Төрийн эрх мэдэлд луйвраар хүрчихээд өөрсдийгөө хамгаалсан заалт оруулж ирсэн
УИХ-ын бие даагч гишүүд
2015.07.06

Төрийн эрх мэдэлд луйвраар хүрчихээд өөрсдийгөө хамгаалсан заалт оруулж ирсэн

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгийн газрын бүтцийн талаар ямар нэг мэдээлэл алга. Засгийн газарт урьсан урилга ч ирээгүй. 
Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулийг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн алдаатай зүйл заалтаас болоод жирийн залуучууд шоронд орох нь маш их болсон. Гэнэн томоогүйгээсээ болж шоронд орсон, анх удаа ял эдэлж байгаа мөн улс төрийн хэлс хэргээр ял эдэлж байгаа иргэдэд өршөөл үзүүлэх хэрэгтэй.

Мөн олон улсын санхүүгийн байгууллагаас авах зээлийг дэмжиж байна. Учир нь хүү багатай, урт хугацаанд төлөх тул хөгжлийн зээлийг дэмжиж байгаа. Түүнчлэн үйлдвэрлэлийн чиглэлээр, тэр дундаа Халх гол чөлөөт бүсийг дэмжиж байна.

Цаашид биохүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж бусад бүсэд адил загварын бүсүүдийг хөгжүүлэх нь зүйтэй.

Оюу толгойн талаарх мэдээллийг дахин сонсохоор төлөвлөж байгаа.

Ойн тухай хуульд уламжлалт аргыг шингээсэн байх ёстой гэж үзэж байна. Бид олон зуун жилд ойтойгоо харьцаж ирсэн. Түүнийхээ үр шимийг зөвөөр хүртэж ирсэн учир ойг огтлох аргаа иргэд маань өөрсдөө мэдэж байгаа.

Эрүүгийн хуулийн зарим заалтыг дэмжихгүй. Засаг төрийн эсрэг үг хэлсэн, жагсаал хийсэн, эрх мэдэлтэнд гар хүрвэл шууд ял авдаг байхаар хуулинд тусгасан. Төрийн эрх мэдэлд луйвраар хүрчихээд өөрсдийгөө хамгаалсан заалт оруулж ирсэн байна. Тухайлбал, “Хуулийн этгээд ял хүлээнэ” гэж оруулсан. Компани дээр нь эрүү үүсгэдэг эсвэл иргэн дээр ял оноодог байдлаар тусгасан нь ял завших боломж олгож байна. Хүн гүтгэхийг хоёр сая төгрөг болгож бууруусан. Хууль ингэж гарвал хүн гүтгэх юу ч  биш болно. Зөвхөн сонгуулийн үед хүн гүтгэвэл ял эдэлдэг байхаар оруулж ирж байгаа нь ёс зүйд нийцэхгүй юм. Одоогийн хувилбараар хууль батлагдвал жирийн иргэн ял эдэлж, мөнгөтэй нь ялаас мултардаг байхаар зохицуулж болохоор байна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  Халх гол чөлөөт бүсийг дэмжиж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ хэт давалгаалж, газар нутгаа сэндийчсэн байдал руу орох вий гэсэн болгоомжлол байгаагаа хэллээ. Үүний зэрэгцээ Органик хүнсний тухай хуулийг парламент батлах нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр нийт хүн амын таван хувь нь таргалалттай, 40 хувь нь харшил хавдартай, 10 төрөлтийн нэг нь ямар нэг гажигтай байгаа нь органик бус хүнстэй холбоотой. Иймд энэ хууль нь цаг үеэ олсон хууль гэв. 

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулж энэ чиглэлийн сургалт мэдээллийг зохион байгуулахад анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв.