76:14 буюу Байр сууринаасаа хазайгаагүй гишүүн
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.05.21

76:14 буюу Байр сууринаасаа хазайгаагүй гишүүн

“76:?” булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг онцолж байна. Тэрбээр 2012 оны сонгуулиар АН-аас Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж, ард түмний итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон билээ. 

АМЛАЛТ

Ерөнхийдөө сүүлийн сонгуулиудаар гишүүд хувьдаа мөрийн хөтөлбөр боловсруулаад, өч төчнөөн зүйл амлахаа больсон. Учир нь намын мөрийн хөтөлбөрийг гол чиг шугамаа болгон явж байгаа. Намаас нь ч тийм чиглэл өгч, сонгуульд оролцуулж байгаа гэхэд болно. 

Гэхдээ мэдээж тойрогт өрсөлдөж байгаа гишүүн гэдэг утгаараа хувьдаа уриатай, тодорхой чиглэл, хөтөлбөртэй оролцож таарна шүү дээ. Г.Баярсайхан гишүүн 2008 оны сонгуульд өрсөлдөхдөө Чингэлтэй хайрханаа дархлах ажлыг хийх амлалт өгч, “Улс төрд мод тарья” гэсэн уриатай оролцож байж.

Харин 2012 онд “Түмнийхээ үгийг төрийн зүрхэнд хүргэе”  гэсэн уриатайгаар оролцож, улмаар сонгогдсон байдаг. Ард түмний төлөөлөл болж байгаагийнхаа үүргийг биелүүлнэ гэсэн л санаа шүү дээ. 

Түүнийгээ ч сайн биелүүлж яваа. Тавантолгой, Оюутолгойн асуудал дээр ард түмэн, Монгол Улсад хэрэгтэй гэсэн хувилбарыг сонгож, байр сууриа илэрхийлсэн. 

Тухайлбал, Тавантолгой дээр төр 51 хувийг эзэмших ёстой гэдэг ч юм уу. Анхнаасаа л тийм байр суурьтай байсан. Огт өөрчлөгдөөгүй. Дээрээс нь байгаль орчин чиглэлд тууштай ажилладаг хүн. Тэр талаар ч сонгуульд өрсөлдөхдөө амлалтаа өгч, түүнийгээ биелүүлж яваа. Тухайлбал, Ноён уулын асуудал дээр хамгаалах талаас нь байр сууриа илэрхийлсэн. 

Тэр ч битгий хэл хуулийн төсөл санаачлаад, төрийн тусгай хамгаалалтад авахаар зүтгэж байгаа. Мандал сумын иргэдтэй хамтарч ажиллаж буй. Харин Сэлэнгэ аймгийн удирдлагууд дэмжихгүй байгаа гэдгийг өөрөө хэлдэг. 

Ерөнхийдөө Г.Баярсайхан гишүүн байгаль орчныг хамгаалах тал дээр үргэлж тэмцэж, үгээ хэлж явдаг төрийн түшээ. 2008 оны сонгуульд өрсөлдөж байхдаа, УИХ-д суух хугацаандаа ч энэ чиг шугамаа алдаагүй, байр суурин дээрээ хатуу байж ирсэн. 

Өнөөдрийг хүртэл тэр хэвээрээ л байгаа. Ерөнхийдөө түүний хэлсэн ярьснаасаа хазайгаагүй байдлыг амлалтаа биелүүлж яваа гэж дүйцүүлэн дүгнэхэд болохгүй юмгүй.  

Мөн Ардчилсан намын 2012 оны сонгуулиар амласан амлалтууд, мөрийн хөтөлбөрийн биелэлт­ийг нь харахад ч ажил хэрэг болж байгаа зүйл маш их. Мэдээж биелээгүй амлалт байлгүй л яах вэ. Бүх зүйл хэлсэн ярьсны зоргоор бүтээд байдаг юм гэж хаа байх билээ.  Гэхдээ эрх баригч нам 2012 онд барьж орсон мөрийн хөтөлбөрөө зохих хэмжээнд нь биелүүлээд явж байгаа. Энэ бүхэнд Г.Баярсайхан гишүүний оролцоо тодорхой хэмжээнд бий. 

Түүнээс гадна Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалт хийж, ажил хийж байгаа. Чингэлтэй дүүргийн гэр хорооллууд, тухайлбал Дэнжийн-1000 орчим хад асга ихтэй газар байрладаг. Тийм болохоор зам, гүүрнээс эхлээд олон бүтээн байгуулалтын ажлыг хийх шаардлагатай байдаг аж.

Тэгвэл Г.Баярсайхан гишүүний санаачилгаар 10 гаруй гүүрийг хийгээд явж байна. Дээрээс нь сургууль, цэцэрлэгээс авахуулаад Чингэлтэй дүүрэгт хийгдэж байгаа бүхий л бүтээн байгуулалтын ажилд гишүүний оролцоо бий.  

Төсөв хөрөнгө батлахад гишүүн болгон л өөрсдийн тойрогт, ард иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдэж, тодорхой хэмжээнд хөрөнгө мөнгө авахыг хичээдэг. 

Ёстой л хэн их гүйсэн нь хөрөнгө оруулалт авах болдог шүү дээ. Тэгвэл Г.Баярсайхан гишүүн дүүрэгтээ төсөв хөрөнгө татах тал дээр бусад түшээдээс илүү гарч ажилладаг уу гэхээс дутахгүй.  Энэ бол УИХ-д Чингэлтэй дүүргийн иргэдийг төлөөлж сууж байгаагийн хувьд түүний хийж байгаа ажлууд. 

Тэгэхээр амлалтаа биелүүлж байгаа гэхээс өөр яах билээ. Дээрээс нь Г.Баярсайхан нийгмийн ажлыг сайн хийдэг. Тухайбал, “Халуун сэтгэл” аяныг өрнүүлдэг. Хороодын орлого багатай иргэдэд тусламжийн гараа сунгаж, чадах ядахаараа тусалж байна.  Мөн ард иргэд, худалдаачдын  хүсэлтээр “Хүчит шонхор” захыг бүтэн ажиллуулдаг болсон. Уг нь долоо хоногийн нэг өдөр амардаг байсан юм билээ.  

Хүнсний зах амрахаар мах шөлнөөс авахуулаад хүнсний бүтээгдэхүүн муудах эрсдэлтэй байж. Нөгөө талаар мах, гурил гэдэг стратегийн бүтээгдэхүүн. 

Тиймдээ ч эдгээр бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчид долоо хоногийн долоон өдөр ажиллаж, иргэд ч хүнсний зүйлээ худалдаж авч байх ёстой аж.  

Тэр ч утгаараа дүүргээс сонгогдсон гишүүндээ хандаж. Г.Баярсайхан гишүүн ч хүсэлтийнх нь дагуу шийдвэрлэж өгч, шүүхийн шийдвэрийг долоо хоногт бүтэн ажиллаж байхаар гаргуулсан юм билээ. Энэ мэтээр дурьдаад байвал хийж, хэрэгжүүлж байгаа ажил маш их. 

Зарим хүмүүс зах долоо хоногийн бүх өдөр ажилладаг болсон нь гишүүнд ямар хамаа байна гэж үл ойшоож магадгүй. Гэхдээ хийсэн ажил, ард түмний хүссэн зүйлийг шийдвэрлэж өгнө гэдэг бага зүйлээс эхэлдэг. Ер нь бол монголчууд тус багаддаггүй гэдэг. Дээрээс нь Г.Баярсайхан гишүүн сонгогчид, ард иргэдтэйгээ ямар ойр ажиллаж, “Түмний үгийг төрийн зүрхэнд” хүргэж байгаагийн жишээ энэ. 

АМЖИЛТ


Г.Баярсайхан гишүүн 2008, 2012 оны сонгуулиар Чингэлтэй дүүргээс дараалан сонгогдсон.  Улаанбаатар хотын төвийн дүүргээс хоёр удаа дараалж сонгогдоно гэдэг хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүний л хийж чадах ажил. Дээрээс нь бусад намын хамгийн шилдэг, нэр хүндтэй гэсэн улстөрчидтэй өрсөлдөж байгаа шүү дээ.  

Энэ бол түүний хэр амжилттай ажиллаж байгаагийн нэг том илэрхийлэл гэж хувь хүний үүднээс дүгнэмээр байна. Харин өнгөрсөн 2012 оны сонгуулиас хойш ямархуу амжилттай ажиллаж байгаа вэ гэдэг талаас нь дүгнэвэл арай өөр жишээ дурьдах хэрэгтэй болох байх. 

Г.Баярсайхан гишүүн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар хоёр жил ажилласан. Тэр хугацаандаа Хүнсний тухай хуулийг УИХ-аар батлуулсан. 

Түүнийг байнгын хорооны даргаар ажиллаж байх үед энэ хууль батлагдаж, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой эрх зүйн орчин тодорхой болсон юм. Энэ бол амжилт.  Нэгэн үе хувь хүн хилээр хүнсний бүтээгдэхүүнийг дураараа оруулж, юу хамаагүй авчирдаг байсан. 

Одоо бол байдал шал өөр болсон. Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолдог болсон.  Гэх мэтээр маш хэрэгтэй заалтууд орсон. 

Тэр болгоныг бичээд, тоочоод байвал цаг, цаас хүрэлцэхгүй.  Өөр нэг том амжилт гэвэл тэрбээр урт нэртэй хуулийг өөрөө санаачилж, батлуулсан хүн. 

Мэдээж хамт санаачлаад, боловсруулалцсан гишүүд цөөнгүй байгаа. Гэхдээ гол хүн нь Г.Баярсайхан гишүүн. Харин эдийн засгийн хямралыг далимдуулаад нөхдүүд усны сан болоод ойн сан бүхий газар олборлолт явуулахгүй, болохгүй гээд өөрчлөхөөр дайрсан. Тэр үед өөрийн байр суурин дээрээ бат байж чадсан хүн нь тэр. 

Гэтэл Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлээд хамт санаачилсан хүмүүс нь өөрийнхөө байр сууринаас ухарч, ухах талд нь дэмжээд явж байсан талаар Г.Баярсайхан гишүүн хэлж байсан. Харин байр суурин дээрээ хатуу байж, ганхахгүй нь тэр юм. Энэ бол амжилт яах аргагүй мөн. 

Байгаль орчин сүйдэж байгаа нь манай улсын гол тулгамдсан асуудал. Энэ тал дээр тэмцэх, хамгаалах төрийн түшээд хэрэгтэй. Тэгвэл Г.Баярсайхан гишүүн тийм байж чадсан юм. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах гэж үзэж байх үед түүнд Засгийн газраас, Ерөнхий сайдын зүгээс, уул уурхайн компаниудаас янз бүрийн лобби ирж байсан юм билээ. 

Тэр ч битгий хэл мөнгө төгрөг ч амлаж байсан гэсэн. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө санаачилж батлуулсан хуулийг хэвээр нь үлдээх тал дээр хатуу байр суурьтай байж чадсан байдаг. Харамсалтай нь байнгын хорооны даргын албаа өгсний дараа Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан даа.  Энэ мэтээр түүний хийж хэрэгжүүлсэн ажил, амжилтуудыг дурьдвал цөөнгүй. 


АЛДАА
ТЭНЭГЛЭЛ


2012 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, У.Хүрэлсүх нар маргалдаж, Төрийн ордонд заамдалцаж авсан. Тухайн үедээ МАН-ын бүлэг байгуулах асуудлаас болж энэ маргаан үүссэн байдаг.  Ер нь бол гишүүд маргалдах, барилцаж авах, нударга зөрүүлэх асуудал дэлхийн аль ч парламентад байдаг л асуудал.  

Тэр үүднээс нь аваад үзвэл хоёр гишүүний маргасан, барилцаж авсан нь байх л зүйл гэж харж болохоор. Гэхдээ нөгөө талаас нь хараад үзвэл жаахан тэнэг үйлдэл шүү дээ.Тэр үйл явдлын дараа У.Хүрэлсүх гишүүн /тухайн үед гишүүн байсан/ байр сууриа илэрхийлж, уучлал гуйхдаа гуйж, янз бүрийн зүйл ярьсан. 

Ерөнхийдөө бурууг Г.Баярсайхан гишүүн рүү л тохсон гэхэд болно.  Харин Г.Баярсайхан гишүүн өөрийгөө зөвтгөж ч яриагүй, буруутгаа ч үгүй. Дуугүй л өнгөрсөн. У.Хүрэлсүхийн уучлалыг хүлээж авснаа мэдээлсэн. Энэ нь нэг талаар түүний алдаа ч байж болох. Ард иргэд У.Хүрэлсүхийн яриагаар түүнийг дүгнэх талтай шүү дээ. 

Гэхдээ нөгөө талаас нь харвал, дуугүй өнгөрсөн нь монгол эр хүний жудгийг харуулсан хэрэг байсан. Тэр утгаараа ард түмэнд таалагдсан байх. Дараа нь тэр хоёр монгол эр хүний ёсоор хөөрөг зөрүүлж харагдсан. Эрчүүд нэг иймэрхүү л байх хэрэгтэй шүү дээ. 

ИРЭЭДҮЙ

Г.Баярсайхан гишүүн Улаанбаатар хотын төвийн дүүрэг болох Чингэлтэйгээс хоёр удаа сонгогдсон, түмний итгэл даасан төрийн түшээ. 

Ардын нам Чингэлтэй дүүрэгт дандаа нэр хүндтэй улстөрчдөө өрсөлдүүлдэг.  Харин Ардчилсан нам бол залуу улстөрчдөө явуулдаг гэж ойлгож болно. 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 2008 онд өрсөлдөж байсныг эс тооцвол шүү дээ. Харин “начин”-гаа баталж чадсан нь Г.Баярсайхан гишүүн. Тийм болохоор тэр ирэх жилийн сонгуулиар жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэх боломжтой. Болзлоо ч хангачихсан.  Гэхдээ мань хүн ирэх сонгуулиар ч гэсэн Чингэлтэй дүүрэгтээ өрсөлдөхөө ил тодоор илэрхийлж яваа хүн.  

Хоёр удаа сонгогдсон.  Дээрээс нь ард түмнийхээ төлөө ажиллаж чадаж байгаа болохоор тэрбээр Чингэлтэй дүүргээс дахиад сонгогдохгүй гэх газаргүй. Тэгэхээр түүний ирээдүйг сайнаар харж болно. Хэрвээ дахиад сонгогддог юм гэхэд Байгаль орчны сайд болох ч боломж түүнд бүрэн бий.