Ирээдүйгээ бодоод батлаадхаач гишүүдээ
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
2015.05.26

Ирээдүйгээ бодоод батлаадхаач гишүүдээ

Энэ сарын 12-ны Хөвсгөл аймагт гурвын гурван хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарсан. Энэ талаар хэвлэлээр “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 8-ны өдөр иргэн А-гийн 8х12 харьцаа­тай палкан байшин шатаж, бага насны гурван хүүхэд амиа алдсан харамсал­тай хэрэг гарсан байна. Тодруулбал галын улмаас хоёр настай эрэгтэй Б,  ар­ван настай эрэгтэй  А,  зургаан настай эмэгтэй Э нар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ цоожлох, насанд хүрсэн хүний хамгаалалтгүй орхисноор гэрт үлдсэн хүүхдүүд бэртэж гэмтэх, гал түймэрт өртөх, осолдох, эндэх нь нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 31683 ор бүхий 178 цэцэрлэгт 59474 хүүхэд хүмүүжиж байгаа нь цэцэрлэгийн барилга хүчин чадлаас даруй 1,87 дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа тул даруй 150 хүүхдийн хүчин чадалтай 374 цэцэрлэг барих шаардлага тулгараад байгаа.  Гэхдээ ийм тооны цэцэрлэг ирэх хичээлийн жилээс өмнө баригдана гэвэл мянгуужингийн үлгэр болно.

Улсын хэмжээнд хоёр жилийн өмнөх байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас /одоо бол өссөн/ 61585 мянга нь буюу дөрвөн хүүхэд тутмын нэг, нийслэлд  74900 хүүхэд байгаагаас 21400 мянга нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа аж.

Түүнчлэн осол гэмтэлд өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 60,9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдэх байдлаар гэмтдэг бол асран харах, хараа хяналт байхгүйн улмаас сар бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхидог гэдгийг НҮБ-ийн хүүхдийн сангийн 2007 оны тайланд дурьджээ.

Харин эдгээр зүйлүүдэд тулгуурлан Ерөнхийлөгчийн зүгээс “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг санаачилж УИХ-д өргөн барьсныг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ.

Түүнчлэн уг хууль нь Л.Эрдэнэчимэг, З.Баян-Сэлэнгэ, С.Ганбаатар нарын нэр бүхий гишүүдээс хүүхэд харах үйлчилгээг бий болгохтой холбогдуулан санаачилсан “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй уялджээ.

Хуулинд тусгагдсанаар хүүхэд харах төвийг тусгайлан байгуулж гадна орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хамгаалагдсан хэвийн нөхцлийг бүрдүүлэн, зөвхөн хүүхэд үйлчилгээний зориулалтаар ашиглаж амрах, тоглох, гар угаах, бие засах газар болон гал тогоо нь тусдаа байхаар тусгагджээ.

Харин цагийн хуваарь нь 12 цагаас илүүгүй байж, өглөө, өдөр хоёр халуун хоол, үдийн өмнөх, үдийн хойшхих хоёр удаагийн цайны үйлчилгээг олгож байхаар хуулийн төсөлд заажээ. Энэ мэтчилэн цэцэрлэгийн бүртгэлээс хоцорсон хүүхдүүдийг аюулгүй орчинд сурган хүмүүжүүлэх зорилго бүхий заалтууд нэлээдгүй байгаа юм.

Төсөвт үзүүлэх нөлөө

Юун түрүүнд хууль батлагдвал бага насны хүүхдээсээ шалтгаалж хөдөлмөр эрхлэх боломжгүй эцэг эх, асран хамгаалагчид тодорхой хөдөлмөр эрхэлснээр өрхийн хөгжлийг дэмжих, гэр бүл байнгын баталгаатай, орлоготой болох нөхцөл бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл тухайн Хүүхэд харах төвийн асран хамгаалагч багшийн үүргийг тэдгээр эцэг эхчүүд бүрдүүлнэ гэсэн үг. Одоогийн байдлаар 31500 гаруй эцэг, эх, асран хамгаалагч байгаа аж. Тиймээс эдгээр хүмүүс ч гэсэн тогтмол ажлын байртай болох юм.

Түүнчлэн үйлчилгээнд зориулж төсвөөс хоолны зардал болон нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор хуулийн төсөлд тусгасан. Ингэвэл нэг хүүхдэд нэг сард хоолны зардал гэж 36300 төгрөг, норматив буюу хувьсах зардалд 70500 төг, нийт 116 900 төгрөгний зардал олгогдохоор тооцжээ.

Яг энэ тооцоогоор 2014-2015 онд хамрагдаж чадахгүй байх магадлалтай 52300 мянган хүүхдийг бүрэн хэмжээгээр хамруулна гэвэл тухайн хичээлийн жилд 54.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.