Ирээдүйдээ үлдээх бидний өв
2013 оны байдлаар 50 гаруй улсын 70 орчим баялгийн сан олон улсад үйл ажиллагаа явуулж байгаагаас идэвхтэй нь 34.
2015.04.16

Ирээдүйдээ үлдээх бидний өв

Байгалийн хий, газрын тосны баялагтаа тулгуурлан хөгжсөн хамгийн сонгодог жишээ бол Норвеги.

Харин эсрэгээр нэгэн цагт нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд хамгийн өндөр орлоготойд тооцогдож байсан Науру арлынхан арлаа орхин нүүж дүрвэхэд хүрсэн гашуун түүх бий. Мөн уран, газрын тос, алмаз, нүүрсний асар их баялагтай Нигер улс өдгөө дэлхийн хамгийн ядуу, дорой буурай хөгжилтэй төдийгүй дайн самууны хөлд нэрвэгдэж хамгийн аюултай орны тоонд багтаад байгаа.  

Хэдий бидэнд ийм болохгүй гэх баталгаа байхгүй ч шинж тэмдэг нь аль хэдийн илрээд эхэлсэн.Манай эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай бөгөөд өнгөрсөн онд экспортын 89.2 хувь, төсвийн орлогын 17 хувь, ДНБ-ий 18.6 хувийг дангаар бүрдүүлсэн. Тиймээс одоогийн экспортын орлогодоо сэтгэл ханаад суулгүй менежментийг нь сайжруулан ирээдүйгээ бодох нь чухал болоод байна.

Яг үүнтэй уялдсан “Ирээдүй өв сангийн тухай” хуулийг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс УИХ-д өргөн мэдүүлсэн нь популист гэхээс илүүтэйгээр нийгмийн шаардлага, дэлхий нийтийн хандлагаас урган гарч байгаа юм.

Дэлхийд анх Баялгийн сан гэх ойлголтыг 1953 онд Бүгд Найрамдах Кувейт Улс “Кувейтийн хөрөнгө оруулалтын зөвлөл” нэртэйгээр үүсгэн байгуулснаар олон нийт мэдэх болсон. Харин 2013 оны байдлаар 50 гаруй улсын 70 орчим баялгийн сан олон улсад үйл ажиллагаа явуулж байгаагаас идэвхтэй нь 34. Тиймээс манайх шиг байгалийн баялагтаа тулгуурласан эдийн засагтай орны сайн жишээнүүдээс суралцах хэрэгтэйг мэргэжлийнхэн хэлж байгаа.

Нигерт Боко Харам хэмээх зэвсэгт бүлэглэл байгуулагдан иргэний дайнтай байгаа

Бид 37 жилийн өмнө ах нартайгаа нийлж Эрдэнэт үйлдвэрийг барихад одоогийн асуудал үүсгээд байгаа хоёр толгойн нөөц судлагдсан байж л таарна. Гэхдээ тэд ширхэг ч шороог нь хөдлөхгүйгээр бидэнд үлдээсэн нь бодитоор баялгийн сан гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Гэтэл стратегийн чухал орд газруудаар дамжуулж улстөр хийж өөрсдийн баялгаа үнэгүйдүүлэн хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа нь дотоодын эдийн засагт муугаар нөлөөлдөг.

Харин “Ирээдүй өв сан”-ийн тухай хуулийн төсөлд тусгагдсанаар сангийн эх үүсвэрийг дотоодод ашигт малтмал олборлож, боловсруулж байгаа хуулийн этгээд буюу аж ахуй нэгжийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн жилийн суурь орлогоос давсан хэсгийн 20 хувь болон бусад орлогуудаас бүрдүүлэх аж. Үүнийг 2030 он хүртэл хуримтлуулж түүний дараагаар 20 хувийг нь улсын төсөвт суутгахаар тусгажээ.

Энэ нь зөвхөн хуримтлалтай холбоотой бодлого биш давхар Монголбанкны валютын нөөцийг дэмжсэн гэдгийг хуулийн танилцуулга хэлэлцүүлгийн үеэр эдийн засагчид хэлсэн.

Баялгаа ард түмэндээ хамгийн зөвөөр хувиарласан Дэлхийн сонгодог жишээ нь Норвеги улс

Түүнчлэн хуулийн төсөлд 2030 он гэхэд Баялгийн санд 46 орчим их наяд төгрөг хуримтлагдахаас 24 их наяд нь уул уурхайн салбараас төсөвт оруулсан орлогоос нь тусгаарлаж авсан хувь, харин үлдсэн 21 их наяд нь санг эргэлдүүлж хуримтлуулсаны үр дүнд олно гэж Сангийн яамны мэргэжилтнүүд тооцжээ.

Гэхдээ ингэхийн тулд 2018 оноос эхлэн жил бүр уул уурхайн төсөвт төвлөрүүлсэн орлогоос 500 орчим тэрбум төгрөгийг Баялгийн сандаа байршуулснаар дотоодын эдийн засагт нийлүүлсэн мөнгийг татаж Монголбанкинд байршуулах боломж давхар бүрдэнэ.

Ингэснээр цуглуулсан хөрөнгөө валютаар хадгалан арвижуулж дотоодын валютын нөөцөө нэмэгдүүлвэл эдийн засагт эерэг нөлөөг үзүүлэх шинэ тогтолцоо бүрдэнэ. Гэхдээ бид үүнийг заавал хуульчлах шаардлагатай юу гэдэг асуудал байгаа юм. 2013 оны байдлаар 50 гаран улсын 70 орчим баялгийн сан олон улсад үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 34 сан нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Тэдгээрийн 14 сангийн хууль эрх зүйн орчинг судлахад 57% нь хууль батлагдсанаар, 14%,  компанийн тухай хууль болон ерөнхийлөгчийн зарлигаар үйл ажиллагаа явуулдаг бол үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба Төсвийн хариуцлагын тухай хуулиар тус тус нэг сан байгуулагджээ.

“Ирээдүй өв сан”-ийн тухай хуулийн хувьд нь 7 бүлэг 42 зүйлтэй.

Хэрвээ эдгээр туршлага дээр үндэслэгдэнэ гэвэл хуульчлах шаардлага бий. Манайх шиг төр засаг нь дөрвөн жилээр солигдож шинээр сонгогдсон хэд нь нийлээд өмнөх засгийн ажлыг нь үгүйсгэдэг бугшсан системтэй оронд урт хугацааны асуудлыг хөндсөн ийм асуудлыг зайлшгүй хуульчлах хэрэгтэй. “Ирээдүй өв сан”-ийн тухай хуулийн хувьд нь 7 бүлэг 42 зүйлтэй.

Түүнчлэн “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн  5.1.5-д заасан “үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх санаа ч хуулинд давхар тусгагджээ.

Уг нь хаврын чуулганы хэлэлцэх хуулийн жагсаалтанд нэлээд дээгүүр бичигдэж байсан ч Казиногийн тухай хуулинд даруулсныг УИХ-ын гишүүн Л.Болд хуралдааны үеэр нэлээд шүүмжлэлтэй хэлсэн. Үнэхээр эх орныхоо ирээдүйг бодсон хуулийн төсөлд анхаарлаа хандуулалгүй цаг үеэ олоогүй мөртлөө лоббины хуулиудыг түрүүлж хэлэлцээд байгаа нь  байрлал нь буруу гэлтэй. Ямартай хэлэлцэх үгүйг тэд л шийддэг шүү дээ.