Малын бэлчээрт аялал жуулчлал эрхлэх боломж
Сүүлийн үед хөдөөгийн аялал жуулчлал дэлхийд эрчимтэй хөгжиж байна. Энэ төрлийн аялал нь жуулчинд байгальтай ойртох, хөдөөгийн аж амьдралын онцлогийг мэдрэх бололцоог өгдөг.
Хөдөөгийн аялал 1970-аад онд Их Британид хөгжиж эхэлжээ. Тэнд WWFO (World Wide Opportunities on Organic Farms) нэртэй дэлхийн хэмжээний байгууллага байдаг. Тус байгууллага “Амьдар, суралц, байгальтай ойртсон амьдралын сайхныг амс” гэсэн уриатай. Одоогийн байдлаар энэ байгууллагад дэлхийн 80 орны 6 000 фермер харъяалагддаг.
Европын бусад оронд ч гэсэн хөдөөгийн аялал жуулчлал сайн хөгжсөн. 70-аад оны дунд үед Итали улсад “Агрикол” буюу өөрийн гэрт жуулчдад зориулсан өрөө түрээсэлдэг аж ахуй эрхлэгчид бий болжээ. 1985 онд Италийн хөдөөгийн аялал жуулчлалын тухай хууль батлагдаж төрөөс санхүүгээр дэмжиж эхлэв. Өнөөдөр Европын холбоонд хөдөөгийн аялал жуулчлал эрхлэх сонирхолтой фермерүүдийн бизнесийн үйл ажиллагааг зохицуулдаг тогтоол бий. Тухайн фермер эрх авахын тулд хөдөөгийн аялал жуулчлалд хамаарах эрх зүй, менежмент, нягтлан бодох бүртгэл, эрүүл ахуйн хэм хэмжээний талаар сургалтад заавал хамрагддаг.
Ирсэн жуулчны хувьд усан сантай орд харшаас эхлээд энгийн модон байшин хүртэл сонголт олон. Хэрэв фермерийн гэрт амаръя гэвэл мал адгуулж, дарс хийх ажилд суралцах боломжтой. Хөдөөгийн аялал жуулчлалын салбарт хамгийн нэртэй газрууд нь Сицил, Сардини, Тоскана. Тосконад Италийн хөдөөгийн аялал жуулчлал эрхлэгчдийн 25 хувь байдаг. Тэнд очсон жуулчин байгалийн сайхныг хараад зогсохгүй бие даан итали хоол, үндэсний дарс хийж сурдаг.
Италийн усан үзмийн талбай
Харин Францын фермүүдэд очсон жуулчин дарс, бяслаг хийж сурахаас гадна анд явах, загасчлах, морь унах, үндэсний гар урлалын эрдэмд суралцдаг. Францын Засгийн газар хөдөөгийн аялал жуулчлалыг бүх талаар нь дэмждэг. Тусгай хөтөлбөр боловсруулж орон нутгийн иргэд төрөөс авсан мөнгөөрөө өөрсдийн байшингаа засч, сэргээдэг. Зээл авсан иргэд 10 жилийн турш 2 сарын хугацаатай жуулчин хүлээж авах ёстой. Уг хөтөлбөрийн ачаар хөдөөгийн оршин суугчид орлого арвижиж, амьдралаа дээшлүүлэх боломжтой болжээ.
Нормандад 6-12 настай бяцхан жуулчдад зориулсан “Европын хүүхдийн ферм” гэж байдаг. Тэнд хүүхдүүд амьтан тэжээж, хөдөөгийн амьдралтай танилцахаас гадна олон орноос ирсэн үе тэнгийн хүүхдүүдтэй нөхөрлөх боломжтой. Уг фермийг эмч хүн үндэслэжээ.
Францын хөдөө тосгон
Финляндад жуулчдад зориулсан 600 фермер байдаг. Фермүүдийн дэргэд нуур байх бөгөөд жуулчдад зориулсан олон төрөл, зүйлийн загас үржүүлдэг. Түүнээс гадна финлянд фермд очсон жуулчин өвс хадах, мал хариулах зэрэг хөдөөгийн өдөр тутмын аж амьдралд оролцох боломжтой. Ферм болгон жимс, жимсгэнэ тариалах, морины аж ахуй эрхлэх, үнээ саах зэргээр өөр өөрийн чиглэлтэй байх бөгөөд жуулчин өөрийн сонирхолд нийцсэн фермээ сонгодог.
Финляндад өвлийн аялал жуулчлал сайн хөгжсөн
Хөдөөгийн аялал жуулчлал хамгийн өргөн хүрээнд хөгжсөн орон бол Польш. Хөгжлийн түүх 1990-иэд оноос эхэлсэн бөгөөд өнөөдөр энэ салбар польшууд, гадны жуулчдын дунд түгээмэл болжээ. Польшийн фермерүүд хөдөөгийн жирийн сууцаас эхлээд зочид буудал хүртэлх хэд хэдэн сонголтыг санал болгодог байна. Жуулчдыг тухайн газрын язгуур урлаг, хоол хүнс, уламжлал, зан заншилтай танилцуулахын зэрэгцээ мал адгуулах, үндэсний хоол хийхэд сургадаг.
2015 онд Өвөр Монголын эргэн тойрны 8 мужтай ойрхон аймаг хошуу, суманд гадны жуулчдад зориулан аялал жуулчлалын олон цэг ажиллуулж байгаагийн дотор "Хөдөөгийн аяллаар ядуурлыг бууруулах" нэртэй хөтөлбөрийн хүрээнд Өвөр Монголын хөгжил буурай 30 гаруй сум дүүргийг хамруулан үйл ажиллагаа зохион байгуулж байна.
2014 онд Өвөр Монголын 3169 айл "Бичил" жуулчны бааз нээснээс Шилийн гол аймгийн 420 гаруй малчин айл нийтдээ 2 сая 690 мянган жуулчин хүлээн авч, өрхийн орлогоо 120 мянган юань хүртэл нэмэгдүүлжээ.
Монгол улсад хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх потенциал бүрэн бий. Харамсалтай нь энэ салбарт эрх зүйн бааз суурь байхгүй, зам тээврийн дэд бүтэц хөгжөөгүй, жуулчдад зориулсан тохь тухтай орчин бүрдээгүйгээс гадна малчид өөрсдөө аялал жуулчлалын бизнес эрхлэх тал дээр мэдлэг, туршлага тун хомс байна.
2014 оны жуулчдын статистик мэдээллээс харахад манай оронд ирсэн жуулчдын тоо өмнөх оноос 392844 буюу 5,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Монголд энэ төрлийн аялал жуулчлалыг маш олон төрлөөр хөгжүүлж болно. Тухайлбал өнөөдөр гадныхан байтугай монголчуудын зарим нь өөрсдөө мэдэхээ байсан цагаан идээ бэлтгэх уламжлалт технологийн чиглэлээр аялал жуулчлалын бизнес эрхлэх боломж хөдөөгийн айл болгонд бий. Эсвэл мал хариулахыг сонирхсон жуулчныг нэг өдрийн турш хонины бэлчээрт дагуулж гараад монгол малыг бэлчээрээр маллахын онцлог, малчин хүний байгальтай харьцах, түүнийгээ хайрлах ухаан зэргийг тайлбарлаад өгчихвөл тухайн жуулчныхаа сэтгэл ханамжид нийцээд зогсохгүй үндэсний соёл, уламжлалаа сурталчлах давхар ач холбогдолтой. Ингэвэл зүгээр нэг морь унуулаад зураг авахуулснаас илүү үр дүнтэй байна.
Аялал жуулчлалыг орон нутагт түшиглэж хөгжүүлэх нь хамгийн үр дүнтэй.
Манай нөхцөлд хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дараах зүйлүүдийг шийдэх шаардлагатай.
- Хөдөөгийн аялал жуулчлалын талаарх стандарт, нормыг төрийн болоод орон нутгийн түвшинд боловсруулж гаргах
- Жуулчдын тав тухад нийцсэн дэд бүтцийг бий болгох
- Хөдөөгийн аялал жуулчлалд зориулсан төрөл бүрийн таниулах материал, катологиудыг бэлдэх
- Реклам, зар сурталчилгааг төрөөс бодлоготойгоор дэмжих
Хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлвэл дараах чухал асуудлуудыг шийднэ.
- Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ, шинэ ажлын байрууд бий болж тухайн иргэдийн орлогын эх үүсвэр нэмэгдэнэ
- Орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалт, менежмент сайжирна
- Үндэстэн, ястны язгуур урлаг, уламжлал, зан заншил хадгалагдана
Хөдөөгийн аялал жуулчлал нь орон нутгийн иргэдийг амьдралыг дээшлүүлэхэд гол түлхэц болно.
Хөдөөгийн аялал жуулчлалын гол давуу тал нь голдуу хувийн хэвшлийн санхүүжилттэй байдаг бөгөөд том хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй. Түүнээс гадна хөдөөгийн аялал жуулчлал иргэдийн соёлын болон боловсролын түвшинг дээшлүүлдэг, мөн экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмждэг.