Н.Энхболд: Цагаатгах ажлыг эрчимжүүлнэ
УИХ-ын дэд дарга, Цагаатгалын комиссын дарга Н.Энхболд
2012.02.15

Н.Энхболд: Цагаатгах ажлыг эрчимжүүлнэ

УИХ-ын дэд дарга, Цагаатгалын комиссын дарга Н.Энхболд улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, нэр төрийг сэргээх ажилд оролцсон зарим хүмүүст хүндэт жуух бичиг гардууллаа. Иргэдийг улс төрийн хилс хэргээс цагаатгаж, нэр төрийг сэргээх ажлын хүрээнд 2011 онд 1509 хүнд холбогдох хэргийг шалгаж дуусгажээ. Тагнуулын Ерөнхий газрын Цагаатгалын тасгийн мөрдөн байцаагчид улстөрийн хэргээр баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн, хэрэг нь шалгагдаагүй, шинээр илэрсэн зэрэг 6600 гаруй хэргээс 4131-ийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд шалгасан байна.

Одоо 2000 гаруй хэрэг шалгагдаагүй бөгөөд энэ онд дуусгах ажээ. 2011 онд Улсын Дээд шүүх, анхан шатны шүүхүүд, Улсын Ерөнхий Прокурорын газар нийт 689 хүнийг улстөрийн хилс хэргээс цагаатгаж, нэр төрийг нь сэргээн, 71 иргэнд цагаатгалын үнэмлэх, гэрчилгээ олгожээ. 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар хилс хэрэгт хэлмэгдэж, хуулийн байгууллагуудаар цагаатгагдсан /1939 оны дөрөвдүгээр сараас хойш өнөөг хүртэлх хугацаанд/ 31,1 мянган иргэний нэр төр сэргээгдсэн байна.

Цагаатгалын хууль батлагдсан 1998 оны дунд үеэс хойш 14 жилийн хугацаанд улстөрийн хилс хэргээс цагаатгагдсан 17483 иргэнд 16,2 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг төрөөс олгоод байна. Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсдийн гэр бүлд орон сууц худалдан авах болон одоо амьдарч байгаа орон байрныхаа нөхцөлийг сайжруулахад нь зориулж 2011 онд 360.0 сая төгрөгийн хөрөнгийг Улсын төсөвт тусгаж зарцуулжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.