УИХ-ын гишүүн Д.Ганхуяг зорилтот бүлгийн 1200 хүүхдийг баярлууллаа
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр "Хүүхдийн баяр"-ыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Налайх, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдэд гарын бэлэг өгч, урлагийн тоглолт үзүүлэн хүүхэд багачуудын баярыг нь хуваалцлаа. Тэрбээр энэхүү үйл ажиллагааг найм дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Баянзүрх, Налайх дүүрэг нь 0-16 насны 35мянга гаруй хүүхэдтэй бөгөөд эдгээрээс зорилтод бүлгийн хүүхдүүд болон сурлага, урлаг, спортоороо манлайлагч хүүхдүүдийг ийнхүү хамруулдаг байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Би өөрөө хүүхэд баярлуулах дуртай. Тийм ч учраас жилд ганц тохиох хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр нь бэлэг өгдөг уламжлал тогтоод найман жил болж байна. Энэ удаа 1200 хүүхдэд бэлэг гардууллаа. Ингээд Монголын ирээдүй болсон нийт хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, "Монголын үрс маш олон болтугай" гэж ерөөе.
Ингээд бэлэг аваад хөөрч гүйлдэх бяцхан хүүхдүүдээсээ сэтгэгдлийг нь асуусан юм.
-Бид хоёрыг Энхбадрал, Энхбадрах гэдэг. Гоё бэлэг өгсөн энэ зурагтаар гардаг ахад баярлалаа. Бас энд дагуулж ирсэн ээждээ хайртай шүү.
-Намайг Энхжин, манай дүүг Мөнхжин гэдэг. Бэлэг өгсөнд баярлалаа. Зөндөө бэлэг өгдөг болохоор хүүхдийн баярт хамгийн их дуртай. Дараа нь шинэ жилд дуртай.
Бид хоёр таван настай. Нэрээ хэлэхгүй нууц. Харин манай дүү Лхамсүрэн танихгүй хүнтэй ярихаасаа ичдэг юм. Тэгэхдээ бэлэг өгсөнд баярлалаа гэж энэ ахад хэлмээр байна би.