Ц.Даваасүрэн: Тавантолгойн гэрээний төслийг яаран хэлэлцэж болохгүй
УИХ дахь Бие даагчдын зөвлөл
2015.04.27

Ц.Даваасүрэн: Тавантолгойн гэрээний төслийг яаран хэлэлцэж болохгүй

УИХ дахь Бие даагчдын зөвлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэ долоо хоногт Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, Тавантолгойн орд газрыг эргэлтэд оруулах гэрээний төсөлд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Тавантолгойн гэрээний төслийг түргэвчилсэн горимоор хэлэлцэх боломжгүй. Тавантолгойг ашиггүй ажилласан мэтээр ярьж байгаа. Гэтэл энэ компани Хятад руу гаргаж буй нүүрсийн 40 хувийг нийлүүлсэн байгаа юм. Ер нь ашиггүй ажилласан мэтээр ярьж бичиж байгаад хувьчилдаг жишиг байх шиг байна. Тавантолгойн болон хөрөнгө оруулагч компаниудтай холбоотой хэд хэдэн асуудлыг дахин нягтлах шаардлагатай. Оюутолгойн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь  зөв. Гэхдээ 100 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 төгрөгийг авч үлддэг төсөл байхыг  бид хүсээгүй. Эхний хөрөнгө оруулалтын үр дүнг тооцох, гарсан алдаа байвал баримт нэг бүртэй нь танилцах, Засгийн газар ямар дүгнэлт хийж, алдаагаа засч залруулж байгаатай танилцана. Алдаа гарсан бол Уул уурхайн сайдаас Засгийн газрыг хүртэлх хариуцлагын асуудлыг хөндөнө” гэв.

 

Харин тэд “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Худалдааны тухай хуулийг төслийг дэмжиж байгаа аж.