Эмч, багш, сувилагч нарыг орон сууцжуулах тусгай хөтөлбөр хэрэгтэй
УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.
Хүн амыг орон сууцаар хангах, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны зээлийн тогтолцоог хөгжүүлэх явдал нь аливаа улс орны онцгой ач холбогдолтой зорилт байдаг.
Манай улсын хувьд эдийн засаг дахь санхүүгийн эх үүсвэр дутагдалтай, эрэлт нийлүүлэлтийн харьцаа алдагдсан зэрэг нь тус улсад орон сууцны зээлийн тогтолцоог хөгжүүлэхэд саад бэрхшээл учруулсаар байгаа билээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
Хөгжингүй буюу хөгжиж буй орнууд эдгээр бэрхшээлийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хэмээх санхүүгийн өвөрмөц хэрэгслийг нэвтрүүлснээр шийджээ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг амжилттай хөгжүүлсэн Америкийн Нэгдсэн Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Англи, Малайз зэрэг хөгжингүй орнууд болон Оросын Холбооны Улс, Казакстан, Украин, Латви зэрэг хөгжиж буй орнууд энэхүү зах зээлийг хөгжүүлэхдээ дотоодын хөрөнгө оруулагчийг бий болгох үүднээс тэтгэвэрийн сан, даатгалын сан зэрэг салбарыг амжилттай ашиглаж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь банк санхүүгийн байгууллагаас олгосон зээл, лизинг, зээлийн картын авлага зэрэг мөнгөн хөрөнгийн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой шаардах эрхээр баталгааждаг. Зээлийн болон санхүүгийн бусад хэрэгслийн эргэн төлөлтийг хүлээхгүйгээр хөрөнгийн шинэ үүсвэрийг богино хугацаанд бүрдүүлж, улмаар шинээр олгох зээлийн хүүг бууруулж хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарыг дэмжих бодлогыг хэрэгжүүлдэгээрээ нийгэм, эдийн засгийн салбарт ач холбогдолтой аж.
Тиймээс хуулийн төсөлд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Уг хуулийн төсөлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Монголбанкнаас гаргасан үнэт цаас” гэсний дараа “хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” гэж нэмэх. Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Монголбанкны үнэт цаас худалдан авах” гэснийг “Монголбанкнаас гаргасан үнэт цаас болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах” гэж өөрчлөхөөр болжээ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “10 хувийн урьдчилгаа төлөөд байраар хангагдаад явчихна. Гэтэл ажлын байрандаа тогтвортой ажлаа хийж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг яах вэ. Эмч, багш, сувилагч нар ихэвчлэн орон сууцанд орж чадаагүй байгаа. Эдгээр 100 гаруй мянган хүмүүсийг оронсууцжуулах тусгай нөхцөлтэй болгох хэрэгтэй. Учир нь эдгээр хүмүүс 700 мянга орчим төгрөгийн цалинтай. Тиймээс эдгээр хүмүүст анхаарах хэрэгтэй.”
Мөн гишүүн Г.Баярсайхан, С.Ганбаатар нар энэ хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаа юм. Нэгэнтээ орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгосон энэ үед Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж тэд үзлээ.