Монгол гэр төслийн нээлт болно
Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Улаанбаатар Глобал Шейпэрс Нийгэмлэг нь 20-30 насны салбартаа манлайлагч залуусын нэгдэл юм.
Тус байгууллага нь оюутан сурагчдад манлайллын үлгэр дууриалал үзүүлэх, мэргэжил сонгох, сонгосон мэргэжлээрээ дадлагажихад туслах, залуу үеийг нэр төрөө эрхэмлэсэн орчин цагийн идэвхтэй, нийгмийн өндөр оролцоотой, боловсролтой иргэн болж төлөвшихөд уриалах, дэмжлэг үзүүлэх зорилготой “Миний Амьдралын Гараа”, “Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Аян” зэрэг төслийг сүүлийн 4 жил дараалан боловсрол, соёлын төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран, амжилттай зохион байгуулжээ.
Улаанбаатар Шейпэрс Нийгэмлэгээс улс үндэстнийхээ нандин сайхан уламжлалыг бэхжүүлэн, хойч үедээ өвлүүлэн үлдээж, Ерөнхий боловсролын сургуулийн заавал судлах хичээлийн хөтөлбөрт Монгол гэрээ барьж сурах агуулгыг оруулж, шаардлагатай загвар гэрүүдийг худалдан авах санхүүжилтийг олох зорилготой энэхүү төслийг санаачлаад байна.
Монгол гэр нь зөвхөн уламжлалт сууц байгаад зогсохгүй, гар урлал, оёдол эсгүүр, эсгий урлал, барих техник, хээ угалз болон дотоод зохион байгуулалтын билэгдэл чанар гэх мэт олон зүйлийг биедээ шингээж, нүүдэлчин ардын бүтээлч, өвөрмөц сэтгэлгээ, ур дүйг уламжлуулах хосгүй үнэт соёлын өв юм.
Харамсалтай нь даяарчлалын давлагаанд залуу үе маань өв соёлоосоо хөндийрч, үнэт уламжлал маань мартагдах аюул нүүрлэж байгаа. Тиймээс Монгол гэр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна
Монгол гэр төслийн нээлт энэ сарын 29-ний Баасан гарагт 11:00 цагт болно. Чингисийн Талбай дээр болох төслийн нээлтийн үеэр гэр барих ёслол ба гэр хурдан барих уралдаан явагдах юм байна.