0-3 хүртэлх насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулав
Хүүхэд төрснөөс хойш 3 хүртэлх насандаа ирээдүйд хэн болж өсөх, хөгжих, төлөвших нь тодорхой болдог гэж дэлхий нийт үзэж байна. Тэгвэл амьдралын алтан үеийг нь зөв чиглүүлж, хөгжүүлэхийн тулд “Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг БШУЯ боловсруулжээ.
Монгол Улс 0-3 хүртэлх насны 231,4 мянган хүүхэдтэй. Гэр бүлийн орчинд болон олон нийтэд түшиглэсэн үйлчилгээгээр тэдний хөгжлийг дэмжихэд энэ хөтөлбөрийн зорилго оршиж буй юм. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөр нь 3 хүртэлх настай хүүхдийн бие бялдар, хөдөлгөөн, танин мэдэхүй, хэл яриа, сэтгэл хөдлөл, харилцааг хөгжүүлэхэд чиглэжээ.
Хөтөлбөр боловсруулсантай холбоотойгоор өчигдөр буюу энэ сарын 25-нд холбогдох яамд, төрийн байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна.
Энэхүү хэлэлцүүлгээр Бага насны хүүхдийн эрт үеийн хөгжлийн талаарх онол, үзэл баримтлал, дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын туршлагыг хуваалцаж, 3 хүртэлх буюу хүний хөгжлийн “Алтан үе”-ийн хөгжил хамгийн чухал болохыг онцлон ярилцжээ.
0-3 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт салбар бүрийн оролцоог хангах нь хамгийн чухал юм. Энэ насны хүүхдэд эрүүл мэнд, хамгаалал, боловсрол гээд цогц үйлчилгээг үзүүлэх ёстой. Өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд дагнасан үйл ажиллагаа явуулсаар ирсэн бол цаашид хамтарч ажиллахаар болж байна.
Хүүхдийн хөгжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч, олон улсын байгууллагын дэмжлэгийг авахын зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, ойлголтыг сайжруулах нь хамгийн чухал юм.