Маргарета Волстромыг хүлээн авч уулзлаа
2015.05.14

Маргарета Волстромыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Маргарета Волстром Монгол улсад ажлын айлчлал хийж байгаа юм.

Хадагтай Маргарета Волстромыг өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар 2015 оны 3-р сард Япон Улсад чуулсан НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах 3-р бага хурлаас баталсан Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх асуудлаар ярилцлаа.

Эрүүл мэнд спортын яамны дэргэд Эрүүл мэнд, спортын сайдын ахалсан орон тооны бус Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын алба ажилладаг билээ. Энэхүү алба нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тохилдсон үед хүн ам, нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, олон улсын хөл хориот өвчин, шинэ болон шинээр сэргэж байгаа халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын голомтыг цомтгон устгах, хор уршгийг шуурхай арилгах гол чиг үүрэгтэй юм.

Иймээс үйл ажиллагаандаа НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах 3-р бага хурлаас баталсан Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн хүрээнд онцгойлон тусгасан гамшгийн эрсдлийг бууруулах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг онцгой нөхцөлд ажиллах бүх байгууллагуудтайгаа нягт уялдаатайгаар хэрэгжүүлэн ажиллах болно гэдгээ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба уулзалтыг үеэр онцоллоо.