Л.Эрдэнэчимэгийн ахалсан Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулав
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.07.03

Л.Эрдэнэчимэгийн ахалсан Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулав

Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжийн дагуу Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулахаар төлөвлөж буй Засгийн газрын 4 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төсөр замын суурь бүтэж барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ” болон бусад шаардлагатай асуудлыг судалж, дүгнэлт, шийдвэрийн төслийг бэлтгэн танилцуулсан байна.

Дүгнэлтийг бэлтгэх явцдаа шаардлагатай асуудлаар холбогдох төрийн байгууллага болон холбогдох компаниас лавлагаа, мэдээлэл авсан аж.

Мөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Л.Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 16 гишүүдээс Монгол Улсын сайд М.Энхсайханд асуулга тавьж хариулт авсан байна. Эдгээр асуулгад хариулсан М.Энхсайхан сайдын хариулт нь албан ёсны нотлох баримт болох тул энэхүү санал, дүгнэлтэд эх сурвалж болгон авчээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн асуулга, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэй нэр бүхий гишүүдийн асуулга болон Монгол Улсын сайд М.Энхсайханы хариултыг бүрэн эхээр нь 90 хуудас бүхий Ажлын хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээс /хавсралтыг линкээр холбогдон авна уу/ үзэх боломжтой хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.