Эрүүлжүүлэх буюу Эрүүл чийрэг болгоё
2009 онд буюу дөрөвхөн жилийн дараа 53.4 сая.литр болж өсчээ.
2015.05.26

Эрүүлжүүлэх буюу Эрүүл чийрэг болгоё

Далай лам нэгэн удаа үдлээд буцахдаа “За Монголчууд минь архиан бага ууж айрагаа тааваараа уу” хэмээн айлдаад явсан. Энэ үг нь ч монголчууд бидний сэтгэлд хадаастай үлдсэн.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын судалгаагаар буюу олон улсын түвшний стандартаар нэг хүний спиртний жилийн хэрэглээ 6.1 литр бөгөөд, 8-9 литрт хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үзсдэг бол бидэнд ноогдох нэг хүний спиртийн жилийн хэрэглээ нь 2009 онд 9.2 литр байгаа нь улаан зурвасыг давчихсан хэрэг юм. Түүнчлэн согтууруулах ундааны үйлдвэрлэл ч гэсэн жил бүр өссөн үзүүлэлтэй байгаа.

Тухайлбал 2005 онд 19 сая.литрийг үйлдвэрлэсэн бол 2009 онд буюу дөрөвхөн жилийн дараа 53.4 сая.литр болж өсчээ. Харин үүний  76.1 мянган литрийг нь хоёр дахь зах зээл рүү гаргасан байна. Гэхдээ энэ тоо өдийд өссөн ойлгомжтой. Мөн архи уух нас улам л багасаж байгааг хэн хүнгүй хэлж байгаа.

Монголын өсвөр үеийнхний /12-17 насныхан/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн гэдгийг Дэлхий зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацын судалгаа нотолжээ. Харин архины анхны ойлголтыг гэр бүлийн хамгийн хайртай хүмүүс болох аав, ээж, ах эгч, эмээ өвөө олгодог байна. Үнэхээр тийм. Магадгүй аавынхаа захисан архинд дэлгүүр лүү гүйж үзээгүй хүн бараг үгүй байх.

Тиймээс уламжлал гэх зүйлийг дагасан эдгээр зүйлс архины зохисгүй хэрэглээг улам өөгшүүлсэн үйлдэл болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн архи, согтууруулах ундааг хамгийн ихээр түгээдэг нэгж нь хүнсний дэлгүүр. Түүний дараагаар ресторан, бар, пафууд ордог. Зөвшөөрлийн хувьд нэг эсвэл хоёр жил гэх мэтээр тогтсон хугацаа байдаггүй нь нэлээд асуудал үүсгэдэг байна.

Харин УИХ-аар  Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Гол өөрчлөлт нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга олгодог болно.

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нь харьяалах нутаг дэвсгэрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоохоор тусгана гэдгийг ажлын хэсгийнхэн хэлсэн.

Түүнчлэн хуулийн өөр нэг томоохон өөрчлөлт нь эх орны үйлдвэрийн болон импортын бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарсанд ногдуулж буй онцгой албан татварт харгалзах хатуулгийн хэмжээг бууруулах, төрийн өмчит хуулийн этгээд төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгах зэрэг заалтуудыг нэмэлтээр оруулаад байгаа аж.

Түүнчлэн одоогийн хуулинд заасан архи зарах цагийн хязгаарлалтыг алга болно гэдгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр хэлсэн. Харин цагийн хязгаарыг тухайн нутаг дэвсгэр дэх ИТХ тогтоох юм. Ингэснээр дүүрэг, аймаг, сум бүр өөрийн гэсэн хуваарийг гаргана гэсэн үг. Үүнийг зарим гишүүд “архины хэрэглээг улам өөгшүүлсэн хэрэг болно” хэмээн хэлж байлаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзан ““Архины татвараас бий болсон орлогын тодорхой хувийг архины дон гэдэг өвчнөөс салгахад зарцуулах. Архины дон туссан хүн бол өвчнөө мэддэггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Тийм хүнийг эмчлэх, албадан ажил хийлгэх талд анхаараарах ёстой” гэдгийг ажлын хэсгийнхэнд санал болгож байсан юм.

Харин УИХ-ын дарга З.Энхболд “Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн зургийг фейсбүүкээр цацаж болох юм” гэсэн марзан зөвлөгөөг хүртэл өгөөд амжсан. Ямартай ч хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцсэн. Харин өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.