Хоолоо хаягдалгүйгээр идэж сурцгаая
БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол
2015.06.26

Хоолоо хаягдалгүйгээр идэж сурцгаая

Дэлхий нийтээрээ “Тогтвортой хөгжил: ногоон хөгжил”-ийн бодлогыг ярих болсон өнөө үед манай улс ч энэ чиглэлээр үйл ажиллагаагаа түлхүү хийхийг зорьж байна.

УИХ-аас батлагдсан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор БОНХАЖЯ-аас “Цэвэр орчин” аяныг улс орон даяар эхлүүллээ. Энэ талаар БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтнүүд мэдээлэл өглөө. 

Тус аян нь 2015 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс долдугаар сарын 22-ны өдөр хүртэл нэг сарын хугацаатай үргэлжлэх юм байна. Аяны гол зорилго нь улс даяар тэмдэглэдэг улсын баяр наадмаа хоггүй тэмдгэлэн өнгөрүүлэх, хог тарихгүй наадах, тарьсан хогоо өөрсдөө цэвэрлэх дадал хэвшлийг бий болгох явдал юм. “Цэвэр орчин” аяны хүрээнд аймаг, сум, хороо, дүүрэг дунд болзолт уралдаан зарлалаа.

Оролцогч орон нутгийн засаг захиргаанд харьяа газар нутгийнхаа хэмжээнд хог цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлтийг идэвхжүүлж, дахин боловсруулалт, эргүүлэн ашиглалтыг нэмэгдүүлсэн байх ба ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжин ажилласан байх шаардлагыг тавьж байгаа аж. Уралдааныг “Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ”, “Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, хур хогийн цэвэрлэгээ” гэсэн үндсэн хоёр чиглэлээр тусгай комисс дүгнэж аймаг, сум, дүүрэг, хорооны хувьд тус бүрд нь шалгаруулна. Үүнд цэвэрч хороо болон сум тав тавыг шалгаруулж тус бүрийг дөрвөн сая төгрөгөөр, цэвэрч дүүрэг болон аймгийг шалгаруулж тус бүрийг таван сая төгрөгөөр шагнах юм байна.

Ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбаясгалан аяны талаар болон бусад арга хэмжээний тухай товчхон мэдээллээ. Тэрбээр “Уг аян нь нэг удаагийн ажил биш бөгөөд цаашдаа үргэлжлүүлэн хог хаягдлын асуудалтай холбоотой олон ажлыг хийх болно. Дэлхийн олон улс орон хог хаягдлыг зохицуулах асуудалд анхаарлаа хандуулж арга хэмжээ авч байна.

Улс орнууд “Стокгольмийн конвенци”-ийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд хог хаягдлаас үүдэн гарч буй хорт бодисын хэмжээг багасгах зорилгоор байгаль орчинд ээлтэй технологи, байгальд ээлтэй практикийг нэвтрүүлэх ажлууд хийх болсон. Үүнтэй холбоотойгоор манайд хогийн цэгүүд дээр ил задгай хог шатаасны улмаас үүсдэг химийн хортой бодисуудыг бууруулах зорилготой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байна” хэмээлээ.

Мөн энэ үеэр БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол хүмүүсийг хоолоо хаягдалгүйгээр хийж, идэж сурахыг уриалав. Тэрбээр “Хүмүүс гэртээ хоол хийхдээ идэх хэмжээгээрээ хийж, гадуур хооллохдоо сонголтоо зөв хийж аль болох хаягдалгүйгээр иддэг болохыг хичээх хэрэгтэй.

Үүнийг “Тогтвортой хөгжил: ногоон хөгжил” бодлогын нэг хэсэг хэмээн авч үзэж болно. Дэлхий нийтээр хоолны хог хаягдлын асуудлыг шийдэх гэж толгойгоо гашилгаж байна. Иймд хоолыг хаягдалгүй идэж сурснаар эдийн засгаа ч хэмнэх боломж гарч ирнэ, нөгөө талаас дэлхий нийтэд нүүрлэж буй аюул болох хүнсний хомсдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм” хэмээлээ.

Дашрамд дурдахад тус салбарын мэргэжилтнүүдийн мэдээлснээр байгаль орчны төлөв байдлын тайлангийн сүүлийн 10 жилийг судалснаар жил бүр үүсч байгаа хог хаягдлын хэмжээ 800 тонноор нэмэгдэж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харин 2014 оны байдлаар улсын хэмжээнд 3,2 сая тонн хаягдал гарсны 1,1 сая гаруй тонн нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрсөн байжээ.