь далд уурхай. Бүх нөөцийнх нь 80 хувь байгаа далд уурхайн хөрөнгө оруулалтыг цаг алдахгүй хийх нь маш чухал. Зэсийн үнэ унаж байна. Унах мөчлөг аль хүртэл үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Таван толгойн хувьд ойлгомжгүй байдалд орчихлоо.

-Монголчууд өөрсдөө олборлож чадах юман дээр заавал гадныхантай хамтрах шаардлагагүй гэсэн байр суурь хүчтэй байх шиг. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Мэдээж монголчууд Таван толгойг олборлож чадна гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ нэг л юм бий. М.Энхсайхан их хэмжээгээр олборлох том олборлолт гэж яриад байгаа. Бүтээмж сайжирвал өрсөлдөх чадвартай болно  гэдэг талаасаа хийхээс аргагүй шийдэл. Гурав, дөрвөн саяар биш хорь, гучин саяар олборлож байж нэгжийнх нь өртөг багасна. Тээвэрлэлт дэд бүтцийг нь бас шийдэх хэрэгтэй. Тэгж байж өрсөлдөх чадвартай болно.

Таван толгойд дөрвөн хэсэгт олборлолт явагдаж байна. Нэг цонхоор, нэгдсэн дэд бүтцээр олборлох санаа явж байсан. Гэхдээ зогслоо л доо. Намрын чуулганаар хэлэлцэнэ гэж байгаа. Тэр нь аягүй бол хаврын чуулган хүрч сунжирна. Залгуулаад сонгууль, дараа нь засаг эмхлэн байгуулагдана, шинэ бодлого гарна. Уул уурхайн салбарынхны хувьд энэ том төсөл хэр хугацаагаар хойшлогдох бол гэдэгт санаа зовж байна. Бидний шаардлага, хүсэл ихэсч, нөхцөл байдал дордоод яваад байна л даа. Тэр хэрээр эдийн засаг хохирч байна.

-Гачууртын ордын асуудал УИХ-аас дахиад буцчихсан. Оюу толгой, Таван толгой шиг парламентаар заавал хэлэлцэх шаардлагатай төсөл үү?

-Алт гэдэгхүчин зүйлийг нь аваад хаячихвал уул уурхайн дунд хэмжээний л үйлдвэрийн хөрөнгө оруулалт. УИХ-ын 76 гишүүн дунд хэмжээний уул уурхайн компанийн ТУЗ-ийн гишүүн маягтай байдалд орлоо л доо. Яам нь шийдвэрээ гаргаад хөдлөөд явж байх учиртай дунд хэмжээний төсөл. Өмнө нь ажиллаж байсан туршлага, байгаль  орчны нөхөн сэргээлт, хаалтын менежмэнт хийж байгаа зэрэг нь бидэнд шинэ соёл, шинэ бизнесийн ёс зүй, шинэ  стандартыг

бий болгоод явж байгаа нь мартах аргагүй үнэн. Ийм төслийг тодорхой хугацаагаар хойшлуулаад байхаар зургаан жил хүлээсэн хөрөнгө оруулалт ямар хүнд байдалд орох нь тодорхой Түүнийг нь харж, хүлээж, ажиглаж байгаа гадны хөрөнгө оруулагчид ямар байх нь ойлгомжтой. Уул уурхайн хараат бус шинжээч Ч.Эрдэнэдалай саяхан нэг тайлан гаргасан байна лээ. Шинээр лиценз олголтод барууны орнуудын оролцоо арав хүрэхгүй хувь дотор байгаа юм байна. Шинээр лиценз авсан хөрөнгө оруулагчдын тоог харахаар ийм дүр зураг ажиглагдаж л дээ. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх болон бодлогын чадвараараа манайх Болив, Венесуэл хавьцаа байгаа юм байна. Ийм хүнд үед хамгийн их хөрөнгө татаж байгаа улс нь Казахстан гэж судалгаагаар гарсан юм билээ. Тэгэхээр бид хаа хамаагүй хол хаягдсан явж байна л даа. 2006 оноос хойших найм, есөн жилийн бодлогын тогтворгүй байдал, буруу бодлогын үр дүн саяын байдлаар илэрч гарч ирсэн хэрэг.

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэх ажил юу болж байна. Салбарын яамнаас хайгуул дагаж их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гээд байгаа шүү дээ?

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг гурав, дөрвөн жилийн хугацаанд зогсоож, сүүлийн нэг жилд шилжилт хөдөлгөөн хийхийг нь зогсоосноос болж хайгуулын шатны хөрөнгө оруулалт тасарсан. Хайгуулын хөрөнгө оруулалт татсан хэмжээгээрээ дахиж Оюу толгой шиг том орд нээх арван жилийн боломжоо алдсан гэсэн дүгнэлтийг Ч.Эрдэнэдалай хийсэн харагдсан. Сая шинээр лиценз олгох ажил эхэлсэн. Гэхдээ маш удаан байна. Монгол орны зүүн талын хэсэгт лиценз олгох ажил ахиад намар хүртэл хойшилсон. Программ дээрээ дахин сайжруулалт хийнэ гэсэн шалтгаан хэлж байгаа.

Хугацаа хойшлох хэрээр боломж алдаж байна гэсэн үг. Мөн шинээр тусгай зөвшөөрөл олгох асуудлыг аймгийн ИТХ, аймгуудын  Засаг дарга нар дэмжихгүй  буцаахасуудал их гарч байна. Хуульд нийцсэн үндэслэлгүйгээр зүгээр л боломжгүй гээд сонирхоод байгаа тэр газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авна гээд байна л даа. Салбарын яамнаас санаачилгаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн болон нөөц ашигласны тодорхой хувь орон нутагт очих шийдвэр гарсан.

-Монголын газар нутгийн хэчнээн хувьд нь тусгай зөвшөөрөл шинээр олгох асуудал яригдаж байгаа билээ. Тун цөөхөн хувьд нь тусгай зөвшөөрөл олгоно гэж ярьж байсан санагдах юм?

-Ердөө 19-хөн хувьд нь гэсэн асуудал яригдаж байгаа. Нэг нь сонгон шалгаруулалтаар, нөгөө нь өргөдлөөр. Бүтэн жилийн хугацаанд талыг нь ч олгож чадаагүй байна. Энэ асуудал удаашралтай байгаа нь манай улсын бодлогын хэрэгжилтэд итгэл үзүүлэх хэмжээнд хүргэхгүй байна л даа. Бодлогоо хэчнээн өөрчлөөд, Хөрөнгө оруулалтын хууль гаргаад нэмэр байхгүй гэсэн үг. Бодлогын алдаагаа зассан хэр нь үр  дүн, практик алхмууд ньудаан явж байгаа учраас хөрөнгө оруулагчдын итгэл сэргэхгүй байна. Ийм л хүнд үед 13 дахь удаагаа “Дисковер Монголиа” гэдэг хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг хийх гэж байна.

-“Дисковер Монголиа” есдүгээр сарын эхээр болдог, тэр хугацаанд нь зохион байгуулах уу?

-Тэгнэ. Есдүгээр сарын 3, 4-нд Улаанбаатарт хийхээр болж байна. Өмнө нь хоер өдөр болдог байсан. Энэ жилийн хувьд өдөр хагастай хийх төлөвлөгөө гаргасан.

-Өнгөрсөн жилийн “Дисковер Монголиа”- гийн ивээн тэтгэгчид, оролцогчдын тоо цөөрсөн харагдсан. Энэ жил яахаар байна. Оролцогчдын тоо түрүү жилийнхээс ямар байх бол?

-“Оюу толгой", “Занаду”, “Эрдэнэс Монгол”, MIH групп, “Голомт" банк гээд ‘ ивээн тэтгэгчид байгаа байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт, тэр тусмаа хайгуулын хөрөнгө оруулалт  хэдэн жилээр тасарсан үед  болж байгаа учраас нэлээд хүнд байна л даа. Тийм учраас оролцогчдын тоо эрс буурна гэж хэлэхгүй ч гэлээ хайгуулын шатны эрсдэлтэй хөрөнгө оруулалт  хийдэг чанартай хөрөнгө оруулагчдын тоо багасах байх.

•Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд яг одоо яах ёстой гэж та бодож байна?

-Шийдлүүдээ хурдан гаргах хэрэгтэй. Таван толгой, Гачуурт зэрэг төслүүдийг шийдэхгүй хойшлуулаад байгаа нь хор уршигтай.

-Энэ жилийн “Дисковес Монголиа” ямар уриатай  болох вэ?

-“Популизмгүй уул уурхай” гэсэн уриан дор болно. Популизм гэж ярьж байгаа ч гэсэн бид тэр үгийг нэг утгаар ойлгож байна л даа. Уул уурхай огт хэрэггүй, маш хортой гэсэн байдлаар хэтийдүүлж ойлгоод 2004 оноос хойш арваад жил ингэж хандсаныг бид популизм гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл судалгаа, мэдлэггүй мэргэжпийн биш байдлаас хандаж байгаа хандлага бол популизм.

'-Уул уурхайгаас төсөвт  төвлөрүүлэх орлого хэцүүхэн байх шиг... ?

Тасарч байгаа. Төсвийн  орлого тасарч байгаа нь гол нэр төрлийн экспортын бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотой. Зэсийн экспортлох хэмжээ сайн байгаа ч үнэ нь буучихлаа. Нүүрсний хувьд “Эрдэнэс Таван толгой”- гоос бусад нь нүүрсээ гаргаж чадахгүй байна. Нүүрсний салбар дээр гэхэд татварын бодлого хатуу байгаа. Өрсөлдөх чадварыг нь алдагдуулахад л “нэмэр” болж байна даа.

-Урт нэртэй хуулийн хэрэгжилт ямархуу байна?

-Урт нэртэй хууль хэрэгжихгүй зургаан жил болсон. Хоёр бодитой шалтгаан байсан учраас хэрэгжээгүй. Хэрэгжих цар хүрээ, хил хязгаарыг нь нэг мөр тогтоож чадаагүй. Тусгай зөвшөөрлийг нь цуцаллаа гэхэд оронд нь өгөх нөхөн олговрын мөнгө төгрөг байхгүй. Энэ байдлыг ойлгоод А лицензийг нь олборлуулъя, хил хязгаарыг нь нарийвчилж тогтоогоод, өндөр шаардлага тавьж ямар ч байсан хэрэгжүүлээд дуусгая гэж шийдсэн. Дагаж мөрдөх журмын тухай хуулиар ийм өөрчлөлт хийж,  Засгийн газар хоёр ч тоггоол гаргаад өнөөдрийг хүртэл хэрэгжиж чадахгүй байна.

БОНХАЖЯ хил хязгаарыг  тогтоодог дээр гацчихсан. Бичиг цаас бүрдүүлдэг  ажил нь гэхэд хорь, гучаад  юм бий гэсэн. Мэргэжлийн хяналтын газрын хувьд энэ ажлыг шуурхайлъя гээд Алт үйлдвэрлэгчдийн  холбооныхонтой санамж бичигт гарын үсэг зурчихсан.  Гол эх бүрэлдэх газар, голын  эргийн хамгаалалтын бүс хоёр дээр асуудал байгаа гэсэн. Хэрэгжүүлэх хил хязгаарыг бүрэн тогтоож чадаагүй хэвээрээ байна. Эхэлсэн ажил алга. Уг нь Алт үйлдвэрлэгчдийн холбоо маш их хүч тавьж байгаа. Даанч бүтэж байгаа юм алга даа.