Мэдлэгийг үйлдвэрлэл болгох талаар хэлэлцлээ
Төрийн ордон
2015.05.14

Мэдлэгийг үйлдвэрлэл болгох талаар хэлэлцлээ

Инновацийн үндэсний форум” төрийн ордноо боллоо. Энэхүү форум БСШУЯ-наас зарласан “Инновацийн долоо хоног”-ийн хүрээнд болж байгаагаараа онцлог ажээ. 

Инновацийн талаар хэн юү хэлэв?

Форумын эхэнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр:

-Шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэхийн тулд бодлогоор тасралтгүй дэмжих, тэргүүлэх чиглэлд хөрөнгө хүч, оюуны нөөцийг төвлөрүүлэх, үндэсний чадавхийг оновчтой ашиглах, гадаадын дэвшилтэт технологийг зохистой нутагшуулах, инновацийг санхүүжүүлэхдээ ач холбогдол, үр дүн, өгөөжийг гол шалгуур болгох нь чухал байна. Инновацийг амжилттай хэрэгжүүлэх нэг үндэс нь санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгох юм.

БСШУЯ-ны Инноваци өндөр технологийн хэлтсийн дарга Л.Лувсаншарав:

-2014 онд шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг хэмжээ  5,1 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнээс  урсгал зардлын санхүүжилт 2,5 тэрбум , хөрөнгийн санжхүүжилт 2,6  тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Улсын захиалгаар 271  шинжлэх ухааны төсөл, 135 суурь судалгаа, 23 шинжлэх ухаан, технологийн  зэхэц ажил  хийж гүйцэтгэсэн.  Энэ бүх ажлыг шинжлэх ухаан, технологийн сангаас гаргасан нь бусад улс орныхоос бага байгаа юм. Мэдлэгийг баялаг болгон хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого үгүйлэгдэж байна. Мөн инновацийн сантай болох зайлшгүй шаардалгатай. Инновацийн үйл ажиллагаанд оролцогчдыг нэмэгдүүлэхийн тулд тэднийг урамшуулах, татах хүч хэрэгтэй байгаа.

ШУТИС-ийн багш,  доктор Л.Оюунцэцэг:

-Инновацийг монголчлон орчуулбал шинэчлэлт гэж нэрлэж болох билээ. Гэвч олон улсын нэршлээрээ нэгэнт нутагшсан энэхүү инновацийг хөгжүүлэх талаар өөрийн бодлоо хуваалцъя. Өнөөдөр манай улсын хувьд мөнгийг мэдлэг болгох тал дээр анхаарч багагүй туршлага хуримтлуулсан. Харин одоо эсрэгээрээ мэдлэгийг мөнгө, баялаг болгоход онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Мэдлэг бол хязгааргүй нөөц юм. Мэдлэгийг хуваалцах тусмаа арвижин баяжиж үр өгөөж нь нэмэгдэж байдаг. Гэсэн ч мэдлэг бол маш богино хугацаанд хуучирдаг бүтээгдэхүүн. Тиймээс шинэ мэдлэгээр эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүдийг тэтгэж байх талаар төрийн бодлогод тусгах нь зүйтэй юм. Дундаас доогуур орлоготой 36 улсыг жагсаан инновацийн байдлыг дүгнэхэд инновацийн хамгийн баян нөөцтэй орноор манай улс тодорсон бол харин үр дүнгээр хамгийн сүүлд жагссан байна.

Монголын инновацийн холбооны ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар:

Энд мэдлэг үйлдвэрлэгчид голдуу цуглажээ. Харин мэдлэгийг үйлдвэрлэл болгогч бизнесийн төлөөлөл цөөн байгаа нь харамсалтай. Тэд байхгүйгээр үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн борлохгүй. Бизнесийнхнийг шинжлэх ухаан руу татах хэрэгтэй байна. Эрдэмтдийн маань бүтээлийн 90 хувь нь захиалагчгүй, гагцхүү өөрийн хүсэл сонирхлоор хийгдэж байгаа. Гэтэл тэр нь амьдрал дээр төдийлөн хэрэг болохгүй байх нь бий. Зүйрлэвэл, өнөөдөр Монгол Улсад  дугуй үйлдвэрлэх ямар ч хэрэггүй. Гэтэл дугуй үйлдвэрлэх технологийг эрдэмтэд нь оловсруулаад байгаатай ижил юм. Энэ салбарт хийх хэрэгжүүлэх олон зүйл байгаагийн хамгийн чухал нь энэ юм шүү.

Инновацийн талаар өнөөдөр ийн санаа бодлоо  уралдууллаа. УИХ-ын гишүүд ч хэлэлцүүлэг ярианд оролцсон юм. Инновацийн форумын гол сэдэв инновацийн үйлдвэрлэл, санхүүжилт, баялаг болгох тухай байлаа. Мэдлэгийг үйлдвэрлэл болгоход цаашлаад шавхагдашгүй баялаг бүтээхэд төрийн дэмжлэг хамгаас чухал байгааг хэд хэдэн эрдэмтэн онцоллоо.