Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг явуулахгүй дараад байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны тавдугаар сарын 18-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахад байлцсан нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ биш бөгөөд гадаад, дотоодын ямар ч шүүх, маргаан таслах байгууллагын өмнө баримт болж чадахгүй, Монгол Улс үүнд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг УИХ-ын гишүүн О.Содбилэг мэдэгдсэн билээ.
Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээнд оролцсон талууд Дубайн төлөвлөгөөнд гарын үсэг зурахад бүрэн оролцоогүй бөгөөд анхны хөрөнгө оруулалтын гэрээнд “Айвенхоу майнз” гарын үсэг зурсан. Харин Дубайн төлөвлөгөөнд “Айвенхоу майнз” оролцоогүй. Түүнээс гадна Дубайн бичиг баримтын нэр нь PLAN буюу Төлөвлөгөө гэсэн байсан тул Гэрээ биш гэдгийг О.Содбилэг гишүүн тайлбарласан. О.Содбилэг гишүүнээс сүүлийн үед УИХ-ын эргэн тойронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар сонирхон ярилцсанаа хүргэж байна.
-Тавантолгойн гэрээг Засгийн газар буцаагаад авчихлаа. Түүнийг дагаад мэдээж сайн, муу үр дагавар гарах нь тодорхой. Энэ талаар та ямар бодолтой явна?
-Тавантолгойн гэрээн дээр УИХ ерөөсөө ажиллаагүй байгаа л даа. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Тавантолгойн гэрээг нягтлах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаад тэндээс гарсан санал дүгнэлт эцсийн байдлаар УИХ-ын гишүүдийн гар дээр тараагдаагүй болохоор яг ямар дүгнэлт гарч, хэрхэн шийдвэрлэснийг сайн мэдээгүй. Тэгээд ч З.Энхболд дарга гэрээг буцаачихлаа. Дөнгөж сая Засгийн газраас Тавантолгойн гэрээг нягталж үзээд дахин оруулж ирэх гэж байгаа гэж л сонслоо.
-Дахин оруулж ирэх гэсээр байтал намрын чуулганыг хүлээхээс өөр аргагүй болно. Ер нь ч тэгээд намрын чуулганаар ч хэлэлцэх юм болов уу даа?
-Хэлэлцэх үгүй нь одоогоор би сайн мэдэхгүй байна. Мэдээж энэ том төслийн гэрээг урьд өмнөх гэрээнүүд шиг Монгол Улсад хохиролтой болгочихгүйн тулд тодорхой хугацаа шаардагдана л даа. Яг юу орж ирэх талаар одоогоор нарийн мэдээлэл алга байна. Тавантолгойн уурхайн үр ашгийг сайжруулах, төмөр замынхаа асуудлыг аль болох хурдан учрыг нь олж барих гээд аль болох хурдан шийдвэрлэх асуудлууд хүлээгдэж байгаа.
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дээр сар хагас болсны дараа Тавантолгойн гэрээг буцаагаад татчихаж байгаа нь аль хэр оновчтой шийдвэр гэж үзэж байна?
-Процедурын хувьд Засгийн газар асуудлаа УИХ-д өргөн барихад УИХ хурдхан авч хэлэлцэх л ёстой. Тийм учраас УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан тэрхүү ажлын хэсгийг би буруу гэж, анхнаас нь эсрэг саналтай байсан. Шулуухан хэлэхэд тийм ажлын хэсэг байгуулсан нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан үйлдэл шүү дээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн аливаа асуудлыг УИХ-ын гишүүд нарийвчлан хэлэлцэж, засч залруулаад, үнэхээр Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй, тодорхой хууль дүрмүүдэд харшилсан байвал олонхийн саналаар унагаад л цаашаа явах ёстой.
-Хаврын чуулган өндөрлөх дөхөж байна. Гэтэл хэлэлцэхээр төлөвлөсөн нэлээн олон хуулийн төслүүдээ хэлэлцэж амжсангүй. Магадгүй УИХ-ын даргын хэлснээр ээлжит бус чуулган зарлаж болзошгүй. Энэ талаар гишүүдэд ямар нэгэн мэдээлэл өгсөн үү?
-Албан ёсоор хаврын чуулган хэзээ завсарлах талаар мэдээлэл ирээгүй. Магадгүй УИХ-ын дарга ээлжит бус хуралдаан зарлахаар шийдвэрлэвэл гишүүд даргын шийдвэрийг дагахаас өөр арга байхгүй. Ер нь ч нийгэмд хүлээлт үүсгэсэн нэлээн олон хуулийн төслийг хэлэлцэж амжаагүй байгаа нь үнэн л дээ.
-Төлөвлөсөн хуулийн төслүүдээ хэлэлцэж амжаагүй хаврын чуулганыг аль хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байна?
-Та бараг асуултаараа миний хариултыг хэлчих шиг боллоо. Мэдээж хаврын чуулганыг олигтой үр дүнтэй болсон гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл УИХ-д төлөөлөлтэй бүх нам, эвслүүд их эвслийн Засгийн газар байгуулаад хүлээгдэж байгаа том төслүүдээ урагшлуулна, тодорхой хуулиудаа батална, эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулна гэж зөвшилцөж тохиролцсон л доо. Харамсалтай нь зөвшилцлийн гэрээ олигтой үр дүнд хүрсэнгүй. Яг улс нийгэмд амин чухал хэрэгтэй хуулиудаа батлахаас өмнө эрх баригч АН-ынхан хүч түрээд өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн хуулиуд оруулж ирээд байсан.
Жишээлбэл Эдийн засгийн ид тод байдлыг дэмжих тухай буюу Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль байна. Үндсэндээ улс, нийгмээс маш их хэмжээний мөнгө идэж шамшигдуулсан, нуун дарагдуулсан хэргүүдийг хүчингүй болгож баллах асуудлуудыг тулгаад түүнийг нь МАН эсэргүүцэхээр засагт хамтарсны хэрэг гарахгүй байна, та нар биднийг дэмжих ёстой гэсэн тулган шаардалт тавиад байна. Бид анхнаасаа хамтрахдаа энэ асуудлыг ярихгүй гэдгээ мэдэгдэж байсан. Эхлээд Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдээ ярьж, зөв эмх цэгцэнд нь оруулъя, өмнө нь гаргасан алдаагаа засч залруулъя, улс орон ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллая л гэж хамтарсан Засгийн газарт орсон. Гэтэл явцын дунд хамтрагч маань ярилцаж тохиролцсон асуудлуудаасаа дэндүү олон удаа буцаж няцаж, ам ажил нь зөрснөөс болоод олигтой үр дүнд ч хүрсэнгүй, чуулганаар хэлэлцэх ёстой хуулийн төслүүдээ ч хэлэлцэж амжсангүй.
-Хамтарсан гэрээгээ эргэж дүгнэе гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга нар мэдэгдсэний хариуд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нэлээн хатуухан хариу мэдэгдэл хийсэн. Таны хувьд энэ асуудлыг аль талаас нь харж байгаа вэ?
-Хамтарсан гэрээгээ эргэж харъя, Засгийн газраас МАН-ыг хөөж гаргая гэж УИХ дахь АН-ын бүлгийн удирдлагууд сүр бадруулаад байгаа нь цаанаа багагүй учир шалтгаантай юм л даа. Тодорхой эрх ашиг нь хөндөгдөж, өөрсдийнхөө бизнесийг аврах гэсэн, хань хамсаатнууддаа зориулсан хуулийн төслүүдийг нь МАН дэмжихгүй гацаагаад байгааг тэвчиж чадахгүй байгаагаас л энэ асуудлууд босч ирээд байгаа юм.
Жишээлбэл Эдийн засгийн өршөөлийн хуулийг гацааж байгаад УИХ дахь АН-ын бүлгийн удирдлагууд маш их дургүйцэж байгааг ойлгож цөхөх юм байхгүй. Нөгөө талаар АН-ын фракциуд хоорондын зодоон, тэмцэл маш их хурцдаж байгаагаас шалтгаалан МАН-ыг Засгийн газраас шахаж өөрсдөө бялуугаа хуваацгаая гээд л дайраад байгаа юм болов уу гэж бодож байна. Түүнчлэн хэдхэн даргынх нь сонгууль угтсан шоу байхыг ч үгүйсгэхгүй.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг ялангуяа Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр зэрэг МАН-ын бүлгийн гишүүд хүчтэй эсэргүүцэж, дутуу боловсруулсан, дахиж нягтлах ёстой гэсэн үндэслэлээр тав хоногийн завсарлага авсан. Та эцэг хүний хувьд энэ хуулийн төсөл дээр ямар бодолтой яваа вэ?
Яах аргагүй дутуу боловсруулсан, тооцоо судалгаа муутай, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандсан олон зүйл ажиглагдаад байгаа юм. Ялангуяа хүний нялх, балчир хүүхдүүдийг харж хандах тэдгээр хүмүүсийн хүлээх хариуцлага, ямар шалгуураар хүүхэд харах хүмүүсийг тодруулах юм гээд тодорхойгүй асуудал их байгаа. Мэдээж улс орны эдийн засаг, санхүүгийн байдал базаахгүй байхад Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтэд бас л багагүй зардал гарах нь тодорхой.
Гэтэл тэдгээр тоо баримт нь ч магадлал муутай, нэг ёсондоо эргэлзээ төрүүлэхүйц зүйл их байгаа юм. Тэгээд энэ бүгдийгээ сайн нягталъя, тоо баримтыг нь эргэж харъя гэхээр л МАН энэ чухал хуулийг жадлан эсэргүүцлээ, хүүхдүүдийн эрх ашгийг боомилж байна гээд буруутгаад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Хэрвээ Хүүхэд харах үйлчилгээний тухай энэ хуулийн төсөл батлагдаад хууль болоод явбал хэрэгжилтэн дээр нь ихээхэн анхаарах зүйл олон бий. Жишээлбэл яаруу сандруу хэдхэн хоногийн курст суусан, голдуу тэтгэвэрийн насны хүмүүс олон айлын янз бүрийн ааш, сонирхолтой хүүхдүүдийг нэг дор бөөгнүүлээд харж хандаж, эрүүл мэнд, амь насных нь баталгааг хангаад ажиллаж чадах уу, хэрвээ ямар нэгэн болзошгүй аюул осол тохиолдвол ямар хариуцлагыг хэн хүлээх юм гээд зайлшгүй нягтлах, эргэж харах асуудал их бий.
-Хаврын чуулганаар МАН-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хэдэн хуулийн төслийг нэгдсэн чуулганаар авч хэлэлцсэн бол. Танай бүлгийн гишүүд УИХ-ын даргыг илт ялгаврлан гадуурхаж байна гэж шүүмжлээд байгаа л даа. Ер нь хаврын чуулган МАН-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэх талаар ямархуу үр дүнтэй ажилласан гэж дүгнэж байна?
-З.Энхболд даргын зүгээс тиймэрхүү хандлага гаргаад байгаа нь үнэн л дээ. Жишээлбэл 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан энэ УИХ-аас урьд өмнөх парламентууд тэр талын ялгаварлан гадуурхах байдал бага буюу бараг л байдаггүй байсан гэдгийг олон гишүүн ярьж байгаа. Миний харж байгаагаар өнгөрсөн гурван жилд УИХ их цөөхөн хуулийн төсөл хэлэлцэж, эцсийн байдлаар хууль болон гарч байгаа.
Нийгэмд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа чухал чухал хуулийн төслүүдээ авч хэлэлцэхгүй байгаа хэрнээ нэг ороод уначихсан, тийм ч амин чухал хэрэгцээтэй биш хуулийн төслүүдийг дахин дахин оруулж ирээд байгаад үнэхээр гайхаж л байгаа. Жишээлбэл Л.Эрдэнчимэг гишүүний санаачилсан Тамхины хяналтын тухай хуулийг гурав дахин хэлэлцэж байх жишээтэй. Үүгээрээ УИХ-ын гишүүдийн ажил, цагийг маш их барж, тэр хэмжээгээр нийгэмд бухимдал үүсгээд байна шүү дээ.
Бид нар аймгуудаар аян хийгээд ард иргэдтэй уулзаж явахад “Энэ УИХ үнэхээр бүтээмж муутай тун тааруухан ажиллаж байна” гэдгийг шулуухан хэлцгээж байна. Нийгэмд тулгамдаж байгаа чухал асуудлуудаа шийдэхгүй зүгээр нэг цаг нөхцөөсөн, популизм маягийн хуулийн төслүүдийг дахин дахин барьж аваад байна гэдгийг хэлж байгаа. Уг нь дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудаа урьдчилаад хэлэлцэж батладаг. Гэтэл гэнэтхэн л Засгийн газраас ч юмуу, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн гээд хуулийн төсөл ороод ирдэг. Нэг ёсондоо УИХ-ын үйл ажиллагаанд хамгийн дураараа хөндлөнгөөс оролцдог субьектууд нь Ерөнхийлөгч, Засгийн газар болчихоод байна. Энэ нь үндсэндээ буруу жишиг шүү дээ.
-Нийгэмд хамгийн их хүлээгдэж байгаа Сонгуулийн тухай хууль хэзээ батлагдах бол. Ажил нь урагшаа явж байгаа болов уу?
-Би Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн л дээ. Харамсалтай нь Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг ерөөсөө явуулахгүй дараад байгаа. Энэ бол маш чухал хууль шүү дээ. Уг нь хэлэлцүүлгээ бушуухан хийгээд хаврын чуулганаар баталж, нэр дэвшигчид ч, ард иргэдэд ч сурталчлан таниулаад явж байх ёстой юм. 2016 оны сонгууль ямар хуулиар, ямар байдалтай явагдах юм гэдэг нь эртнээс маш тодорхой байх ёстой.
Гэтэл одоо ганцхан жил үлдээд байхад хууль нь гараагүй байгаа нь тун хангалтгүй. Ер нь эрх баригчид сурсан зангаараа цагийг нь тулгаж байж, яарч сандран батлах гэж байгаа нь улстөрд шинээр орж ирэх гэж байгаа залуучууд, эмэгтэй нэр дэвшигчид, улстөрийн бусад хүчнүүдийг боомилох гэсэн, тэдний боломжийг хаах гэсэн заль мэх л гэж харж байгаа. Ялангуяа анх удаа УИХ-д нэр дэвших гэж байгаа, УИХ-ын сонгуульд хүч үзэх гэж байгаа улстөрийн шинэ хүчнүүдийг боломжийг хаах гэсэн, цагийг нь тултал тодорхойгүй байдалтай байлгаж байгаад тэднийг өрсөлдөөний гадна үлдээх гэсэн башир арга, заль мэх л гэж миний хувьд харж байгаа.
Ер нь товчхон хэлэхэд Сонгууль болгоны өмнө Сонгуулийн хуулийг өөрчилдөг нь УИХ-д сууж байгаа олонх болсон намын хүмүүс өөрсдийнхөө төлөө, баараггүй дахин сонгогдохын төлөө хуулийг өөрчилж, бараг л хуулийн хугацаанд нь тулгаж баталдаг жишиг тогтчихлоо. Товчхондоо шинээр нэр дэвшигчдэд маш халгаагай хууль гарахаар дуншиж байна. Уг нь Сонгуулийн тухай хуулийг дөрвөн жил болоод өөрчлөөд байгаа нь маш буруу.
Эрх баригчдын зүгээс Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулахаар оруулахаар лоббидож байгаа гэсэн үү?
-Тийм. Энэ бол маш ноцтой эдийн засаг, санхүүгийн хор хохирол дагуулна. УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамт явуулбал орон даяар 20 мянган хүн нэр дэвшинэ. Тэр олон нэр дэвшигчийн асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо зохицуулж яагаад ч чадахгүй. Нөгөөтэйгүүр сонгогчид сонгуулийн хуудсанд нэр нь бичигдсэн тэр олон нэр дэвшигчээс сонголт хийх гэж жинхэнэ толгойны өвчин болно.
Тэр олон улстөрийн нам, нэр дэвшигчдээс сонголт хийх гэсээр байтал маш олон сонгуулийн хуудас хүчингүй болох, тэр ч байтугай сонгууль хүчингүй болох өндөр магадлалтай. Орон даяар хоёр төрлийн сонгууль зэрэг явагдсанаас болж сонгуульд ялагдсан олон хүн гомдол гаргана. Тэр олон гомдлыг хэлэлцэн шийдвэрлэхэд манай шүүх хүрэлцэхгүй. Энэ бүхнээс үүдээс нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх ч боломжтой.
Хамгийн гол нь зарчмын том асуудал нь Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, хууль тогтоох дээд байгууллага УИХ гэж шал өөр бүтэц зохион байгуулалт, үүрэг чиглэлтэй хоёр өөр байгууллага нь Үндсэн хуульд зааснаар ч шал өөр статустай шүү дээ. Ийм эрс тэс хоёр байгууллагын сонгуулийг нэг дор явуулах ямар ч шаардлага, хэрэгцээ байхгүй.
-УИХ-ын Төсвийн байнгын хороон дарга Б.Болор “Монгол Улсын эдийн засаг хямраагүй, түр зуурын хүндрэлтэй байгаа гэсэн. Гэтэл МАН-ын бүлгийн гишүүн Я.Содбаатар “Энэ оны төгсгөлд дампуурлаа зарлахаас өөр аргагүй” гэсэн эрс тэс өөр мэдэгдэл хийгээд байгаа. Та энэ асуудлыг ямар байдлаар харж байна?
-Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөтэй холбоотойгоор ханш жаахан буурсан нь үнэн. Харин бодит орлого, валют орж ирэхгүй байгаа болохоор хэдхэн хоногт буцаад өсчихлөө. Одоо яригдаж байгаа гурван тэрбум ам. долларын бодит нөлөөлөл нь ойролцоогоор хоёр жилийн дараа Монголын эдийн засагт мэдрэгдэнэ. Тийм болохоор ирэх намар Монголын эдийн засаг ихээхэн хүндэрнэ. Бодит үнэнтэй эвлэрэх л хэрэгтэй.