Намайг битгий сонго гэвэл би “За” гэнэ
Саяхан хоёр настай хүүхэд 11 давхраас унаж аймшигт хэрэг гарсан. Түүнчлэн Хөвсгөл аймагт цоожлуулсан гурван хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан. Энэ мэт гэртээ ганцаараа үлдсэн хүүхдүүдийн золгүй явдлууд ойрын саруудад нэлээдгүй гарч байна.
Мэдээж цэцэрлэгийн хүртээмж дутуу тул ажилтай эцэг эхчүүд өөрсдийн хүүхдээ гэрт цоожлон явдаг. Гэтэл энэ нь дээрх олон муу үр дагавруулын эхлэл болж байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулдаг ч сайн үр дүнд хүрдэггүй.
Харин МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барьсаар нилээд удаж байгаа. Харин өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцлээ.
Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулин төсөлд тав хоногийн завсарлага авсан ийнхүү дуусч тус хуулийн УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Хуралдаан эхлэхээс өмнө Д.Сумъяабазар болон Ц.Оюунгэрэл, Д.Арвин гишүүн нарын хооронд нилээдгүй маргаан болов.
Д.Сумъяабазар
-Энэ хуулийн төслийг дэмжихгүй.
Ц.Оюунгэрэл
-Танайх хүүхдийн асрагчтай учраас энэ хууль бусад хүнд ямар их хэрэгтэйг чи ойлгохгүй
Д.Сумъяабазар
-Манай эхнэр хоёр хүүхдээ өөрөө гэртээ харж өсгөж байгаа
Ц.Оюунгэрэл
-Тийм сайн ойлгож байгаан бол энэ хуулийг батлаад өгчих. Би дараагийн сонгуульд нэр дэвшихгүй.
Д.Арвин
-Энэ хуулийг хүлээж байгаа олон эцэг, эх байгаа гэдгийг та нар ойлгохгүй байна. Тэнэг бөхчүүд төрд орж ирэхээр төрийг бусниулдаг юм гэв
Харин хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Хаянхярваа “Мэдээж хүүхдийн төлөөх төрийн бодлого зөв байх ёстой. Гэхдээ хүүхэд харах үйлчилгээ бол төрийн бодлоготой уялдахгүй байна. Ингэж хуумгай хандаж уг хуулийг гаргаад, хүүхдийнхээ асуудлыг шийдэж байна гэвэл бид сайн үр дүнд хүрч чадахгүй.
Дор хаяж хариуцлагын тогтолцоо гээд уншаад үзэхээр “Эрхийг нь хасна, Хуулийн дагуу тодорхой арга хэмжээ авна” гэсэн байна. Гэтэл хүүхдийн амь эрсдвэл, гэмтэж бэртээд тахир дутуу болвол яах вэ. Ийм хууль эрх зүйн орчинг энэ хуулиар зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Түүнчлэн Засгийн газар 60.4 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт суулгах боломжгүй гэдгийг хэлсэн.Бас бидэнд хүүхэд харах үйлчилгээний стандартыг бий болгоод мөрдөх ёстой.
Гэхдээ хараахан алга байна. Миний хувьд энэ хуулийг одоо ч, цаашдаа ч эсэргүүцсээр байх болно. Үүндээ би хатуу байр суурьтай байгаа. Ямар нэгэн улстөр байх ёсгүй. Хэрвээ улстөр хийнэ гэвэл хамаагүй болно. “Хүүхдийн төлөө биш хүн” гээд битгий сонгоорой гэвэл би “За” гэж хэлнэ” өөрийн байр сууриндаа хатуу зогсож байгаагаа ширүүхэн хэллээ. Харин зарчмын зөрүүтэй санал хураалт эхлэх үеэр гишүүдийн дунд нилээд маргаан дэгдлээ.
Учир нь эмэгтэй гишүүд хуралд байхгүй байгаа гишүүдийн кнопын дарах үеэр Д.Хаянхярваа гишүүн “ Та нар битгий ингэж дэг зөрчөөд бай. Бид та нарыг харж байгаа шүү. Гишүүдээ дуудаж оруулаад саналыг нь ав” гэхэд Г.Баярсайхан гишүүн “Хөөш, УИХ-ын чуулган дээр МАН-ын гурван гишүүн сууж байгаад 30 хүний кнопыг дарсан шүү. Та битгий ийм зүйл яриад байгаарай” хэмээн хатуухан хэдэн үг чулуудлаа.
Өчигдрөр хоёр байнгын хороо зэрэг хуралдсан учир гишүүд нөгөө байнгын хорооны хуралдаа бүртгүүлэхийн тулд орж, гарч байсныг хэлэх нь зөв байх. Учир нь өнөөдөр УИХ-ын тусгай чуулгантай учраас зургаан байнгын хороог цагийг нь шахаж хуралдуулсан тул ийм асуудал гарсан.
Харин байнгын хорооны дарга Д.Батцогт “Гишүүдээ дууд, ингэж алсын зайнаас санал өгдөгөө болих хэрэгтэй” гэж өөрийн үүргийн дагуу шаардлагаа тавив.
С.Дэмбэрэл “Энэ хуулийг боловсруулахад нийгэмд хэрэгцээ шаардлага байгаа эсэх болон боловсролын талаар Төрөөс баримтлах бодлогын талаар яамны байр суурь ямар байгааг тодорхой хэлээд өгөөч” гэв.
Харин БСШУ-ны яамны сайд Л.Гантөмөр “Ерөнхийлөгчийн өргөн барьсан уг хуулийг ЗГ дэмжсэн. Учир нь олон хүүхэд цэцэрлэгийн гадаа байна. Бас барилаа гэхэд хөрөнгө алга. Тийм мөнгөтэй болох дүр төрх ч харагдахгүй байна. Ялангуяа төсвийн орлого нь уул уурхай дээр бүрэн суурилж байгаа.
Гэтэл уул уурхайн сэргэлт нь ерөөсөө харагдахгүй байгаа юм. Тэгэхээр орлогогүй улс барилга барьж чадахгүй, ингэхээр цэцэрлэг баригдахгүй болохоор хүүхдүүд нь түүний гадна үлдээд байна. Хэрвээ бидэнд цэцэрлэг барьдаг мөнгө байвал ийм хууль батлах ямар ч шаардлага алга.” гэлээ.
Харин С.Дэмбэрэл гишүүн “Засгийн газар дэмжсэн юм бол яагаад мөнгө өгөхгүй гээд байгаа юм” гэдгийг тодрууллаа. Үүнд ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл “Мэдээж тийм. Гэхдээ баян болсон ч гэсэн хүүхдээ цэцэрлэгээр хангаж чадахгүй байгаа гэдгийн хөгжилтэй орнуудын жишээ харуулж байна.
Тухайлбал Их Британи улс хүүхдийнхээ 80, Канад улс 40, АНУ бол хот газраа 60 орчим, хөдөөд 30 гаруй хувийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээгээр өсгөж байна. Тиймээс бид үүнийг аль болох эрт эхлэвэл хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадна” хэмээн хариуллаа.