Цаашдаа хэт их халалт болох магадлалтай байгааг анхааруулав
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд “Цаг агаарын байдал хөдөө аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, өвөлжилтөд хэрхэн нөлөөлөх, гангын нөлөөллийн улмаас үүсэж буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдвээр уулзалт зохион байгуулав. Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны албаны хүмүүс оролцож мэдээлэв хийв.
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир танилцуулгадаа, энэ оны 6 дугаар сарын 8-наас эхлэн тариалангийн бүс нутгаар огцом халж, халуун салхитай байгаа нь чийгийн нөөц муутай байсан бүс нутгуудаар буудайн өсөлт хөгжилтөд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байгааг онцолсон юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа тус салбарын цаг үеийн ажлын талаар хийсэн мэдээлэлдээ, Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад 6 дугаар сарын 22-ныг хүртэл, цаашдаа тариалангийн үндсэн бүс нутгуудад хур тунадас багатай, хэт их халалт болох магадлалтай учир үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг үр дүнтэй шуурхай зохион байгуулах, хэрэгцээт борооны пуужингийн нөөцийг бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг дуулгалаа.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, холбогдох яам, газрын албаны хүмүүсээс мэдээлэл, тодруулга авсны дараа Цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлагуудад хандаж тус газрын цаг агаарын цахим хуудас нэн ялангуяа орон нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээг нээхэд их удаан ачаалагдаж байгааг анхааруулав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.