Мөнгө хүүлэгчдийн захиалгын хууль
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураахад гишүүдийн 75 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ингэснээр хуулийн төслийг Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд Үндсэн хуултай зөрчилдөх эсэх, луйвар, наймаа цэцэглэх, хүүхдэд өмчлүүлсэн газрыг хэрхэх талаар асуулт асууж байлаа. Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээрх хуулийн төсөл Үндсэн хуультай огт зөрчилдөхгүй гэсэн юм.
Харин гишүүд ийн байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд
Цаг үеэ олсон хууль учраас дэмжиж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр иргэн бүрт газар эзэмшүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг тусгасан. С.Ганбаатар гишүүний болгоомжлол нэг талаас зөв. Гарын үсэг зураад л газраа алдчихгүй байхаар хамгаалалт байх ёстой. Үүнийг тусгах бололцоотой юу. Өнөөдрийг хүртэл газартай холбоотой луйвар их байна. Хууль ёсоор байшингаа зарчихаад газрынхаа гэрчилгээг аваад үлдчихдэг луйврын хэргүүд гарч байна. Ийм хэрэг гарахгүй байх үүднээс хамгаалалт байх ёстой. Үүнийг тусгахыг Засгийн газар дэмжиж байна уу?
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан
2004 оноос иргэн бүрт газар эзэмшүүлэхээр болсон. Газрын хэмжэнэ, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа ямар бодлого баримтлах нь тодорхойгүй явж ирлээ. Хөрөнгийн үнэлгээний хуульд үл хөдлөх хөрөнгийг газрын хамт барьцаалж болно гэж заасан. Гэтэл газар өөр өөр үнэтэй байна. Хэдхэн төгрөгөөр газраа барьцаалаад явж болохгүй. Энэ бүхнийг хэлэлцүүлгийн явцад анхаарахыг хүсье.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
Долоо хэмжиж нэг огтол гэдэг. Унгар ийм хуультайгаас өнөөдөр хүнд нөхцөлд орсон. Тэд виноны үйлдвэрээс бусдыг гадныханд алдсан. Манайх 22-24 хувийн хүүтэй байгаа. Бизнес хийх орчин бүрдээгүй байна. Орчноо бүрдүүлж байж ийм хууль оруулж ирээч. Судалгаа тооцоотой хандаачээ. Мөнгө хүүлэгчид барьцаа хөрөнгийг хурдан авах гэсэн хүмүүсийн захиалгын хууль.