Аялал жуулчлалын зам дагуух дэд бүтцийг хөгжүүлье
Монголын аялал жуулчлалын судлаачдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Орхон Их сургуулийн багш Д.Мөнхтөмөртэй ярилцлаа.
- Жуулчид үрье гэсэн зорилготой тодорхой хэмжээний мөнгөтэй ирдэг ч талыг нь үрчихээд буцаад явчихдаг. Тэр мөнгийг авч үлдэхийн тулд ямар дэд бүтэц хэрэгтэй байна вэ?
Бие даасан жуулчид аль болох бага мөнгөөр аялахыг хүсдэг учраас их мөнгө үрдэггүй. Тиймээс олон улсын практикт бие даасан жуулчдад онц ач холбогдол өгдөггүй. Харин группээрээ явж буй жуулчдыг мөнгөний том эх үүсвэр гэж үздэг. Тэдний аяллын өртөг зөвхөн аялал жуулчлалын компанид үлддэг зүйл биш бөгөөд жуулчдын мөнгө зочид буудал, жуулчны бааз, үзвэр үйлчилгээ, хоолны газарт шингэдэг. Өөрөөр хэлбэл хүртээмж нь өргөн байдаг.
Түүнчлэн тухайн жуулчин компанид мөнгө төлөхөөс гадна халаасандаа мөнгөтэй явдаг. Тэр мөнгийг яаж авч үлдэх гэдэг дээр бид менежмент хийх ёстой. Мэдээж албан хүчээр мөнгийг нь авахгүй учраас тэр хүн өөрөө мөнгөө үрэх сонирхлыг нь өдөөх зүйлс хэрэгтэй. Ер нь олонхи жуулчид ямар нэгэн зүйлд үрчихье гэсэн бодолтой нөөц мөнгөтэй ирдэг. Нэг хэсэг нь худалдан авалт хийдэг, нөгөө хэсэг нь шоу, наргиан цэнгээнд зориулдаг, зарим нь тоглоод дуусгачихъя гэсэн бодолтой ирдэг. Тэгэхээр бидэнд үүнд зохицсон дэд бүтэц л хэрэгтэй байна. Өөрийнх нь оронд байдаггүй зүйлийг худалдаж авъя гэсэн жуулчдад зориулаад үндэсний брэндүүдийг хөгжүүлэх ёстой. Манай ноос, ноолуур, арьс ширнийхэн энэ тал дээр сайн ажилладаг.
Гэхдээ энэ хангалттгүй. Жуулчдад сонирхолтой өөр бараа, бүтээгдэхүүнийг гаргаж ирмээр байна. Тухайлбал гар урлалын бүтээлүүдийг зөв менежменттэй зах зээлд оруулж болж байна. Хүнсний салбарынхан аялал жуулчлалаас орлого олох том боломж бий. Хий дэмий цээжээ дэлдэхийн оронд Монголын цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ дэлхийд алдаршуулах ёстой. Гадны хүн монгол хүнс аваад эх орондоо очоод гэрийнхэндээ амтлуулж болохоор түвшинд технологийг нь боловсруулж болно. Солонгост очиход кимчинийхээ савыг бэлэг дурсгалын байдлаар хийгээд зардаг.
- Монголд казино байгуулах замаар орлого нэмэгдүүлэхийг та юу үзэж байна вэ?
Би 100 хувь дэмждэг. Монголчууд өөрсдөө тоглохгүй байг л дээ. Гадныхан мөнгөө үрж байвал бидэнд ашигтай. Казинод тоглосон хүн казиногийн дэргэдэх буудалд бууж, казиногийн ресторанд хооллох зэргээр их мөнгийг тэнд үлдээдэг. Казиногийн хажууд зугаа цэнгээний газар байгуулж, урлагийн том том тоглолтыг зохион байгуулж ч болно. Нэгэнт мөнгөө үрэх гэж ирсэн хүн мөнгөө алдсан ч гэсэн сайхан амарлаа гэсэн сэтгэгдэлтэй үлдэнэ шүү дээ. Тэр нөхцлийг л бид бүрдүүлэх хэрэгтэй.
- Аялал жуулчлалд үйлчилгээний чанарыг яаж сайжруулах вэ?
Үйлчилгээгээ сайжруулахад юун түрүүнд эрх зүйн орчноо тодорхой болгомоор байна. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн төсөл өчнөөн олон жил яригдаж байна. Одоо хүртэл батлагдаагүй. Би ажлын хэсэгт нь байдаг. Саяхан ярилцая гэж байснаа ахиад чимээгүй болчихлоо. Хуулиа баталчихвал дүрэм журам, стандартуудад нь өөрчлөлт орно. Стандарт нь байхгүй болохоор бүх зүйл хүлээгдээд байна. Тухайлбал хөтчийн ажлыг аваад үзье. Өмнө нь мөрдөгдөж байсан журмыг цуцлаад хаячихсан болохоор хэн дуртай нь хөтөч хийдэг болчихсон.
Үйлчилгээгээ сайжруулахад юун түрүүнд эрх зүйн орчноо тодорхой болгомоор байна.
Хоёрдугаарт төрийн дэмжлэг чухал. 1954-1990 онд аялал жуулчлалын салбарыг төр дангаараа хариуцаж, үйлчилгээний стандарт, соёлыг тогтоож ирсэн. Харин зах зээлд шилжсэнээр төр оролцохоо ч байсан, дэмжихээ ч больсон. Зүгээр л сайхан ярьдаг болсон. Харин саяхнаас анхаарал хандуулж ITB-д оролцох төсвийг баталж өгсөн. Үйлчилгээ сайн байхаас гадна гадагш чиглэсэн сурталчилгаа, мэдээлэл хүчтэй байснаар жуулчдыг татна. Олон улсын үзэсгэлэнд оролцдог компаниуд өөрийн аяллын бүтээгдэхүүнээ зарахаас илүүтэй Монголоо сурталчилсаар байгаад таардаг. Уг нь Монголоо сурталчлах ажлыг төр өөрийн төсвөөр хийж, харин компаниуд ийм сайхан оронд тийм аялалыг зохионо гэдгээ санал болгох ёстой. Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудын маркетинг ийм байдаг.
Гуравдугаарт аялал жуулчлалын салбарын боловсон хүчин тогтворгүй байдаг болохоор үйлчилгээний чанар байнга доголддог. Ажлын байр улирлын шинж чанартай учраас энэ мэргэжлээр сурах сонирхол бага. 1990-оноос хойш 30 000 орчим хүн аялал жуулчлалын чиглэлээр бэлтгэгдэж гарсан. Энэ бол хангалттай тоо. Гэвч ажлаа тогтвортой хийдэг нь маш цөөн. Жуулчны баазууд, зочид буудлууд, ресторанууд жил болгон шинэ хүн хайх хэрэгтэй болдог. Энэ мэргэжлээр төгссөн хүмүүсийн олонхи нь ганц хоёр жил ажиллаад өөр салбар луу орчихдог.
- Манай оронд байгаа жуулчдад зориулсан объектууд нь цогцолбор хэлбэрээр биш, голдуу ганц хоёрхон үзмэрийн хэмжээнд байдаг. Тухайлбал Цонжин болдогт очлоо гэхэд морьтой хөшөөнөөс өөр жуулчдад зориулсан объект ховор. Тэгэхээр аялал жуулчлалын объектуудыг хүнд хэрэгтэй бүхэнтэй нь хослуулсан цогцолбор байдлаар барих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үздэг . Та энэ талаа юу хэлэх вэ?
Манай оронд жуулчдын сэтгэл татах үзмэр, зорих газрууд нь хоорондоо хол зайтай. Тиймээс жуулчдыг олноор нь үзмэр үзүүлэхийн зэрэгцээ зугаацуулдаг дэд бүтэцтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх цаг болоогүй байна. Бидэнд ийм нөөц бололцоо байхгүй.
Аялал жуулчлалын онолын үүднээс аваад үзэхэд үзмэр хооронд жуулчдыг авч явахдаа байнга зугаацуулах ёстой. Наад зах нь зорчиж буй газар нутгийн талаар сонирхолтой тайлбарууд байх ёстой. Энэ бол тухайн компаний төлөвлөлт, хөтчийн чадвараас хамаарна. Манайд гадаад хэл тааруухан мэддэг хөтөч томилоод, жуулчдыг нэг машинд чихэж өгөөд баахан давхиулдаг. Ийм байж болохгүй. Монголын тал нутгаар жуулчдыг уйдаахгүйгээр авч явж болно.
Түүнээс гадна аялал жуулчлалын зам дагуух дэд бүтцийг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Аймаг хооронд зочид буудал барих төсөл гурван Засгийн газар дамжсан ч шийдэгдээгүй байна. 200 км тутамд нэг буудал барих санаа гарсан. Хэрэв ийм буудлууд барьчихвал ШТС, амралт зугаалгын газар, спорт цогцолбор, засвар үйлчилгээ, баар, ресторан гээд бүх юмтайгаа байна. Гадаадын орнуудад хурдны замын дагуу иймэрхүү дэд бүтцийг хөгжүүлсэн байдаг. Наад зах нь бидэнтэй адил ил бие засч чаддаггүй жуулчдад зориулсан бие засах газар ховор байна. Модон жорлонд орж үзээд аяллаа зогсоогоод буцаад явчихдаг тохиолдол цөөнгүй.