Г.Шийлэгдамба АН-ынханд мэндчилгээ дэвшүүлэв
Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2015.04.08

Г.Шийлэгдамба АН-ынханд мэндчилгээ дэвшүүлэв

Ардчилсан хувьсгалын түүчээ болж яваа Ардчилсан намын үе үеийн гишүүд, ахмадууд, залуу үеийнхэн, удирдлагуудад 25 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсад Ардчилал үүсч хөгжөөд 25 жилийг ардаа орхижээ. Ардчиллын үрээр олон намын тогтолцоо бүрдэх үндэс суурь тавигдсан. Энэ хугацаанд аль ч нам алдаа оноотой олон саад бэрхшээлийг туулсан. Жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө бид хамтдаа тэмцсэн. Тэмцэл маань үргэлжилсээр байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл одоо АН-тай хамтран Засгийн газарт ажиллаж байна. Ардчиллын үнэт зүйл болсон Монгол иргэн бүрийн сайн сайхан ирээдүйн төлөө бид эв эеийг хичээх хэрэгтэй. Бидний хамтын ажиллагааны үндсэн чиг шугам хэзээ ч хазайх  ёсгүй.

Аль ч намын эцсийн зорилго нэг. Бид хүн амын дийлэнх хувь нь дунджаас дээгүүр орлоготой, үр хүүхдүүд минь ирээдүйдээ итгэлтэй, ахмад буурлууд минь сэтгэл амар байх тийм л ирээдүйг эцсийн зорилгоо болгож эх орноо хамтран чиглүүлж байна.

Ардчилсан нийгэмд айдас, авлига, аливаа хэлмэгдүүлэлт байх ёсгүй. Ардчилсан нийгэмд төр аз жаргал, шударга ёс, эв нэгдэл байх ёсой. МАХН ийм нийгмийн төлөө, ийм ардчиллын төлөө ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нь гагцхүү ардчиллын үнэ цэнэ, мөн чанар. Бидэнд алдах, эсвэл ухрах эрх байхгүй.

Эх орныхоо ирээдүйн төлөө нэгэн зорилго дор нэгдэн ажиллаж байгаа Ардчилсан намын удирдлагуудад, нийт гишүүд дэмжигчдэд та бүхэнд дахин баярын мэнд хүргье. Өмнөхөөсөө илүү ололт, өнөөдрөөс илүү ирээдүйн төлөө зүтгэцгээе.

Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба