"Олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч бусдыг гутаан, доромжилж болохгүй"
Сайд нарын V бага хурлыг Улаанбаатар хотноо тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
2015.04.29

"Олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч бусдыг гутаан, доромжилж болохгүй"

Монгол Улс "Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаатай холбогдуулан эвслийн Сайд нарын V бага хурлыг Улаанбаатар хотноо тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Бага хуралд 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшил, түүний дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Эмнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын 300 гаруй хүн оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа ажээ.

Хүний үндсэн эрх, эрх чөлөөг ялангуяа, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх, нэр төр, хувийн нууцаа сахин хамгаалах, нийгмийн амьдралд оролцох эрхийг цахим орчинд хамгаалах, баталгаажуулах, интернэтийн найдвартай, хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилгын үүднээс “Интернэтийн бодлого Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага" сэдвийн хүрээнд “Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба ил тод байдал, Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг өргөн хүрээний асуудлыг энэхүү Бага хурлаар хэлэлцэх юм байна.

Ази тивд анх удаа хуралдаж буй “Онлайн эрх чөлөө” эвслийн бага хурлыг угтаж зохион байгуулагчдын зүгээс бага хуралд зориулсан бэлгэдэл, вэб хуудас, "Insider” сэтгүүлийн тусгай дугаар, “Онлайн эрх чөлөө” сэдэвт шуудангийн блок марк, “Монгол улсын интернэт орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ.

Судалгааны дүнг “Онлайн эрх чөлөө” эвслийн бага хурлын үеэр танилцуулах юм байна.

“Торгоны зам сан” ТББ-ын ахлах судлаач Ц.Мөнхбат: “Гадаад Хэргийн Яамны санаачилга, Канадын элчин сайдын яамны санхүүжилтээр Монгол Улсын интернэт орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сэдэвт судалгааг хийж гүйцэтгэлээ. 

Дэлхийн хэмжээнд цахим эрх чөлөөний индексийг гаргаж байгаа олон байгууллагууд байна. Одоогийн байдлаар манай улс тэдгээр индексүүдэд хамрагдаагүй ч Ази тивдээ цахим эрх чөлөө буюу интернет орчин дахь эрх чөлөө хангалттай орнуудын тоонд ордог.Гэхдээ бидэнд асуудал байгаа.Твиттерт үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээж, Фэйсбүүк дээр мэдээлэл оруулсныхаа төлөө бас шүүхэд дуудагдаж байна.

Энэ асуудал хоёр талтай хүмүүс олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ бусдын нэр хүндийг гутааж, доромжилж болохгүй.Үүн дээр эрхзүйн зохицуулалт өгүүлэгдэж байна.  Ялангуяа бусдын алдар хүндийг гутаан доромжлох асуудал нь эрүүгийн хуулиар бус иргэний эрхзүйн харилцаагаар зохицуулагдаж явах ёстой гэсэн НҮБ-ын зөвлөмж гарсан байгаа.  Энэ чиглэлээр интернэт орчин дахь хүн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь Монгол Улсад ямар байгаа вэ гэдгийг судаллаа” гэлээ.

Бага хурлыг Монгол Улсын Гадаад Хэргийн Яам, Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцааны Газар, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө холбоо” зэрэг төр, засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагууд, харилцаа холбооны салбарын компаниуд хамтран зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Онлайн эрх чөлөө эвслийн V бага хуралд оролцож үг хэлэх бөгөөд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Ази тив дэх интернэт орчин, сайн туршлага” сэдвээр илтгэл тавьж, бага хурлыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэхээр төлөвлөжээ.