Х.Батттулга: Архи тамхи үйлдвэрлэгчдийн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлая
ҮХАА-н сайд Х.Баттулга
2013.12.06

Х.Батттулга: Архи тамхи үйлдвэрлэгчдийн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлая

“АРХИНЫ ХОР ХӨНӨӨЛИЙГ БУУРУУЛАХАД БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ҮХАА-Н САЙД Х.БАТТУЛГЫН ТАВЬСАН ИЛТГЭЛ.

Сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ хавтгайрч, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг хүний аюулгүй байдал, цаашилбал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч согтууруулах ундааны хэрэглээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг тэмдэглэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны эхний хуралдаанаар архидалттай хэрхэн тэмцэх асуудлыг авч хэлэлцэхээр зарласан нь уг асуудал улс орны язгуур ашиг сонирхолд аюул учруулахуйц ноцтой хэмжээнд аль эрт хүрснийг Монголын төр засаг хүлээн зөвшөөрсний тод жишээ юм.

Сүүлийн хэдэн арван жил согтууруулах ундааны хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад нэмэгдэн дэлхийн хэмжээнд жил бүр 2.5 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж байна.

Согтууруулах ундааны хортой хэрэглээнээс үүдэх хор уршиг дан ганц архи уудаг хувь хүн төдийгүй тэдний гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрийн бүтээмж буурах, хүчирхийлэлд өртсөн хохирогч нар, архинаас үүдэлтэй осол гэмтэл, тэдгээртэй холбоотой эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, зам тээвэр, хууль эрх зүйн тогтолцооны өртөг зардал гээд нийгмийг бүхэлд нь хамарч  эдийн засгийн үлэмж их алдагдлын шалтгаан болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тооцоолжээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хүн амьдралынхаа 29 жилийг дунджаар алддаг ба эдийн засгийн хор хохирол нь ДНБ-ний 0.45-5.44 хувьтай тэнцдэг байна. ,

Үндэсний статистикийн газрын мэдээллээр нэг хүнд ногдох бүртгэгдсэн согтууруулах ундааны хэрэглээг архинд шилжүүлж тооцоход 9.2 литр болж 2003 оны суурь үзүүлэлтээс 1.9 хувиар нэмэгджээ. Үүнд албан ёсны бүртгэлгүй буюу хууль бусаар улсын хил, гаалиар оруулсан, хувиараас гадуурх спиртээр үйлдвэрлэсэн, мөн иргэдийн худалдааны бус зориулалтаар улсын хилээр оруулсан, гэрийн нөхцөлд хийж байгаа согтууруулах ундааг нэмж тооцвол энэ үзүүлэлт дээрх тооноос их байна.

“Монгол улсын хүн ам дахь согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн тархалтын судалгаа”-аар 15-65 насны эрэгтэйчүүдийн 4.3 хувь, эмэгтэйчүүдийн 1.8 хувь нь согтууруулах ундааг ДЭМБ-ын ангилалын дагуу аюултай хэмжээнд, эрэгтэйчүүдийн 10.0 хувь, эмэгтэйчүүдийн 2.8 хувь нь хортой үр дагавар өгөхүйц хэмжээнд хэрэглэж байгааг тогтоожээ.

Сүүлийн 5 жилийн статистик мэдээнээс үзэхэд, гарсан гэмт хэргийн 20.9 хувь нь архидан согтуурсны улмаас үйлдэгдэж, амиа хорлосон, золгүй байдлаар хүн нас барсан тохиолдлын 22.6 хувь нь архидан согтуурснаас үүдсэн байна.

Миний бие Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөлтэй танилцан хамтран ажиллахыг УИХ-ын гишүүдэд уриалан, УИХ-д 2 удаа өргөн бариад дэмжэгдээгүй.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэх үүднээс  Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуурыг өндөрсгөх хэрэгцээ шаардлагатай байна. Ялангуяа, урьд өмнө мансууруулах бодис, хар тамхины хууль бус бизнест холбогдож ял шийтгүүлж байсан, (хуулийн дагуу ял шийтгэлгүй болох хугацаа нь өнгөрсөн ч гэсэн), болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлахыг үндэсний эрх ашиг шаардаж байна. 

ҮХАА-н сайд Х.Баттулга

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах ёстой. Энэ утгаар нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид одоо тавигдаж байгаа хязгаарлалтыг өргөжүүлэх шаардлагатай байна. Тэгээд ч УИХ-д нэр дэвших нь хүний төрөлх эрх биш үүсмэл эрх учир түүнд хуулиар хязгаарлалт хийх бүрэн боломжтой.

Одоогоор УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийн эрхийг хязгаарласан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйл дэх “Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан байх” эрх зүйн зохицуулалт үйлчилж байна. Үүнд: “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”, “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн нийтлэг шалгуурыг тогтоосон байна.

Гэтэл дэлхийн бусад улс орнуудад нийгэм, эдийн харилцааны онцлог, улс төр, эрх зүйн соёлын хүрсэн түвшнээс хамааран парламентын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах тусгай шалгуурыг хуульчилсан байдаг. Тухайлбал,

Турк улсад ажил хэргийн нэр хүндгүй болсон, авлига, хээл хахууль, санаатайгаар дампууруулах, хууль бусаар бараа хил давуулах, нууц хуйвалдаан, төрийн нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн, өдөөн хатгасан, турхирсан, эсхүл ийм төстэй үйл ажиллагааг явуулсан гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээд сонгуульд нэр дэвших эрхгүй. Эдгээр этгээд өршөөлд хамрагдсан байсан ч нэр дэвших эрхийг хязгаарладаг байна.
Энэтхэг улсад төрийн хяналт дор байх аливаа ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг этгээдийн аливаа улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхийг нь хязгаарладаг. Унгарт шүүхийн шийдвэрээр төрийн алба хаах эрх нь хязгаарлагдсан, эсхүл авлига, албан тушаалын хэргээр урьд нь шийтгэгдэж байсан хүмүүс аливаа улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхгүй байна.

ХБНГУ-д шүүхийн шийдвэрээр сонгуулийн эрх нь хязгаарлагдсан, эсхүлпарламентын сонгуульд нэр дэвших эрхээ шүүхээр хязгаарлуулсан этгээд төрийн байгууллагад сонгогдох эрхгүй. 

Харин Иранд авлига болон бусад ёс зүйгүй үйлдлээс болж нэр төр нь нийгэмд унасан этгээдийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хуулиар хязгаарладаг байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шалгуурыг тодорхой болгон хуульчлах нь зүйтэй юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шалгуурыг ардчилсан эрх зүйт төрийн шаардлагын үүднээс тодорхой болгож, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс дараах асуудлыг тусгана:

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.4-т заасан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн өөрчлөх. Ялангуяа хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байсан (хуулийн дагуу ял шийтгэлгүй болох хугацаа нь өнгөрсөн ч гэсэн), болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгох зэрэг болно.

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт дараахь эерэг үр дагавар гарна гэж үзэж байна: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт хэрэгжих эрх зүйн баталгаа бүрдэнэ. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчим хангагдаж, Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэсэн Үндсэн хуулийн заалт хэрэгжих эрх зүйн баталгаа бий болно.

Манай яам хуульд заасны дагуу согтууруулах ундааны үйлдвэрлэлийн асуудал хариуцдаг бөгөөд  архины үйлдвэрийн тоог 2004 онтой харьцуулахад 3 дахин бууруулсан. Зөвхөн 2012-2013 онд спиртийн 25, архины 31, дарсны 15, шар айрагны 7-н үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл  нэмж олгохгүй байгаа бөгөөд  Говьсүмбэр, Хэнтий, Орхон, Сүхбаатар зэрэг 4 аймаг архины үйлдвэргүй аймаг болсон. Мөн нэг үйлдвэртэй 7 аймаг /Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Дорноговь, Дундговь, Архангай/-тай болоод байна.

Архины үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн жилүүдэд өсөлттэй явж ирсэн бөгөөд харин 2013 оны 10 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийн байдалтай харьцуулахад спирт үйлдвэрлэл 3,8 дахин, архи үйлдвэрлэл 1,2 дахин  буурсан мэдээтэй байна.

Хэдийгээр улсын хэмжээнд архины үйлдвэрийн тоо буурч байгаа боловч архины хэрэглээ, импорт, худалдаа, үйлчилгээний газрын тоо хэмжээ нэмэгдсээр байна. Согтууруулах ундааны импортыг 2013 оны 10 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийн байдалтай харьцуулахад   1,2 дахин  өссөн байна.

Согтууруулах ундааны хяналт, үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, үйлчилгээний салбар дахь  зохицуулалт нь олон байгууллагын хооронд хуваагдсан, нэгдсэн цогц бодлогын оронд хоорондоо уялдаагүй олон журам, зохицуулалтын механизм үйлчилж  байгаа нь архидан согтуурахаас сэргийлэх хянах үйл ажиллагааны үр дүнг бууруулж байна.
Согтууруулах ундааны хортой хэрэглээ, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавар нь зөвхөн гэмт хэргээр зогсохгүй иргэд, гэр бүл, хамт олон, бүхэл бүтэн нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын асуудал тул согтууруулах ундааны хортой хэрэглээ, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагаварыг бууруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохицуулах бүтцийг бий болгох асуудал зүй ёсоор шаардагдаж байна. Архины хэрэглээнд төрийн цогц хяналт үгүйлэгдэж байна.

Архины үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, импорт, экспортын асуудлыг АНУ, Япон, Исланд зэрэг бусад улс орнуудад татварын байгууллага нь хариуцан ажилладаг туршлага байна. Энэ туршлагыг үндэслэн согтууруулах ундаа, тамхины хяналт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, импорт, экспортын  асуудлыг үндэсний хэмжээнд салбар хоорондын зохицуулалтыг уялдуулж, нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж ажиллах орон тооны нэгжийг Сангийн яамны харъяа татварын байгууллагад хариуцуулах саналтай байна.

Манай яам  саналаа Засгийн газрын ХЭГ, Ерөнхийлөгчийн тамгын газар хүргүүлсэн. Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан “Архидан согтууралтыг хянах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг энэ асуудлыг анхааралдаа авч, хуулийн төсөлд тусгана гэдэгт найдаж байна.

Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлийг амжилттай даван туулахад согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалагч, импортлогч аж ахуйн нэгж, иргэдийн идэвх санаачилга, хичээл зүтгэл, нягт хамтын ажиллагаа, төр засгийн дэмжлэг, төрийн бус байгууллагуудын оролцоо чухал үүрэгтэй бөгөөд ийнхүү хүчээ нэгтгэн ажилласнаар цаашдын хөгжилд тодорхой амжилт олох боломжтойг тэмдэглэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.