Нийтийн тээврийн нийтлэг үзэгдэл
Гурван ам бүлтэй өрхийн нэг гишүүн заавал нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарсан байдаг
2015.05.06

Нийтийн тээврийн нийтлэг үзэгдэл

Нийгмийн өөрчлөн зохион байгуулалтад нийтээрээ үсрэн орох шиг гайхалтай зүйл үгүй. Их хотын нүргээнт амьдрал, түүнийг тойрсон асуудлууд, төөрч будилсан зон олны хөл хөдөлгөөн дунд бид өөр өөрийнхөөрөө ажиллаж хөдөлмөрлөж, аж төрж байгаа.

Өөрчлөлт шинэчлэлийн салхи бидний зүг хэдэнтээ шуурч, бид ч тэрхүү шуурганд өртөхгүйн тулд цаг үргэлж хөгжиж байх шаардлагатай нүүр тулсан. Өөрөөр хэлбэл нийтээрээ аж төрөх соёлд суралцах үүрэгтэй болсон хэрэг.

Хүсэж биш шаардлагаар үүссэн энэхүү соёл манайд нэвтрээд 20 гаруй жил болж байгаа хэдий ч бид өнөөг хүртэл энэхүү соёлд үнэхээр дутуу дулимаг суралцсан байх юм.  Бидний олонхи нь өглөө эртлэн босч нийтийн унаа хөсөглөн ажилдаа ирж, өдрийн турш албаа мөн л түүгээр залгуулж, орой тараад явахдаа ч түүгээрээ л гэртээ харьж ирдэг. Гурван ам бүлтэй өрхийн нэг гишүүн заавал нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн судалгаа  гарсан байдаг нь бидний амьдралын нэг хэсэг болсон гэдгийг харуулж буй хэрэг бизээ.

Ийнхүү бидний амьдралын салшгүй хэсэг болсон нийтийн тээвэр нь нийгмийн хөгжлийн эрхээр үйлчилгээний бас нэгэн соёлыг дагуулан иржээ. Гэсэн ч бид энэ соёлд суралцаагүй, үнэндээ суралцах яагаа ч үгүй байна. Монголчууд эртнээс нааш найрсаг зан харилцаа, элгэмсүү дотно хандлагаараа дэлхийн бусад орнуудын иргэдээс ялгарч ирсэн гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу. Харин үүнийг олж харах боломжгүй ганц газар бий. Тэр нь бидний мэдэх Автобус.

Гээндээ ч бий, Гоондоо ч бий гэгчлэн асуудал үйлчлэгч, үйлчлүүлэгчийн аль алинд нь бий. Гэсэн ч энэ удаад үйлчлүүлэх соёлын тухай ярьж байгаа учраас үйлчлүүлэгч нарын тухай бичихийг илүүд үзлээ.

Зөвхөн энд л залуус нь  хөгшиддөө хүндлэлгүй, хөгшид нь залуусдаа үлгэр дууриалалгүй хандана. Хэн нэг нь нийтийн дунд зорчин буйгаа үл харгалзан хэн нэгний нууцыг хээв нэг ярьж сууна. Гар утсаараа чихэн дээр орилох шахам хараалын үгс чулуудна. Гартаа барьсан хогоо шалруу чулуудна. Эвэртэй туулай үзсэн мэт хажуудахаа хялайж, хэрүүлийн алим шидэлцэж уралдана. Залуус хэсэг бүлгээрээ сууж явахдаа гаргадаг ааль, аягаараа өнөө цагийн гэр бүл, хамт олны хүмүүжил төлөвшил хэр түвшинд явааг тодхон харуулах шиг болно. Чухамдаа үүнээс үүдэж аливааг ойр орчин, хажуудах хүрээллээсээ дүгнэдэг “цөөнх” одоогийн залуус хэмээн хавтгайруулсан дүгнэлт хийж, түүнд нь мөрөөрөө явсан би хүртэл хавчуулагдах нь бас л гомдмоор. Гэлээ гээд нийтийн унаагаар яваа хүмүүст дургүйцлээ илэрхийлбэл тэдэнд хоосон цэцэрхсэн хэнхэг нэгэн болж харагдахаас цаашгүй. Угтаа бол тэд ардчилсан чөлөөт нийгэмд нийтийн эзэмшлийн унаагаар эрхийнхээ дагуу үйлчлүүлж яваа. Нэг хүний эрх нөгөөгийнхөө эрхээр хязгаарлагддаг нийгэмд аж төрж байгаа хойно яалтай ч билээ.  Нийтийн зорчигч тээврээр 30 минут хийсэн аялалын эцэст та дор хаяж 5 төрлийн хараал, 10 хоног ярих сэдэвтэй болоод л бууж ирнэ. Сонсох юу нь муу байх билээ.

Миний бие энэ сэдвийн хүрээнд хөндөж байгаа асуудалдаа тодруулга авахаар Нийтийн тээврийн газрыг зорьсон юм. Тэд байгууллагадаа тусгай мэргэжилтэн бэлтгэж, улирал бүр автобус баазуудаараа тойрон нийт ажиллагсдынхаа дунд олон төрлийн сургалт явуулдаг. Зарим тохиолдолд нарийн мэргэжлийн сургагч багш нарыг урьж авчран сургалт зохион байгуулдаг гэх чихэнд чимэгтэй үгээр угтсан юм. Түүнчлэн Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвтэй хамтран зөрчил гаргасан жолооч нарын дунд замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох талаар бодит сургалтад хамруулсан байна. Бодит гэдэг нь  жолооч замын хөдөлгөөний хяналтын камераас өөрийн зөрчил гаргасан үйлдлийг харж, тухайн тохиолдол бүрт сэргийлэх арга зүйн сургалтыг авсан гэсэн үг хэмээн ойлголоо.

Манайхан эрхээ мэдэхээс үүргээ мэддэггүй.

Манайхны хэт туйлширдаг үзэл нь энэ үйлчилгээнд сөрөг нөлөө ихээр үзүүлдэг бололтой. Энэ тухай “...Иргэд аливаа  гарсан маргаан бүрийн бурууг тасалбар түгээгчээс л хайдаг. Ганц нэг ёс суртахуунгүй ажилчдын гаргасан үйлдлээс болж энэ салбарыг тэр чигт нь муу юм шиг сэтгэлгээгээр хардаг, ойлгодог. Гомдол зөвхөн манай руу л ирдэг. Гэтэл компанийн ажилчдын үйл ажиллагаатай хамааралгүй үйлдэлд бид иргэд рүү гомдол гаргадгүй...” хэмээн албаны хүмүүс учирласан юм. Үнэндээ үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй ажилчдын зан харилцаа тааруу түвшинд байгаа нь үнэний ортой ч энэ нь салбараар нь хамаатуулж дүгнэх шалтгаан биш юм.

Улс орны соёл, хөгжлийн түвшинг тодорхойлдог нэг хүчин зүйл нь нийтийн тээврийн үйлчилгээ байдаг. Тиймдээ ч энэ салбарын үйлчилгээг чанаржуулах ажлын хүрээнд салбарынхан үйлчилгээндээ цахим систем нэвтрүүлэх, байрлал заагч /GPS/ суулгах, камерын системээр хянах зэргээр тодорхой үе шаттай арга хэмжээнүүд авч ажиллаж байгаа аж.

Түүнчлэн ирэх 7,8 дугаар сард Бүгд найрамдах Белорус улсын “МАZ” компаниас 18,7 м урттай, 150 хүний суудал бүхий том оврын автобусыг оруулж ирж үйлчилгээндээ нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд тун удахгүй туршилт эхлэх гэнэ. Гэтэл бид энэ шинэчлэлд бэлэн байгаа юу?. Цонх шилний наалтыг хуулсан, сандал, суудлын бүрээсийг урсан, тасдсан, эвдсэн, бохирдуулсан дүр зургийг зорчигчид л бүрдүүлсэн байдаг шүү дээ.

Манайхан эрхээ мэдэхээс үүргээ мэддэггүй. Нийтийн тээврээр соёлтой, боловсон үйлчлүүлэх үүргийн тухай хуулинд тодорхой заасан байдаг ч мэддэг нь хуруу дарам цөөн байдаг. Амтай болгон л нийтийн тээврийн хэрэгслийн соёлын тухай ярьдаг, бичдэг. Гэсэн ч энэ асуудал шийдлээ олоогүй байсаар л. Магадгүй хойшид ч байсаар л байх болов уу.

Цаашид энэ үйлчилгээг сайжруулах тал дээр төр засгийн данхар бодлого бус, та бидний ёс суртахуун, хүмүүжил төлөвшлийн бодлого л чухал болов уу. Зорчигч тээвэрлэгч, үйлчилгээний ажилтан, үйлчлүүлж байгаа иргэд нь өөр хоорондоо зөв ойлголцоод асуудалд хүлээцтэй хандаж, танай, манай гэсэн талцсан сэтгэлгээгээр хандахгүй байхад болно шүү дээ. Уншигч таньд яг одооноос оролдоод үзэхийг зөвлөе.