МАН засгаас гарах эсэхээ өөрсдөө л шийднэ
УИХ-ын гишүүн А.Бакей
2015.07.03

МАН засгаас гарах эсэхээ өөрсдөө л шийднэ

УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа.

УИХ-ын чуулган завсарлах гэж байна. Гэтэл Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал сөхөгдөж МАН-ыг хөөх тухай яригдаж эхэлсэн. Асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Хамгийн гол асуудал бол АН болоод МАН-ын бүлгийн хооронд байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны санамж бичиг буюу гэрээний биелэлт. Үүнийг АН-ын бүлгээр хэлэлцэж дүгнэсэн. Тэгэхэд гэрээний биелэлт хангалтгүй байна. Тэнд тусгагдсан, ярьсан олон асуудал биелэгдэхгүй байна, асуудал даамжирч, засрахгүй явсаар байх аваас намууд, хамтарсан, хамтраагүйн ялгаа гэж байхгүй.

Нэг ёсондоо хамтрахдаа том асуудлуудад шийдэл олъё, хөгжлийн асуудлыг шийдье, хөгжилд саад болж байгаа эрх зүйн орчинг сайжруулъя гэсэн амлалтаа хэрэгжүүлэх үү, үлдсэн богино хугацаанд гэрээгээ үнэнчээр биелүүлэх үү гэдэгт эргэлзээ төрсөн учраас энэ асуудал хөндөгдсөн. Тэгээд бүлэг хангалтгүй гэдэг гэрээний хэрэгжилтийн дүгнэлтээ гаргасан. Эрчимжүүлж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа саналыг МАН-ын бүлэгт хүргүүлсэн байгаа. Харин нөгөө тал маань энэ асуудалд албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.

Хамтарна гэдэг шийдвэрийг энэ хүнд үед улс орноо яаж авч явахав, асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг л олон нийтийн дунд үүссэн хүлээлтэд хариу өгөхийн тулд гаргасан. Харин хүлээлтийн хариулт гараагүй, гарах магадлал бага байгаа учраас манай нам аргагүй байдалд орж ингэж байр сууриа илэрхийлсэн. Энэ нь олон чухал хууль УИХ дээр удааширснаас харагдаж байгаа байх. Тэгэхээр нэгэнт хамтарвал хамтарсан шиг хамтар, асуудлуудыг шийдэхээр МАН-ынхан байр сууриа илэрхийлэх нь үү гэдгийг л харж байна.

-МАН-ын шийдвэр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хувь заяатай холбоотой гэх гээд байна уу?

-Мэдээж тэгнэ. МАН-ын бүлэг бидний өгсөн саналд ямар хариулт өгөхийг л бид хүлээж байгаа. Нэгэнт хамтарсан учраас бид асуудлуудад шийдвэрээ гаргая гэвэл бид эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн хийгээд л ямар ч асуудал, хөдөлгөөн үүсгэхгүйгээр явна. Харин эсрэг шийдвэр гаргдвал тэр саналаар нь л болно.

-МАН ямар ч шийдвэр гаргасан олон нийтийн шүүмжлэлд өртөнө биз дээ. Тэгэхээр АН хариуцлагаа шууд тооцож болохгүй байгаа юм уу?

-Гэрээний төгсгөлд хоёр тал нэгэн зэрэг байр сууриа илэрхийлж хамтарсан Засгийн газрыг тараах асуудал хэрэгжинэ гэсэн заалт байгаа. Гэхдээ энэ нь хууль биш учраас заавал дагаж мөрдөх үү, үгүй гэдэг асуулт ч бий л дээ.

-Олон нийт наадмаас өмнө МАН-ыг Засгаас гарна гэсэн таамаглалтай байгаа. Та дотор нь байгаа гишүүний хувьд цаг хугацааг яаж тодорхойлох вэ?  

-Намынхаа ч тэр, МАН- ын ч тэр гишүүдтэй саналаа солилцож л байгаа. Олон өөр байр суурьтай байна. Хамтарсны үр дүн гараагүй учраас Засгаас гарсан ч яахав гэх МАН-ын гишүүн олон байна. Тэгэхээр энэ бүхэн тэдний бүлгийн л шийдэх асуудал.

-МАН-ын бүлэг Засгийн газраас гарлаа гэхэд Засаг эргээд яаж бүрдэх вэ гэдэг асуулт бий ?

Хэрэв тэгвэл хуулийнхаа  заалтаар л болно. Хамгийн олон суудал авсан намын бүлэг нь бусад намын бүлэгт санал тавьж шинэ Засгийн газар байгуулах нэг зам бий. Эсвэл одоогийн Засгийн газрыг өөрчлөхгүйгээр суларсан орон тоог нөхөөд явах бололцоо бас байгаа. Аль замаар нь шийдэхийг манай намын олонхи шийднэ.