МАН-ын дарга М.Энхболд Дмитрий Анатольевич Медведевт мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд Аугаа эх орны дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга, Бүх Оросын улс төрийн“Нэгдмэл орос орон” намын дарга ноён Дмитрий Анатольевич Медведевт мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр“...Танд болон таниар уламжлан Оросын нийт ард түмэн, эх орны дайнд оролцсон ахмад дайчдад халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Дэлхийн II дайны хүнд бэрхийг нуруундаа үүрч, олон сая иргэнийхээ халуун амь, бүлээн цусаар хүн төрөлхтнийг фашизмын аюулаас авран хамгаалж түүхэн ялалт байгуулсан ЗХУ, Оросын ард түмэн, Улаан армийн дайчдын баатарлаг гавьяаг бид бахархан дурсч, МАН-ын мянга мянган гишүүн, дэмжигчдийн өмнөөс гүн хүндэтгэлээ илэрхийлж байгааг хүлээн авна уу.
Дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэнтэй сэтгэл зорилго нэг байж, орон даяар“Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” уриатай ард түмний хөдөлгөөн өрнүүлэн, хүн бүр чин сэтгэлээсээ тусалсан бөгөөд энэхүү хөдөлгөөнийг МАН удирдан зохион байгуулж, манай намын гишүүд манлайлан оролцож байсан түүхээрээ бид бахархаж явдаг. Дайны талбарт шалгагдаж, энхийн бүтээн байгуулалтын жилүүдэд бэхжсэн Монгол-Оросын ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагаа улам батжин хөгжинө гэдэгт бид итгэл төгс байна” гэжээ.