Л.Энх-Амгалан Дархадын хотгорт байнгын хороог хуралдуулна
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчны 2013, 2014 оны төлөв байдлыг хэлэлцлээ.
Түүнд дурдсанаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол эрчимжих, цаг агаарын гаралтай байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсэний улмаас нийгэм, эдийн засагт учруулах хор хөнөөл ихсэх, ой, хээрийн түймрийн гаралт, ургамлын хөнөөлт шавжны тархац, тоо хэмжээ нэмэгдэх. Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын орчны бохирдол ихсэх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын хэмжээ өсөх, амьтан, ургамлын тархац нутаг хумигдан нөөц хомсдох зэрэг хандлага улам бүр тод ажиглагдаж байгаа аж.
Салбарын яамны зүгээс байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд чиглэсэн ажил, үйлчилгээг өргөжүүлэх, түүхий эд, усны хэрэглээг багасгах, хог хаягдлыг дахин ашиглах, орчны бохирдлыг бууруулах. Байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, хувийн хэвшлийн санаачилгыг дэмжих зорилгоор орон нутагт төвлөрч байгаа байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого болон бусад хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, зарцуулалтанд нь тавих хяналтыг чангатгах бодлогыг баримталж буй юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Дархадын хотгорт 300 гаруй нуур, гол байснаас 100 гаруй нь ширгэж, 200 болж багассан төдийгүй цөлжиж эхэлсэн тухай дурдаад энэ тухай өгүүлсэн бичлэгийг хуралдаанд оролцогчдод үзүүлсэн юм. Мөн тэрээр 1970-аад оны үед ОХУ-ын эрдэмтэд судалгаа хийгээд “50 жилийн дараа Дархадын хотгор говь болно” гэсэн дүгнэлт хийснийг онцоллоо. Гол нуур ширгэж байгаа энэ асуудалтай холбогдуулж, өмнө нь тэрээр сайд асан С.Оюунд хандаж байсан бол энэ удаад Д.Оюунхорол сайдад дахин хандаж, цөлжилттэй тэмцэх хөтөлбөр батлах хүсэлтийг гаргасан юм. Ингэхгүй бол Дархадын хотгороос эхлээд цөлжилтөд хүчтэй нэрвэгдэх болсон аж.
Энэ асуудалтай холбогдуулж Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Сү.Батболд “Дархадын хотгорт Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааныг зохион байгуулъя” гэсэн санал мөн гаргасан юм.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны холбогдох албаны тушаалтны тайлбараар бол 1993 оноос хойш хангайн бүсэд цөлжилт эрчимжиж, гурван шатлалтай хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаагаас хоёр хөтөлбөр хэрэгжсэн байна. Гурав дахь шатны хөтөлбөрт цөлжилтийг хянах мониторингийн сүлжээ байгуулах ёстой. Хангайн бүсэд салхиар, усаар цөлжилт эрчимжиж байгаа, тиймээс судалгааг нарийвчлах. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон улсын байгууллагад хандаж, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Сайд Д.Оюунхоролын тайлбараар бол Монгол Улсын газар нутгийн 77.8 хувь цөлжилтөд өртөх эрсдэлтэй болсон. Гол шалтгаан уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Гэтэл байгалийг нөхөн сэргээхийн төлөө хөрөнгө мөнгийг төсөвт дорвитой суулгаж өгдөггүй. Уул уурхайн компаниуд орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгалийн нөөц ашигласны төлбөр зэргээр дамжуулж тодорхой хэмжээний татвар төлдөг ч энэ нь байгалийг нөхөн сэргээхэд зарцуулагддаггүй, зөвхөн төсвийн цоорхойг нөхөхөд зориулагддаг.
Тиймээс энэ асуудалд УИХ анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Салбарын яамны зүгээс энэ онд 1 сая мод тарих хөдөлгөөн өрнүүлж, аймгуудад мод тарихад зориулж 10 сая төгрөг хуваарилсан байна. Түүнд орон нутгийн удирдлагуудад талархалтай хандаж байгаа ажээ. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотод л мод тарих аян хүчтэй өрнө байснаас биш аймгууд орхигдож иржээ.
Мөн энэ үеэр хөндөгдсөн чухал асуудал нь агаар, хөрсний бохирдлын тухай байлаа.
Хүн амынхаа тоогоор улсдаа дөрөвт жагсдаг Хөвсгөл аймагт агаарын бохирдол, хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, хүндэрсэн аж. Тиймээс Цэвэр агаар сангийн хүрээнд утаа бага гаргадаг зуухыг тус аймагт нэвтрүүлэхээр санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй юм байна.
Дээрх хөтөлбөр зөвхөн Хөвсгөл аймгаар хязгаарлагдахгүй нэр бүхий дөрвөн аймаг бас багтах аж. Хөрсний бохирдол тэр дундаа 00 болж орчин бохирдож байгаа энэ асуудалд салбарын яам анхаарч тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэдгээ сайд Д.Оюунхорол энэ үеэр тодотголоо.