Х.Баттулга: Архи тамхи үйлдвэрлэгчдийг сонгуульд нэр дэвшихийг хязгаарлая
"Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд боллоо.
Чуулганд Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны зөвлөх Ч.Сосормаа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нар оролцож, архины хамаарлаас ангижирч чадсан эрчүүдэд баяр хүргэсэн юм.
ҮХАА-н сайд Х.Баттулга "Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хүн амьдралынхаа 29 жилийг дунджаар алддаг. Эдийн засгийн хор хохирол нь ДНБ-ний 0.45-5.44 хувьтай тэнцдэг.
Үндэсний статистикийн газрын мэдээллээр нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээг архинд шилжүүлж тооцоход 9.2 литр болж, 2003 оны суурь үзүүлэлтээс 1.9 хувиар нэмэгджээ.
Сүүлийн таван жилийн статистик мэдээнээс үзэхэд, нийт гэмт хэргийн 20.9 хувийг архидан согтуурсны улмаас үйлджээ. Амиа хорлосон, золгүй байдлаар нас барсан тохиолдлын 22.6 хувь нь архидан согтуурснаас үүдсэн байна.” хэмээн дурдлаа.
Үүнээс гадна архи, тамхи үйлдвэрлэгчдийн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлах санаачилга гаргаснаа ярьсан юм.
"Миний бие УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, хамтран ажиллахыг УИХ-ын гишүүдэд уриалан, УИХ-д хоёр удаа өргөн бариад дэмжлэг олоогүй.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуурыг өндөрсгөх хэрэгцээ шаардлагатай байна.
Ялангуяа, урьд өмнө мансууруулах бодис, хар тамхины хууль бус бизнест холбогдож, ял шийтгүүлж байсан. Эсвэл бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлахыг үндэсний эрх ашиг шаардаж байна" гэдгийг сайд онцоллоо.