Ажилчдаа үндэслэлгүй халсан гэх сайд нарыг байлцуулж тайлбар авна
Өргөдлийн байнгын хороонд ажлаас үндэслэлгүй халагдсан гэх 129 өргөдөл иржээ.
Өргөдлийн байнгын хороо ойрын өдрүүдэд халаа сэлгээний асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, гэнэт халагдсаны тэтгэмжид 20-30 тэрбум төгрөг зарцуулах тооцоо үнэн бодитой эсэхийг Сангийн яамны төлөөллийг байлцуулан асуух юм байна. Мөн төрийн албан хаагчийг ажлаас хоморголон халсан гэх асуудлаар Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны удирдлагаас тайлбар авах гэнэ.
Одоогоор Гадаад хэргийн яамны дарга нарыг дуудаж оролцуулах тухайд хараахан шийдвэр гараагүй байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс гаргасан төрийн мэргэшсэн албан хаагчдыг халахгүй байх тухай заавар зөвлөмжийн биелэлтээр дээрх яамныхнаас асуулга авах аж.