БОНХАЖ-ын сайд  Элчин сайд Мурат Карагөзтэй уулзав
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз
2015.05.15

БОНХАЖ-ын сайд Элчин сайд Мурат Карагөзтэй уулзав

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, Туркийн хамтын ажиллагаа, хөтөлбөр зохицуулах газар (ТИКА)-ын  суурин төлөөлөгч Экрэм Калан, “Турк Эйрлайнс” авиа компанийн ерөнхий менежер Эрдинч Чакир  нарыг хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын Засгийн газар 1994 оноос эхлэн урт хугацааны хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгчээ.

Түүнчлэн 2006 онд байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, байгаль орчны салбарт болон экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тусгасан байна. Тиймээс энэ хэлэлцээрийг цаашид илүү бодит ажил хэрэг болгон үргэлжлүүлэх ёстой гэдгийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтын эхэнд хэллээ.

 Монгол Улсын Засгийн газраас  аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон эрчимтэй хөгжүүлэхээр шийдвэрлэж, өнгөрсөн гуравдугаар сард ХБНГУ-ын Берлинд болсон “ИТБ Берлин 2015” үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор амжилттай оролцсон.

Турк Улс 2010 онд тус үзэсгэлэнд түнш орноор оролцох үедээ 28 сая жуулчин хүлээн авч байсан бол 2014 онд 38 сая болгож өсгөсөн  томоохон амжилтаас нь суралцах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Д.Оюунхорол сайд илэрхийлэв. Мөн Монгол Улсыг “ИТБ” үзэсгэлэнд оролцоход “Турк Эйрлайнс” авиа компани  зарим төлөөлөгчдийг үнэ төлбөргүй  зорчуулж, ачаа тээврийн хөнгөлөлт үзүүлсэнд талархал илэрхийллээ.  

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийн хэлснээр,  тус улс жилд 38 сая жуулчин хүлээж авч, аялал жуулчлалын хөгжлөөр дэлхийд зургадугаарт орж байгааажээ.  Хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломжтой бөгөөд “Турк Эйрлайнс” авиа компани нислэгийн тоо, давтамжийг дээшлүүлэх боломжтой. Монголын тал энэхүү асуудлыг цаашид нааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм. 

Саяхан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр тус улсын ЭСЯ, ТИКА байгууллагынхан хамтран Турк, Монголын найрамдлын цэцэрлэгт 2,000 мод тарьжээ. Тэд мод тарьж, ургуулах БОНХАЖЯ-ны санаачлагыг талархан дэмжиж, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов. ТИКА байгууллагаас  өнгөрсөн жил  Хөшөө цайдам дахь Түрэгийн Билгэ хааны хөшөө тийш 45 км замыг барьсан бөгөөд уг замыг дагуулан амралт, зугаалгын цэг барих асуудлыг хоёр тал цаашид хамтын ажиллагааны хүрээнд ярилцахаар санал нэгдлээ. 

Уулзалтын үеэр Элчин сайд Мурат Карагөз, бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ  илэрхийлсэн тус улсын холбогдох  яамдын сайдуудын захидлыг  Д.Оюунхорол сайдад  гардуулж, Анталиа хотод 2016 онд болох ботаникийн экспо-д  оролцохыг урилаа.