Өнөөдөр цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 49 дүгээр чуулганы тогтоолоор 1995 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 17-нд Цөлжилттэй тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэжбайхаар болсон билээ.
Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн гаргасан илгээмждээ “Цөлжилт бол хүн төрөлхтний өмнө учирсан хамгийн том аюул заналын нэг юм. Одоогийн байдлаар дэлхийн хүн амын 25 хувь нь цөлжилтийн улмаас зовж Зүдэрч байна. 60 гаруй сая хүн цөлжилтөөс зугтан, цагаачлах аюул тулгарлаа хэмээн дурдсан байна. НҮБ-аас 2010-2020 оныг “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын 10 жил” хэмээн зарлаад баыгаа билээ.
“Газрын хөрс бол үнэгүй зүйл биш эрүүл хөрсөнд хөрөнгө оруулцгаая" уриатайгаар Цөлжилттэй тэмцэх олон улсын өдрийг энэ жил дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймээс авч хэрэгжүүлэх гол ажил нь дэлхийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах явдал болжээ. Учир нь бэлчээр, тариалангийн талбай цөлжсөнөөс хөгжиж буй буурай орнуудад өлсгөлөн нүүрлэж, хүнсний гачигдалд ороод буй. Хүнсний хомсдолыг арилгах олон арга зам байгаа ч хамгийн чухал нь газар хөрс юм. Цөлжсөн газрыг нөхөн сэргээж байж л бид хүнсний аюулгүй байдлыг хангаж чадна гэж НҮБ-аас үзэж байна.
Манай орны хувьд ч уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан цөлжилт, хөрсний доройтол тулгамдсан асуудлын нэг бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байна. НҮБ- ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газраас гаргасан тодорхойлолтоор манай орны нийт газар нутгийн 90 орчим хувь нь газрын доройтол, цөлжилтийн аюулд өртөх эмзэг бүсэд хамаардаг байна.