Х.Баттулга гишүүний өрөөгөөр зочиллоо
“Гишүүдийн өрөөгөөр зочилъё” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Х.Баттулга уригдан оролцлоо.
Тэрээр Төрийн ордны дөрөвдүгээр давхарын 441 тоот өрөөнд 2004 оноос хойш сууж байгаа аж. “Анх УИХ-ын гишүүн болоод энэ өрөөнд орсон. Тэрнээс хойш гурван сонгууль дамнан сууж байна даа” гэсээр биднийг угтав. Үдийн цайны цаг өнгөрөөгөөд өрөөнд нь очиход түүний охин хоол хийж авчирч өгөөд бидэнтэй зөрөөд гарав.
-ИЙМ Л СОНИРХОЛГҮЙ ХҮН ДЭЭ-
“Ийм л сонирхолгүй хүн дээ. Миний өрөөнд үзэж хараад байх зүйл байхгүй дээ. Төслийн баримт, бичгүүд дүүрэн байна. Сайдаар ажиллаж байхдаа хийлгэж байсан Төмөр замын дэд бүтцийн зураг, Төмөр замын бодлого, 100 мянган айлын төсөл, яаманд байхдаа хийж байсан судалгаа, төслүүд байна” гэв. Товчхондоо өрөөгөө танилцуулаад болчихсон нь тэр байлаа. Баянхонгорын газрын зураг болон Засгийн газрын гишүүдийн зургийг ханандаа өлгөжээ.
Ширээн дээрээ Арьс шир, Шинэ хот, Шинэ сум, 100 мянган айл, Хот төлөвлөлт, Ажилгүйдлийг бууруулах зэрэг томоохон төслүүд, Алтанбулагийн хурдны зам, Тавантолгойн гэрээний төслийн дүгнэлт зэрэг томоохон бичиг баримтууд тавьсан байв. “Харамсалтай нь энэ бүхнийг ойлгуулах гэж их зовж байгаа юм. Гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд гээд ойлголцохгүй болохоор нь Засгаас гарсан” гэв. Ийм их төсөл боловсруулсан. Энэ бол асар том ажил, олон хүний хүч хөдөлмөр гэлээ. “За ийм л сонирхолгүй нөхөр дөө. Танай сайтыг муухай болгочихов уу” даа хэмээн хошигнов.
-ЗАЛУУ БАЙХДАА МАРК ЦУГЛУУЛДАГ БАЙСАН-
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар Хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байсныг нь сонирхоход “Гэр хорооллын хүүхдүүдийн адилаар л тэмдэглэдэг байсан. Парк явна. Парк тэр үед их сайхан сэлүүхэн байсан. Онц гойд тэмдэглэдэггүй байсан. Ээж, аав унадаг дугуй, бөмбөг ч юм уу, ямар нэг бэлэг өгдөг байлаа” хэмээв.
УИХ-ын гишүүн Х.Баттулга уран зургийн номууд цуглуулдаг байна. Тэрээр “Залуу байхад марк цуглуулдаг байсан. Маркны цуглуулга их байгаа. Байрлуулах газар олдохгүй байна. Одоо нэг их цуглуулаад байгаа юм алга” гэв.
Тэрээр Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг. Тиймдээ ч долоо хоногийн нэг дэх өдрөөс тав дахь өдрийн өглөө бүр 07-08 цагийн хооронд жүдочидтойгоо өглөөний бэлтгэл хийдэг байна. Харин долоо хоногийн тэгш өдрүүдэд оройн цагаар хүчний болон дэвжээний бэлтгэл хийдэг аж. Казакстаны Жүдо бөхийн холбоо болон Баянхонгор хөгжлийн төлөө сангаас өгсөн дурсгалын зүйлсийг ширээндээ байрлуулжээ.
Ж.ГАНЦЭЦЭГ
Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН