М.Энхболдод итгэж болно
ДАХИН ХУУРТВАЛ ОСОЛТОЙ
Энэ олон Энхболдын алинд нь итгэх хэрэг вэ гэж лавлах аваас Миеэгомбын хүү Энхболдыг л илүү дөнгүүр хэмээн онцолж байна. Гэвч энэ тухай ярихаас өмнөж бяцхан удиртгал хэлье. Сайхан сэтгэлт ард түмний минь тэргүүлэх хэсэг нь өнөөдөр Монголыг ямар арга замаар үтэр түргэн хөгжүүлэх билээ хэмээн санаа сэтгэлээ чилээж байна.
Энэ бол маш зөв зүйтэй агаад үнэхээр эх оронч сайхан чанар мөнөөсөө мөн. Гэхдээ миний харж байгаа өнцгөөс харвал өнөөдөр ингэж бодох нь арай эртдэж байна. Монголчууд бид эх орноо хөгжүүлнэ гэхээсээ өмнө тулгарч байгаа мөхөл сүйрлийн аюулаас аварч авч үлдэх тухай бодох хэрэгтэй байна. Монголчууд бид үнэг хөөсөн нохой шиг дахин хууртаж шургачиж унамааргүй байна.
Монголын ард түмэн сүүлийн гучин жилд хоёр удаа сүрхий их хууртаж хамраараа газар хатгаж унасан. Одоо гурав дахь удаагаа хууртмааргүй байна. Түүний анхных нь 1980-аад оны дунд үеэс эхэлсэн “Социализмын өөрчлөн байгуулалт” гэгч хошгируулалтын цаад учир начрыг гүйцэд ухаараагүй молигодуулсан явдал байдаг юм. Нийтлэлч Б.Баабарын ёгтолж хэлсэнчлэн “юугаа өөрчлөхөө ч мэдэхгүй” социализмаа, хэдэн сайд дарга нараа л баахан шүүмжлээд байсан. Би бас тийм л нэгэн байсан. Өөрчлөн байгуулалт гэдэг бол социалист байгууллыг улам боловсронгуй,сайн сайхан болгох явдал мөн хэмээн эндүү ташаа бодож байснаас тэгтлээ хууртсан юм. Гэтэл хэргийн гол учир нь өөрчлөн байгуулах нэрээр социализмыг устгах ёстой байсан юм билээ.
Тийм болохоор өөрчлөн байгуулаад байна гэсэн тань нэг л сэхээрэхэд социализм маань өөрөө үнс мэт хийсч, үүл мэт нүүгээд арилсан байсан. Нөгөө нэг хуурталт нь ардчилал. Бидний олон монголчууд анхандаа ардчиллыг зөвхөн эрх чөлөө аз жаргал буюу диваажингийн амьдрал хэмээн итгэж хууртсан явдал юм. Хэргийн гол учир нь ардчилал бол бас л төр мөн гэдгийг ойлгоогүй хууртсан. Үүний уршгаар эдүгээ манай ардчилал нь зүйл зүйлийн ховдог шунахай арга залиар баяжиж хөрөнгөжихийн төлөө амь насаараа дэнчин тавьж хайр найргүй тулалдах хүнд бэрх тулалдааны талбар болж хувирсан байна.
Дээрх хоёр удаагийн хуурталтын улмаас нарлаг монголын уул тал хосолсон үлэмжийн дагшин сайхан нутагт минь ядуурал, ажилгүйдэл, авилга хээл хахууль, инфляц, мөлжлөг, мөнгө хүүлэл, шахааны бизнес гэх мэт “нийгмийн хог ургамал” багширтлаа цэцэглэсэн байна. Чингээд л “нийгмийн хог ургамал”-д дааж ядтал дарагдсан Монгол гэдэг энэ улс гүрэн эдүгээ орших уу? эс орших уу? гэдэгтээ тулсан байна. Төр засаг нь хүртэл хэдхэн том хөрөнгөтний шахааны төр засаг болсон шиг байна. Миний бодож байгаагаар бол сүүлийн гурван жилд маш хурц тод хэлбэрээр илэрсэн эдийн засгийн уруудалт хийгээд улс төрийн төөрөгдөл нь энэхүү “шахааны төр засгийн” буруу бодлогоос болж байна.
Би юмыг зүйрлэж бодох дуртай нэгэн. Хэрвээ хонин улс гэж байгаад чонон сайд нар бүхий шахааны төр засагтай болсон гэж бодвол тэд хонин улсынхаа хонгыг нь ухаж, хоолой багалзуурыг урж сэглэж л таарна. Алтан ордонд суулгаж эрдэнийн суурин дээр залсан ч чоно хэзээ ч хонь болчихгүй. Монголыг ийм цонхоор харж байна. Эдүгээ улсын хөгжил уруудлаа л гэнэ. Төрийн ажил дүнхүүрлээ л гэнэ. Үнэ ханш тэнгэрт хадсан л гэнэ. Өр зээл толгойтой үснээс их боллоо л гэнэ. Чоно шиг төртэй хонь шиг ард түмэн үүнээс өөрөөр яахсан билээ. Яс үнэнээр нь өгүүлбэл иймдээ тулсан Монголын өнөөдөр гэдэг бол яалт ч үгүй Ардын намын толгойны өвчин, сэтгэлийн зовлон болоод байна. Ард түмэн ийнхүү өлсөж цангаж, даарч хөрч байхад Ардын нам зовохгүй байж яахин түвдэх билээ.
Сүүлийн хоёр жилд эдийн засаг нь өсөөд л байхад иргэн хүний зовлон нэмэгдэхээр үл барам дайны хүнд үед ч улайж үзээгүй төрийн данс улайж Монгол даяар зовж байна. Ард түмэн зовж байна. Байгаль дэлхий зовж байна. Монголын ардчилал зовж байна. Монголын зах зээл зовж байна. Өнгөрсөн ба эдүгээг одоогийнхоос арай жаахан томоор харвал зовлон зүдгүүр энэчлэн их хүнд бэрх байлаа ч гэсэн түүнээс аврах улс төрийн хүчин байгаа нь эрхбиш харагдана. Тэр нь 1921 оноос 1990 он хүртэл бүтэн далан жилийн турш цус хөлс асгаруулан тэмцэж байж дарлал мөлжлөгийг, ажилгүйдэл ядууралтай нь хамт устгаж чадсан тийм баялаг туршлага ба сэтгэл оюун бүхий ганц нам болох ардын нам юм. Тиймээс гурван сая хүний хувь тавиланийн хүнд буулга тус намын удирдагчдын мөрөн дээр буух нь түүхэн зайлшгүй зүйл боллоо.
М.ЭНХБОЛД ГЭЖ ХЭН БЭ
Тус намын одоогийн дарга Миеэгомбын Энхболд хэмээгч энэ нөхөр үнэндээ ямар хүн юм бэ гэж улс нийгмээрээ сонирхож байна. Тэр хүн ард түмэн бидний хувьд манай хүн үү, хүний хүн үү? Бурхан шиг хүн үү, эсбөгөөс чөтгөр үү хэмээн ухамсарт хүн бүхний сэтгэлийн дэнс энэ хүнийг хэмжиж байна Ер нь ний нуугүй хэлэхэд Н.Энхболдыг таних л хэрэгтэй. Бүр сайн таних хэрэгтэй. Сайн таниагүй байж сохроор итгэвэл эцэст нь яалт ч үгүй өнөөдрийнх шиг бэрх үйлийн лай эдлэх болно. Түүнийг “Газрын наймаачин” л гэдэг. Үнэхээр тийм бол бүтэхгүй гэсэн үг. Ардын намын нөхдөөс нь лавлаж тандлаа. “Газрын наймаачин” гэдэг нэр бол түүнийг Намын дарга, Ерөнхий сайдын албанаас унагахын тулд тус намын 26 дугаар их хурлын индэр ашиглан цацсан зохиомол гүтгэлэг байсан гэж хашир зүтгэлтнүүд цухалдангуй өгүүлж байна.
Тэд юуг ч мартаагүй юм байна. МАН-ын 26 дугаар их хурлаас хойшхи он жилүүдэд манай хууль хяналтынхан М.Энхболдын орчин тойрныг удаа дараа нэгжиж шалгаад юу ч олоогүй гэлцэж байна. Бодит тоо яривал өнгөрсөн арван жилд гучаад удаа шүүхэд зарга үүсгэж шалгуулаад нэг нь ч нотлогдоогүй юм гэнэ. Тэгэхлээр газрын наймаачин гэлцдэг нь хилс ташаа цуурхал болж таарлаа. Энхболд бол урд нь нэр тодроогүй цоо шинэ хүн биш. Түүний хэн болохыг олон хүн мэднэ. Зарим хамтран зүтгэгчтэй нь уулзаж хэд гурван үг солилцлоо. Миний анхаарал УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн зүгт татагдлаа. Уулзлаа. Ярилцлаа. Санал бодлоо солилцлоо. Тэрбээр М.Энхболдыг Ардын намыг удирдаад явж чадах хуруу дарам цөөн хүний нэг гэж ам алдлаа.
Яагаад вэ гэдгийг тайлбарлахдаа хоёр зүйлийг онцолж байв. Нэгдүгээрт энэ хүн харьцангуй залуу хүн боловч дүн нуруутай, хүлээцтэй, тэвчээртэй хүн гэж байна. Хоёрдугаарт, үг яриа нь эмх цэгцтэй, нэлээн гүнзгий сэтгэлгээтэй, бас хөгшин залуу гээд үе үеийн хүмүүсийг аядуу тайван сэтгэлээр зангидаж чаддаг, нэг үгээр хэлбэл буйр суурь сайтай, ажил хэрэгч удирдагч хэмээн тайлбарлав. Д.Дэмбэрэл дарга бээр ийм хариуцлагатай зүйл ярьж байхад хувийн таашаалд хөтлөгдөн толгой эргүүлэх хүн яавч биш гэдгийг би бас гадарлах тул түүнд итгэлээ. Надад ч бас өөрийн гэсэн бодол санаа бий. Тээр жил Энхболдын тухай хөрөг нийтлэл бичихээр хамт ажилладаг байсан Улаанбаатар хотын захирагчийн албаны тамгын газрын хүмүүстэй уулзахад онцолж хэлсэн зарим содон санааг мартаагүй байна.
Тэгээд хэд хоног бодсоны эцэст тэрхүү хөрөг нийтлэлийг “ёстой жинхэнэ эр хүн” гэж гарчиглахаар шийдэхдээ энэ хүний дотоод мөн чанарыг харуулж чадахуйц зөв гарчиг оллоо хэмээн олзуурхаж байснаа санаж байна. Тэр үед хотын орлогч дарга байсан Зоригтбаатар түүнийг хэр барагтайд “уурладаггүй хүн” гэж онцлоход нь сансарт нисгэмээр тайван хүн юм байж хэмээн бодож суусан удаа бий. Бас тамгын газрын дарга байсан Болдсайхан энэ хүнийг их нөр хичээнгүй, ажил хэрэгч, хэнд ч их зан гаргадаггүй, зөөлөн сэтгэлтэй хэмээн магтаж байсан. Одоо М.Энхболд дарга маань Богд уулынхаа аль нэг аманд хувийн тансаг ордон бариулж аваад тэндээ тухалж суухаар тансаглаж гайхуулах хүн биш байсныг саянаас л мэдэж авлаа. Үнэхээр тэр хүн хотын төвд бидний л адил жирийн байранд амьдардаг юм байна.
Манай томчуудын тухайд бол ховор тохиолдол байлгүй яахав. Энэ чинь цаанаа нэг юм хэлээд л байгаа хэрэг. Газрын наймаачин мөн байсан бол арай ч ингэж суухгүй биз. М.Энхболд дарга хамт ажилладаг нөхөддөө найрсаг ханддаг учраас зарим өө сэв хайсан нөхөд хотын фракц энэ тэр гэж илүү юм ярьдаг. Үнэндээ түүнд фракц гэх юм байхгүй гэж Ж.Сауле бүсгүй их л омогшилтой ярьсан юмдаг. Харин санаа сэтгэл ингэж сатаарах мөчид даруй арван жилийн өмнө М.Энхболд даргаас ярилцлага авч суухад ам алдсан нэг үгийг саналаа. Мартмааргүй содон үг байсан л даа. Юу гэсэн бэ гэвэл тэр бээр “…ÿëàíãóÿà àæèëã¿éäýë, ÿäóóðëûã áóóðóóëàõ талаар намын äàðãûí хувьд миний баримтлах áîäëîãо íü “жинхэнэ бор зүрхний минь ажил хэрэг байх болно” гэсэн юм. “Бор зүрхний ажил” гэж сонин санаа байсан. Манайхан Нейлсон Манделлагийн нэг содон үгийг сайн санаж байгаа байх. Тэр хүн Өмнөд Африк дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах апартейд бодлогын эсрэг тэмцэлд “би үхэхэд ч бэлэн байна” гэсэн гэдэг юм.
Үнэхээр алдартай үг. Тэгвэл М.Энхболдын дээрх үгийг “Би Монголын ядуусыг гадуурхуулахгүйн төлөө үхсэн ч хамаагүй тэмцэнэ” гэсэн утга санаа мөн хэмээн ойлгож болох байна. Энэ үгийг 2005 онд хэлсэн юм. М.Энхболдыг хэлсэндээ хүрэхийн завдалгүй ажлаас нь өөрчилчихсөн юмдаг. Монголын ядуусыг ялгаварлан гадуурхаж буй шившигт үзлийн эсрэг үхсэн ч хамаагүй хэмээн өөрөөрөө дэнчин тавьж чадах зүрх сэтгэлгүй хүн Ардын намыг толгойлбол тус нам бараг зуун жилийн турш гуйвалтгүй баримталж ирсэн зүүний бодлогоосоо няцаж зүг чигээ алдах болно.
М.Энхболдын тухай бичихдээ Ардын намын хорин наймдугаар их хурлаас тус намын даргаар дахин сонгогдсоны дараа их хурлыг хааж цөөн атлаа цөөдөхгүйгээр жинтэй, даацтай үг хэлсний дотроос намын үзэл суртлын ажлыг сэргээх, ам ажлын нэгдлийг хангах тухай хоёр хэсгийг үүний өмнө тусгай нийтлэл болгон “Монголын үнэн” сонинд нийтлүүлснийг манай уншигчид халуун талархалтай хүлээн авсныг энд тэмдэглэх хэрэгтэй байх. Энэ удаад түүний хэлсэн үгэнд онцлон тэмдэглэсэн хариуцлагын тухай хэсгээс нэг чухал эшлэл авч энд толиллуулъя. “Хариуцлагын тогтолцоо нэвтрүүлнэ. Хариуцлагын тогтолцоо бол бидний амжилтад хүрэх гол түлхүүр мөн. Монгол Ардын Намын гишүүд өнөөдөр намаа шинэчлэх гарааны зурхай дээр ирээд байна.
Ухрах газар байхгүй” гэжээ. Миний ойлгож байгаагаар энд хоёр том санаа бий. Нэгдүгээрт Ардын намын шинэчлэл бол ажлын хариуцлагын шинэчлэл байх учиртайг заасан байна. Хоёрдугаарт, ажлын хариуцлга бол манай улс орны амжилт олох гол түлхүүр гэж яггүй онч мэргэн хэлжээ. Түүний үг хэллэг, сэтгэлгээ нь эмх цэгцтэй хүн гэж төрийн хашир мэргэн түшээ Д.Дэмбэрэлийн хэлдэг нь үнэн бололтой. Хүн сайт эрдэмтэн багш агсан Миеэгомбын хүү Энхболдод итгэж болно оо. - See more at: http://www.unen.mn/content/49547.shtml?alias=politics#sthash.o4ODMOmJ.dpuf