Өнөөдрийн залуучууд маргааш улс орныхоо төр засаг, бизнес эдийн засаг, нийгмийг авч явах гол хүч нь
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л. Болд
2015.05.21

Өнөөдрийн залуучууд маргааш улс орныхоо төр засаг, бизнес эдийн засаг, нийгмийг авч явах гол хүч нь

Азийн залуучуудын зөвлөлийн XIII дахь Ерөнхий Ассамблей тавдугаар сарын 18-20-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан билээ.

Нийт 23 орны 600 гаруй Азийн залууст тулгамдаж буй боловсрол, эрүүл мэнд, жендер, хөдөлмөр эрхлэлт, тогтвортой хөгжлийн зорилтуудад залуучуудын оролцоо зэрэг өргөн хүрээний сэдвээр хэлэлцэж, дуу хоолойгоо өргөсөн юм.

Энэхүү ассамблейн хүрээнд өчигдөр Гадаад Хэргийн Яаманд "Зүүн Хойд Азийн залуучуудын хамтын ажиллагааны симпозиум" боллоо.

Уг симпозиумд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л. Болдын хэлсэн үгнээс онцлох ЭШЛЭЛИЙГ хүргэж байна.


  • Зүүн хойд Ази манай тивийн бусад дэд бүс нутгуудаас ялгарах нэг онцлог нь өөрийн гэсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны механизм байхгүй.
     
  • Миний бие Гадаад харилцааны сайд байхдаа аливаа шинэ механизм бий болгоход дан ганц төр засгийн газрын түвшинд ажиллах нь хангалтгүй юм байна гэж дүгнээд, «Улаанбаатарын диалог» санаачилгыг ажил хэрэг болгохын тулд илүү прагматик хандлагаар ажиллаж эхэлсэн.
     
  • Бид 2013 онд Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын форум, 2014 онд ЗХА-ийн хотын дарга нарын форум, эрдэмтэн судлаачдын симпозиум зэргийг санаачлан, Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. 
     
  • Залуучуудын энэхүү симпозиум дээрх цуврал арга хэмжээнүүдэд бас нэг чухал бүтэц нэмж байгаагаараа ач холбогдолтой болж байна.
     
  • Өнөөдрийн залуучууд бол маргааш улс орныхоо төр засаг, бизнес эдийн засаг, нийгмийг авч явах гол хүч нь.
     
  • Монгол бол Азийн орнууд, түүний дотор Зүүн хойд Азийн бусад бүх оронтой найрсаг харилцаатай, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж байгаа улс.
     
  • ЗХА-ийн хоорондоо маргаантай зарим нэг улс орон асуудлаа шийдвэрлэх хоёр талын уулзалт, яриа хэлэлцээгээ Улаанбаатарт хийх сонирхол нэмэгдэх болсон.
     
  • Хоёр талын төдийгүй, олон талт яриа хэлэлцээ явагдах хамгийн тааламжтай нэг гол газар бол Монгол Улс болох нь тодорхой гэж бодож байна.
     
  • Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны механизм бий болгоход бидний 6 улсын хоорондын итгэлцэл юуны өмнө чухал.
     
  • Монгол Улс бусад 5 оронтой бүгдтэй нь хоёр талын түвшинд харилцан итгэлцэж ажилладаг.Харин нийт 6 улсыг нэгтгэсэн итгэлцэл бий болгоход юу хэрэгтэй вэ?
     
  • Бидний санал нийлж буй асуудлууд, чиглэлээр хамтран ажиллах замаар итгэлцлийг өргөжүүлэх нь чухал
     
  • Итгэлцлийг нэмэгдүүлэхийн тулд хэн нэгэн улс үндэстний эсрэг чиглэсэн сөрөг мэдээллийг дэвэргэхгүй байх явдал чухал гэж бодож байна. 
     
  • Зүүн хойд Азийн орнууд бие биенээ ойлгож ажиллах нь чухал.
     
  • Манай 6 орон нийгэм-эдийн засгийн харилцан адилгүй орчин, хөгжлийн өөр өөр түвшинд явж байна. Иймд бүх улсад нэг стандартаар хандах нь учир дутагдалтай.
     
  • Бид бусдын өөр санал бодол, өөр хүсэл эрмэлзлийг ойлгож хүндлэх нь зүйд нийцнэ.
     
  • Энэ бүх өөр өөр үзэл бодол энх тайван, аюулгүй байдалд заналхийлэхгүй байх ёстой гэдгийг мартаж болохгүй.
     
  • «Улаанбаатарын диалог» санаачилгыг анхааралтай судалж, сайжруулан урагшлуулах талаар идэвхтэй ажиллах нь та бүхний ашиг сонирхолд нийцнэ гэж бодож байна.
     
  • «Улаанбаатарын диалог» санаачилга бол Зүүн хойд Азийн нийт 6 орны өмч, бидний нийтлэг хүсэл эрмэлзлийн илэрхийлэл байвал сая амжилтад хүрнэ. 
     
  • Залуучууд та бүхэн ирээдүйд улс орноо цэцэглүүлэн хөгжүүлж, бизнесээ амжилттай болгохыг хүсч байгаа бол өнөөдрөөс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө ажиллах ёстой.
     
  • «Азийн зуун» гэгдэх болсон 21 дүгээр зууны хөгжлийн гол хөдөлгөх хүч, түлхүүр нь Зүүн хойд Азид, та бидэнд, залуучууд та нарт байна.
     
  • Ахмад үе нь залуучууддаа, залуучууд нь ирээдүйн үр хүүхэддээ илүү сайн сайхан нөхцөл бололцоо бий болгож үлдээх нь Зүүн хойд Азийн орнуудын тогтвортой хөгжлийн утга учир нь юм.