11 мянган жолооч хууль бусаар торгуулсан гэв
2015.05.19

11 мянган жолооч хууль бусаар торгуулсан гэв

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан болон “Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Чадраабал, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Уг санамж бичгийн хүрээнд Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуй эрхлэгчдийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажлуудыг хийхээр болжээ.

Тухайлбал, эхний ээлжинд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрээр зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах болжээ.

2013-2014 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн улмаас автомашин зөөж шилжүүлэх төлбөрийг хууль бусаар буюу 70.000-80.000 төгрөгөөр тогтоосны улмаас 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосон зөрчлийг ШӨХТГ-аас хяналт шалгалтаар тогтоосон юм.

Мөн НИТХ-аас дугуй түгжих журам гаргаж, хуульд зааснаас өөрөөр зохицуулалт хийсний улмаас 11.700 жолоочийг 234 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосныг тус тус тогтоожээ.

Иймд 2013-2014 онд автомашинаа ачуулахдаа хууль бусаар тогтоосон торгууль төлсөн, мөн өнөөдрийг хүртэл автомашиныхаа дугуйг түгжүүлж хууль бусаар торгуулсан иргэд ШӨХТГ-т хандаж, эрхээ хамгаалуулах боломжтой гэнэ.