Тэр ажлаа сайн мэднэ
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.05.27

Тэр ажлаа сайн мэднэ

Сангийн сайдаар томилогдсон Сэлэнгийн өөр нэгэн хөвгүүн бол одоогийн засгийн газрын гишүүн Ж.Эрдэнэбат.

Ажлын гараагаа нягтлан бодогчоор эхэлж байхдаа ирээдүйд салбарын сайдыг нь хийнэ гэдгээ мэдээгүй нь ойлгомжтой. Тоо, мөнгөтэй нилээд ойрхон ажиллаж ирсэн тэрээр 2005-2008 онд аймгийнхаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгийн засаг даргаар томилогдон дөрвөн жил амжилттай ажилласан.

Тиймээс нутгийнхаа засаг даргыг УИХ-д сойхдоо Сэлэнгэ хөвөөнийхөн үнэхээр ам сайтай байж итгэл хүлээлгэсэн. Харин сонгосон хүн нь  бүр амжилттай байж Сангийн сайдаар томилогдов. Түүнийг сайд болоход өөрийн болон өрөөлийнхөн нэлээдгүй олон зүйл захисан. Тухайлбал Ө.Энхтүвшин гишүүн сайдаар томилогдох гээд УИХ-аар хэлэлцэж байх үед нь “Тун амаргүй яамыг толгойлохоор болж байна.

Бид идэр ес тачигнах гэж буй цагаар явдалтай, түчигнээнтэй айлын хашаанд буулаа л даа. Одоо АН-ынхан МАН-аас сонгогдсон Сангийн сайдыг шахаад өрийн таазыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй боллоо гэх нь л дээ. Ийм зүйл байхгүй шүү” хэмээхэн хатуухан хэдэн үг хэлсэн. Үнэхээр онож хэлсэн.

Одоогийн яамдуудаас хамгийн их хэл, ам шуугиан таталдаг нь түүний толгойлж байгаа яам гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Улсын төсөв, цалин, тэтгэвэр, зээл, тусламж гээд бүх л мөнгөтэй холбоотой асуудлууд бүгд л сайдаар дамжина.

Гэхдээ одоог хүртэл өөрийн дааж авсан ажлаа төр, ард түмнийхээ өмнө үнэхээр сайн авч байгааг салбарынх нь ажилтнууд хэлдэг.

Өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Өрийн удирдлагын стратегийг хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол Улс хэдий хэмжээний өрийг тодорхой хэлж өгөөч.

Та бүхэн өрөнд хийх зорилгоор Сангийн яаман дээр суугаад байгаа юм биш биздээ МАНАН-ийн төрөө” хэмээн нэлээдгүй ширүүн дайрсан ч угийн тогтуун дуутай Сангийн сайд маань нэлээд ухаалгаар тавьсан асуултанд нь хариулсан. Үнэхээр улстөрч хүний ухаалаг, төлөв занг аргагүй л үнэртүүлдэг сайд даа.