2015.04.27

АСЕМ-ын чуулган ба Монголын боломж

2016 онд Монголд АСЕМ-ын  (ASEM — Asia-Europe Meeting) чуулга уулзалт болно. Ийм том хэмжээний уулзалтыг зохион байгуулна гэдэг Монгол улсын нэр төрийн хэрэг.

АСЕМ-ыг зохион байгуулах бэлтгэл

АСЕМ-ын чуулга уулзалтад ойролцоогоор 4500 зочин, түүний дотор 50 орчим орны төрийн тэргүүнүүд оролцох юм. Монгол Улсын нэр хүнд, хариуцлагын томоохон шалгуур болох энэ уулзалтыг амжилттай зохион байгуулж, зочдын тав тухтай, аюулгүй байрлах бололцоог хангах зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаанаар ахлуулсан 6 ажлын хэсэг гарчээ. Өчигдөр хурлын байр, зочид буудлын ажлын хэсгүүд хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

АСЕМ-ын уулзалтад зориулж 5379 ор, 3586 өрөө, түүний дотор 37 ерөнхийлөгчийн өрөөтэй 43 зочид буудлыг эхний байдлаар сонгож авчээ.

АСЕМ-ын уулзалтад зориулж 5379 ор, 3586 өрөө, түүний дотор 37 ерөнхийлөгчийн өрөөтэй 43 зочид буудлыг эхний байдлаар сонгож авчээ. Үүнд  одоогоор ашиглалтад ороогүй байгаа Holiday Inn, Radisson, Sheraton, H8, Shangri La, Alfa зэрэг томоохон зочид буудлууд ч багтжээ. Ажлын хэсгийн төлөвлөгөөг удахгүй Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэж батална.

Төрөөс эдгээр зочид буудлуудаа дэмжиж  тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга хэрэгсэл, засвар, тохижилт, өргөтгөл, эдлэл хэрэглэлийн нөхөн хангалтыг нэмэгдүүлэхэд нь зориулж нийт 198 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөөд байна. 43 зочид буудлаас 34 нь хөрөнгө оруулалт хүссэн. Зээл олгохдоо 3-5 жилийн хугацаатай, 9 хувийн хүүтэй, нэг зочид буудалд 30 хүртэл тэрбум төгрөгийг олгох аж.

Мөн үйлчилгээний чанарын гол хүчин зүйл болох ажиллах хүчний тал дээр төрөлжсөн 12 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх, үйлчилгээний сургагч менежер бэлтгэхэд чиглэсэн сургалтуудыг төр засгийн зүгээс үнэгүй зохион байгуулна гэдгийг хэллээ.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд 10-аад томоохон уулзалт төлөвлөгдсөн бөгөөд нэг уулзалтад дунджаар 300-3000 зочин оролцоно.

Хурлын үйл ажиллагаа, зочид буудлын ажлын хэсэг.

АСЕМ ба Монголын боломж

Энэ уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол улсад бизнесийн аялал жуулчлал гэдэг аялал жуулчлалын төрөл дэлхийн жишгээр хөгжих эх үндсийг тавих юм. Бизнесийн аялал жуулчлал гэдэг нь энгийн үгээр хэлбэл ажил хэргийн уулзалтууд, аливаа компаний ажилчид, үйлчлүүлэгч, түншүүддээ зориулсан аялал, чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулах, оролцоход чиглэсэн үйл ажиллагаа юм. Дэлхийн хэмжээний нэг том уулзалт зохион байгуулахад тухайн улсын агаарын тээврийн компаниуд, зочид буудлууд, ресторанууд, бизнес төвүүд, аялал жуулчлалын компаниуд, худалдааны газрууд гээд олон салбар үр шимийг нь хүртдэг. 

Дэлхийн аялал жуулчлалын практикт бизнесийн буюу ажил хэргийн аялал нь асар их хэмжээний орлого авчирдаг чухал сектор юм. Өнөөдөр дэлхийн томоохон компаниуд ажил хэргийн аялал жуулчлалд жилд сая гаруй доллар зарцуулдаг бөгөөд энэ нь байгууллагын гол зардлуудын нэг байдаг. 

Ажил хэргийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч орнууд нь АНУ, Их Британи,  Австрали, Герман, Франц, Австри, Испани улсууд. Дорно зүгт Хятад улс энэ тал дээр тэргүүн байр эзэлнэ. Гэхдээ сүүлийн үед Индонези, Вьетнам, Лаос зэрэг улсууд ажил хэргийн аяллыг эрчимтэй хөгжүүлж байна.

Олон улсын аялал жуулчлалын зөвлөлийн (WTTC) гаргасан судалгаагаар 2010 онд ажил хэргийн аялал жуулчлал 819 тэрбум долларын ашиг авчирчээ.  2020 он гэхэд энэ тоо 1,589 их наяд долларт хүрэх төлөвтэй байна. 

Ажил хэргийн аялал жуулчлалын дэлхийн холбооноос (Global Business Travel Association; GBTA) мэдээлснээр 2014 онд энэ салбарын номер нэг орноор АНУ шалгарчээ. Гэхдээ 2015 онд Хятад улс гүйцэж түрүүлж, зах зээлийнх нь хэмжээ 309 тэрбум доллар болох урьдчилсан тооцоо гарчээ. 

Ажил хэргийн аялал жуулчлалд зуучлах бизнес 1950-иад онд үүсчээ.

Хоёр зууны зааг дээр ажил хэргийн аялал жуулчлалын салбарт том хэмжээний төвлөрөл бий болов. Өнөөдөр энэ зах зээлийн 90 хувийг 10 хан компани эзэлдэг.  Хэдийгээр олон компани ажилладаг ч Америк, Европ, Азид ердөө 5 том лидер компани байдаг. Их тавд American Express, Carlson Wagonlit Travel, Kuoni Group, Hogg Robinson Group,  BCD Holdings компаниуд ордог.

American Express 1850 онд аялал жуулчлалын агентлаг маягаар байгуулагджээ. Эдүгээ банкны карт, замын чек, санхүүгийн үйлчилгээ, ажил хэргийн болон ганцаарчилсан аялал гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр ажилладаг. 

Carlson Wagonlit Travel компани 1872 онд төмөр замын вагон дахь үйлчилгээг сайжруулах зорилготой үүсчээ. Өнөөдөр ажил хэргийн аялал жуулчлалын чиглэлээр Европ, Латин Америкт нэгдүгээрт, Хойд Америк, Азид хоёрдугаарт ордог. 

1906 онд байгуулагдсан Kuoni Group үйлчлүүлэгч болгоныг дээд хэмжээнд халамжлах ёстой гэсэн зарчим баримталдаг. “All inclusive” буюу бүгдийг багтаасан үйлчилгээ явуулдаг. Өөрөөр хэлбэл билет, болзошгүй аюулын даатгал зэргийг нэг дор шийддэг. Салбартаа зургадугаарт ордог.

Hogg Robinson Group нь 1845 онд байгуулагдсан бөгөөд Баруун Европод хүчтэй. Жилийн хөрөнгийн эргэлт нь 1,8 тэрбум доллар. Харин  BCD Holdings нь харьцангуй залуу, 2006 онд байгуулагдсан. Борлуулалтын хэмжээ нь 2013 онд 21,3 тэрбум доллар болжээ.

Ажил хэргийн аялал жуулчлалыг зохион байгуулах онцлог

Дэлхийн практикт ажил хэргийн аялал жуулчлалыг мэргэжлийн агентлагууд  (Travel Management Company, TMC) зохион байгуулдаг. Том агентлагууд дотроо хэд хэдэн хэлтэстэй бөгөөд голдуу ажил хэргийн аялалын хэлтэс, визний хэлтэс, билет захиалгийн хэлтэс, чуулган, семинар, үзэсгэлэн зохион байгуулах хэлтэс, түүнчлэн ганцаарчилсан аялалын хэлтэс гэж хуваагддаг. Нэг хэсэг нь гадаад хэлний өндөр мэдлэгтэй, консулын газруудтай амархан ойлголцдог байхад нөгөө хэсэг нь хөтөлбөр зохиоход мэргэшсэн байх жишээтэй. Гэхдээ эцсийн үр дүн бүх хэлтсийн хамтын ажиллагаанаас гарна .

Ажил хэргийн аялалаар явж буй хүн дараах зүйлсийг шаарддаг:

-          Онгоцны цагийн хувиар, рейсүүд аяллын үйл явцтай тохирох

-          Зарим уулзалт, хэлэлцээрүүд хойшилдог учраас торгууль төлөхгүйгээр нислэгийн цагаа өөрчлүүлэх

-          Хурлын заал, зочид буудалд найдвартай интернет холболт байхаас гадна бизнес төвийн үйлчилгээг 24 цагийн турш өрөөнөөсөө авах

-          Зочид буудал, нисэх онгоцны буудал, арга хэмжээ болж буй газар хоорондоо ойрхон байх

Олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж буй орны хувьд арга хэмжээг зохиох газрын байрлал чухал байдаг. Улс орнууд голдуу арга хэмжээ зохион байгуулахын хажуугаар аялал жуулчлалын үндсэн салбартаа орлого оруулах боломжтой хувилбарыг сонгодог. Тухайлбал Индонезийн нийслэл Жакартад хотод Бали, Сулавеси, Борнео зэрэг газруудад ихэвчлэн зохион байгуулдаг. Учир нь эдгээр газрууд аялал жуулчлалын идэвхтэй бүсэд байрладаг. Балид хуралд оролцсон хүмүүс үзэсгэлэнт байгальтай танилцана, Сулавесид усанд шумбаж болно, Борнеод очвол серфингээр гулгана гэх мэт. Аль ч бизнес төвд очсон гольфийн тэмцээн, том хэмжээний үдэшлэг зохион байгуулдаг.  Нэг үгээр хэлбэл хуралд ирсэн хүмүүс уйдахгүй гэсэн үг.

Индонезийн Балид дэлхийн олон том чуулга уулзалтууд болдог.