Монгол Улсад автомашины үйлдвэрлэлийн эхлэл тавигдсан
Нийслэлийн тээврийн газар, Тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтэсээс шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг 2015 оны дөрөвдүгээр сарын 13 -ны өдрөөс эхлүүлж, Ханын материал-Офицеруудын ордон чиглэлээр 22:00-01:00 цаг хүртэл дөрвөн тролейбусаар нийслэлчүүддээ үйлчилж байгаа. Энэхүү шинэ үйлчилгээ болон “Цахилгаан тээвэр” компанид хийгдэж байгаа шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар Д.Жаргалсайхан захиралтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Монголд машины үйлдвэр хөгжих цаг болсон гэж үзэн энэ талаар олон зүйл төлөвлөж, эхнээс нь хэрэгжүүлсээр яваа нэгэн билээ.
-“Цахилгаан тээвэр” компани нь Монгол Улсад төмөрлөг, машинт үйлдвэрлэлийн салбарыг тодорхойлолцож яваагийн хувьд гэнэ салбарын хэтийн төлөвийг та юу гэж дүгнэж байгаа вэ?
Үндэсний хэл, хил, аж үйлдвэр гэсэн тулгын гурван чулуун дээр тусгаар улс оршин тогтнох нийтлэг ойлголт, томьёолол, зүй тогтол дэлхий дахинаа байдаг бөгөөд улс орныхоо төр, эдийн засаг, оюун санааны тусгаар тогтнол, дархлаагаа бэхжүүлэх чиглэлээр бидний өвөг дээдэс, ахмад үеийнхэн зуун жилээр дамнан тэмцэн, зүтгэж ирсэн. Бидний ахмад үе улс орноо хөгжүүлэхийн тулд таван жилийн төлөвлөгөө гаргаж, Хөдөө аж ахуйн орноос Аж Үйлдвэр-Хөдөө Аж Ахуйн орон болох зорилтоо дэвшүүлж, олон талт ажлыг зохион байгуулж ирсний үр дүнд эдийн засгийн үр ашиг багатай ч олон механикжсан үйлдвэр, заводууд баригдаж, дотоодын хэрэгцээгээ хангахаар ажиллаж байсан саяхны түүхийг бид эргэн санах ёстой.
Социализмын материал техникийн бааз суурийг, бэхжүүлэх хөгжлийн оргил үе буюу 1980-1989 онуудад Монгол Улс 30,000 мянга гаруй авто тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд тэр үед металлург, машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбараа хөгжүүлэх зорилгоор Сайд нарын зөвлөлийн дэргэд Металын Комисс байгуулан тухайн үеийн яамдуудын үйлдвэрлэл технологийн бодлого, зохицуулалтын асуудлыг нэгтгэн зангидаж ажиллаж байсан.
Монгол Улсын технократ бодлогыг хэрэгжүүлэх Металлын комисс нь суурь аж үйлдвэрийн салбарын төлөвлөлт, эдийн засгийн үр ашгийн тооцоолол, технологи сонголт, зохион бүтээлт, машинт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хамаарч байсан ба энэ ажлын үр дүнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, эрчим хүч, тээвэр, хөнгөн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлдвэрлэлийн төвүүд олноор баригдсан. Товчхондоо Монгол Улсад автомашины үйлдвэрлэлийн эхлэл тавигдчихсан.
-Монгол Улсад өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн салбар хөгжүүлэх талаар олон жил ярьж байгаа ч төдийлөн олигтой дэвшил харагдахгүй л байгаа. Энэ талаар?
Нийгмийн дотоод нөөц боломжийг бүрэн дүүрэн шавхан ашиглах боломжтой зах зээлийн нийгэмд шилжсэний үр дүнд Монголчуудын эдийн засгийн хүчин чадал нь социализм байгуулахаар зүтгэж байсан үетэй харьцуулахад 20 дахин өсөн томорч зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хэмжээ эрс өссөн.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс 630,0 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй байгаа нь ойролцоогоор 6,3 тэрбум ам долларын багтаамжтай зах зээлийг бий болгочихжээ гэсэн үг.
Ган, метал хийц, тоног төхөөрөмж, машин механизмын үйлдвэрлэлийн үндсэн бааз суурьгүй Монголчуудын хувьд ам. долларын ханшийг өсгөх хамгийн том импортын худалдан авалт, гадагшлах чиглэлтэй валютын задгай урсгал энэ салбарт бий болсныг анзаарч, өндөр технологийн машинт үйлдвэржилтийн салбарыг хөгжүүлэх цаг нь болсон.
2011, 2012, 2013 онуудын гааль, статистикийн тоо баримтаас харахад Монгол Улс жилд дунджаар 3,0 тэрбум долларын метал хийц тоног төхөөрөмж, бүх төрлийн машин механизм импортлон авсан нь манай улсын нийт импортын 60-70% хүрч байгаа ба энэ гадагшлах чиглэлтэй асар их мөнгөний урсгал дээр өндөр технологийн кластерт орсон машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг үе шаттайгаар хөгжүүлэн босгох боломж байна.
Өнөөдөр барилгын салбарт 3,0 их наяд төгрөгийн эргэлттэй 400-аад компани, 30,0 мянга гаруй ажиллагсад байгаа бөгөөд барилгын салбартай зэрэгцүүлэн төмөрлөг, машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөл дээр нь босгож чадвал Монголчуудын хувьд цоо шинэ бизнесийн орон зай, хөгжлийн шинэ гарц нээгдэх юм.
Өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн салбарын мөнгөний эргэлт нь барилгын болон бусад салбарын мөнгөний эргэцээс 5-8 дахин их байдаг бөгөөд мөнгөний эргэлтийн өндөр хурдтай, эдийн засгийн үр өгөөж сайтай энэ салбараа түлхүү хөгжүүлэх зорилтыг дэлхийн бүх улс орон дэвшүүлэн тавьж, өрсөлдөн ажиллаж байгаа.
Өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн салбарын мөнгөний эргэц нь барилгын болон бусад салбарын мөнгөний эргэцээс 5-8 дахин их байдаг.
Улс орныхоо дотоод хэрэгцээ, зах зээлийн багтаамж дээрээ тулгуурлан үндэсний машинт үйлдвэрлэлийн салбараа бойжуулан хөгжүүлж, чадавхжуулж чадсан үед дэлхийн аж үйлдвэрийн салбарын интеграци рүү технологи, деталь хийц, хоршин үйлдвэрлэлээр нэгдэж болно.
Дэлхийн машинт үйлдвэрлэлийн 56% нь Зүүн Хойд Ази, Ази тивд төвлөрч эхлээд байгаатүүхэн боломжит цаг үеийг маш сайн ашиглаж Монгол хүний оюун ухаан, бүтээлч хөдөлмөр дээр түшиглэсэн хөгжлийн нүүдэл, үндэсний сэргэн мандалтын алхмаа хийж эхлэх хэрэгтэй байна.
Машинт үйлдвэрлэлийн салбарын кластерт орсон үйлдвэрлэлийн компаниуд дээр төрөл бүрийн машин механизмын деталь хийц, тоног төхөөрөмж үйлдвэрлэхээс гадна улс ардын аж ахуйд салбарт хэрэгцээтэй мянга, мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх техник технологи, боловсон хүчний чадамж бүрдэх ач холбогдлыг давхар ойлгох ёстой.
Хүнд аж үйлдвэрийн салбарыг үе шаттайгаар хөгжүүлэх ажлын хүрээнд политехникийн өндөр боловсрол, мэдлэг чадвар, туршлага хуримтлуулсан өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн салбарын инженер техникийн ажилтнуудын чадамжид дээр тулгуурлан уул уурхайн салбарын бүтээгдэхүүний гарааны болон нарийвчилсан боловсруулалт хийх чадвартай боловсон хүчний фондыг бий болох боломжтой.
Өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлснээр Монголын нийгмийн баялаг үйлдвэрлэл, технологиор дамжин шударга хүртээмжтэй хуваарилагдаж, эрх тэгш, хангалуун амьдралтай бүтээлч дундаж давхаргын шинэ үе жинхэнэ утгаар төрж, улс үндэснийхээ эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулах нийгэм эдийн засгийн ач холбогдолтойг ойлгох ёстой.
-Нийтийн тээврийн салбарт технологийн болон үйлчилгээний шинэ стандарт бий болгож чадахуйц Евро-4 хөдөлгүүртэй эко автобусны угсралт үйлдвэрлэл, борлуулалтын ажил ямар түвшинд явж байгаа вэ?
Авто тээврийн хуулийн 9.4, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.1.4 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 сарын 15-р тогтоолоор баталсан “Нийтийн тээврийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийн 6.1, 6.10-р заалтуудыг үндэслэн, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт экологийн өндөр шалгуур тавигдаж буй төр засгийн бодлого шийдвэрт нийцүүлэн Евро-4 хөдөлгүүртэй, өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд тохиромжтой шинэ технологийн автобусны угсралт үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлсэн.
Нийслэлийн нийтийн тээврийн паркийн 70% нь ашиглалтын гүйлтийн норм дуусаж, насжилтаар хасагдах нөхцөл бүрдэж буй энэ үед Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркийг шинэчлэх зорилгоор 20 тэрбум төгрөгт багтаан автобус худалдан авах ажил явагдаж байгааг бүгд мэдэж байгаа.
Монголчууд та бидний хамтын хүчин чармайлт, хөдөлмөр зүтгэл, татвараар бий болж байгаа төсвийн энэхүү худалдан авалтад оролцохоор манай хамт олон банкнаас зээл авч шинэ технологийн автобусны угсралт үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлж байна.
Монгол Улсад өнөөдөр үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин нь шинэ технологи, хөрөнгө оруулалтын өндөр шалгууртай машинт үйлдвэрлэлийн салбар хөгжих боломжийг чагтлан хааж байгаагийн хамгийн тод илрэл нь манай хамт олны хэрэгжүүлж буй энэ төсөл болоод байгаа ба өдөрт гурван сая гаруй төгрөгийн банкны хүү төлж, хувийн хөрөнгө оруулалтаараа хохирч байгаа бизнесменүүдийн урам зоригийг мохоож байна.
Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх Монгол Улсын нэн тэргүүн зэргийн зорилт болон ажилтай орлоготой, мэдлэг ур чадвартай Монгол хүний эгнээг өргөжүүлэх нийгмийн шаардлага, хүлээлтийг харгалзан, мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих өнөөдрийн хууль эрх зүйн гаргалгаан дээр түшиглэн бүтээлч Монголчуудаа дэмжих улс төрийн эр зориг гарган ажиллана гэдэгт итгэж байгаа.
-Засгийн газрын зүгээс давын өмнө ямар туслалцаа, дэмжлэг шаардлагатай байгаа вэ?
Шийдлийн Засгийн газар гарч ирснээрээ Монгол Улсад анх удаа Аж Үйлдвэрийн Яам байгуулагдаж хөгжлийн шинэ бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа ба шинэ яамнаас өргөн барьж байгаа үйлдвэржилтийг дэмжих хууль эрх зүйн актуудыг УИХ, Засгийн Газар хурдтай дэмжих байх гэдэгт итгэж байна.
Монгол Улсыг борлуулалтын зах зээл, түүхий эдийн хямд эх үүсвэр гэдэг өнцгөөс харж байгаа гаднын улс орнуудын лоббинд автахгүйгээр үндэсний язгуур эрх ашгаа дээдлэн суурь аж үйлдвэрийн салбараа босгож ирэхэд Монгол хүн бүр зүтгэх ёстой.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хамгаалах дэмжих бодлого, үйл ажиллагаагаа төр засгийн байгууллагууд хурдтай, хүчтэй, эр зоригтой явуулах юм бол өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбар луу мянга мянган бүтээлч иргэд ороход бэлэн, дохио хүлээгээд, биднийг хараад сууж байна.